Шүүхийн захиргааны асуудлыг нээлттэй үлдээлээ
2008.01.01

Шүүхийн захиргааны асуудлыг нээлттэй үлдээлээ

Хууль зүйн байнгын хорооны тавдугаар сарын 09-ний Лхагва гарагийн хуралдаанаар шүүхийн шинэтгэлийн хүрээнд боловсруулж буй багц хуулийн нэг хэсэг болох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд болон дагалдах бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Одбаяр эдгээр төсөл дээр ажилласан Ажлын хэсгийн гишүүд болон тус хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Шүүхийн захиргааны тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор гишүүдийн дунд шууд санал хураалт явууллаа. Төсөлд зарчмын зөрүүтэй 48 саналын томьёолол болон найруулгын чанартай хэд хэдэн санал байсан бөгөөд 16 дахь санал буюу Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн бүрэлдэхүүний тухай асуудал дээр гишүүд болон Ажлын хэсгийнхний дунд нэлээд яриа өрнөсөн юм. Тухайлбал, “Ерөнхий зөвлөл нь дарга, 4 гишүүнээс бүрдэх бөгөөд түүний бүрэлдэхүүнд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхээс томилсон тус бүр нэг хүн багтана” гэсэн төслийн заалт шүүхийн хараат бус байдал, шүүгчийн бие даасан байдлыг хангах, шударга ёс, хүний эрхийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх эсэх асуудлаар олон гишүүн санал бодлоо илэрхийлсний дотор шүүгчийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудлаар шийдвэр гаргадаг энэ байгууллагад хөндлөнгийн нөлөө аль болохоор бага байх ёстой гэдэг дээр З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одбаяр нарын гишүүд санал нэгдэж байв.

Мөн ШЕЗ-ийн дарга, гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох саналын тухайд Ажлын хэсгийнхэн энэ заалт уг хуулийнхаа зорилгод нийцэж байгаа эсэхэд эргэлзэж, шүүгчид болон шүүхийн захиргааны томилгоо Ерөнхийлөгч гэсэн нэг институцээс хараат байдалд орох вий хэмээн болгоомжилж байлаа. Нэлээд маргаан дагуулсан энэ асуудал дээр Байнгын хорооны дарга Д.Одбаяр байр сууриа илэрхийлэхдээ:- ШЕЗ-ийн гишүүн байсан хүмүүс ч бидний дунд байгаа. Гишүүд маань янз бүрийн санаагаар энэ асуудалд хандаж байгаа, түүнийгээ ил гаргаж ярих ёстой.

ШЕЗ-өөс гаргасан бүх санал дараагийн шатандаа биелдэггүй, Ерөнхий зөвлөлөөс нэр нь гарсан мөртлөө томилогдож чадаагүй шүүгчид өнөөдөр ч байгаа шүү дээ. ШЕЗ-ийн бүрэлдэхүүний асуудал өнөөдөр бидний хэлэлцэх нэг номерын асуудал гэж би бодохгүй байна. Шүүх засаглалыг жинхэнэ утгаар нь тогтоож, шударга ёс, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө хийж буй шүүхийн шинэчлэлийн гол асуудал нь энэ биш. Шүүх засаглалыг засаглалынх нь хувьд бие даасан байдлыг нь хангах, шүүхийн шинэчлэл хийх талаасаа төсөлд олон сайн зүйл байгаа ч энэ асуудлаа Ажлын хэсэг дээр дахин сайтар ярилцаж, дараагийн хэлэлцүүлэгт нээлттэй орхиё гэлээ.

Үүний дараа Эвлэрүүлэн зуучлалын тухай, хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 51 саналын томьёолол, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 26 саналын томьёоллоор гишүүдийн дунд санал хураан дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх төслүүд дэх зарчмын зөрүүтэй 120 гаруй саналын томьёоллоор гишүүдийн саналыг хурааж, Шүүхийн захигааны тухай хуулийн төслийг Ажлын хэсэг дээр дахин нягтлан хэлэлцэхээр анхны хэлэлцүүлгийг нээлттэй үлдээлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.