2008.01.01

Намууд мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэн засаж СЕХ-нд бүртгүүлэв

Улс төрийн гурван нам Сон­гуулийн ерөнхий хороонд бүрт­гүүллээ. Ардчилсан нам, Монгол ардын нам, Иргэний зориг, ногоон намын удирдлагууд өчигдөр ар араасаа Сонгуулийн ерөнхий хороогоор орсон юм.

Эхлээд АН-ынхан өдрийн 12 цагийн орчимд тус газарт хүрэлцэн очив. Намаа бүртгүүлэхээр намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий на­рийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Батж.Батбаяр, Х.Тэмүүжин, С.Эр­дэнэ, Ч.Сайханбилэг, Р.Гон­чиг­дорж нарын 20 гаруй хүн хүрэлцэн ирсэн байв. Тэдний сонгуульд оролцох хүсэлт бүхий албан ёсны баримт бичгийг СЕХ-ны дарга Н.Лувсанжав, ерөнхий нарийн бичгий дарга Ч.Содномцэрэн нар хүлээн авсан юм.

Ийн АН-ынхан СЕХ-нд бүрт­гүү­лээд дараахь мэдээллийг өглөө. Тус намын дарга Н.Алтанхуяг хэ­лэхдээ "Өнөөдөр АН СЕХ-нд хан­даж сонгуульд оролцох албан ёсны бичиг баримтаа өглөө. Манай сонгуулийн  мөрийн хөтөлбөрийг иргэд маш их сонирхож байх шиг байна лээ. Бидний баримталж байгаа гол зарчим бол Монголд өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс АН энэ бүхнийг хийх болно. Монголд хариуцлага шу­дарга ёс тогтоох зайлшгүй хэрэгтэй байна. Үүнийг ярихгүйгээр хүний хөгжлийн тухай, эдийн засгийн хувьсгалын тухай ярих хэрэггүй. Монгол хүн Монголдоо ихэмсэг бөгөөд чинээлэг амьдрах эрхтэй. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тө­лөө иргэн бүр ажил хийдэг хөдөл­мөр­лөдөг байх ёстой. Түүнийхээ үр шимийг хүртдэг, бүтээмжийг амсдаг байх хэрэгтэй. Энэ чиглэлийг мө­рийн хөтөлбөртөө оруулсан бай­гаа" гэж танилцуулав.

Харин сэтгүүлчид тэднээс "Та­най намын мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн тухай хуульд хар­шилсан байна гэж үзсэн гэсэн. Ямар заалтууд нь хуульд ний­цээгүй вэ" гэхэд "Манай намын мөрийн хөтөлбөрийг ерөнхийд нь хуульд нийцэж байна гэж үзсэн. Яахав зарим бага зэргийн зүйлийг нь засах шаардлагатай байна үүнийгээ хяна гэсэн мэдэгдэл ирүүл­сэн. Нийт 17 заалтыг хуульд нийцүүл гэсэн байсан юм. Тэд­гээрийг бид өчигдөр өөрчилж, ал­даа мадгийг арилгасан" хэмээн өгүүллээ.

Харин АН-ынхныг тус газраас хөдлөөд таван минут ч болоогүй байхад МАН-ынхан морилов. Тус намаас МАН-ын дарга Сү.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар, НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нарын бүрэл­дэ­хүүн­тэй 10 орчим хүн хүрэлцэн ирлээ. Өмнөхийн ижил СЕХ-ны дарга нар намын даргаас хүсэл­тийг нь хүлээж аван МАН-ыг СЕХ бүртгэсэн юм.

Бүх хэвлэл мэдээллийн бай­гуул­лагынхан МАН-ын удирд­ла­гуу­дыг даган дотогш орсон тэр агшинд СЕХ-ноос ИЗНН-ынхан гарч ирсэн юм. ИЗНН-ын дарга С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү нар энэ өглөө эртлэн ирж дотогш нэвтэрсэн байжээ. Ийн өг­лөө эртлэн ирсэн ч хэсэг хугацаанд хүлээж АН-ыг бүртгүүлсний дараа СЕХ-ны удирдлагуудтай уулзсан байна. Харин МАН-ынхныг ороход гарч таарсан хэрэг. Тэд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага ч өгөл­гүй дурсгалын зураг татуулаад явахаар зэхсэн юм.

Энэ мөчид МАН-ын удирд­ла­гууд мөн л сэтгүүлчдийг дагуулсаар гарч ирэхэд ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү "Эд нарын шоуг үзэлтэй биш. Хэдүүлээ ч явах уу даа" гэсээр нөхдөө да­гуулсаар одов.

Ингээд МАН-ын дарга Сү.Бат­болд мөрийн хөтөлбөрийнхөө ерөнхий агуулгыг танилцуулав. Түүний хэлснээр МАН-ын мөрийн хөтөлбөр төгс төгөлдөр болсон ажээ. Ер нь Монгол Улсыг ирэх жилүүдэд үсрэнгүй хөгжүүлэх бод­логыг тууштай баримталж хөтөл­бөртөө тусгасан гэнэ. Харин тус намын мөрийн хөтөлбөрт АУДИТ-ын газар дүгнэлт хийж "ирэх жил цалинг 1.3 сая төгрөг болгоно" гэх мэт олон зүйл заалт Сонгуулийн хуулийг зөрчсөн байна гэсэн дүг­нэлтийг гаргасан тухай асуудалд намын дарга "Тийм зүйл байхгүй. Манай намын мөрийн хөтөлбөр Сонгуулийн хуулийг огт зөрчөөгүй" гэж хариуллаа.

Ийн өнөөдрийн байдлаар эрх баригч хүчнүүдээс эхлээд нийт найман улс төрийн нам хоёр эвсэл сонгуульд оролцохоор СЕХ-нд бүртгүүлээд байгаа ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.