2008.01.01
Гадаадад байгаа иргэдийн сонгуулийн тов гарлаа
Гадаадад байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх тухай асуудлаар хэвлэлийн бага хурал 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагт ГХЯ-нд болов.
Монгол Улсын ДТГ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах, ажлыг зохион байгуулах комиссын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл хийж сурвалжлагчдын асуултад хариулав.
Хэвлэлийн хуралд комиссын нарийн бичгийн дарга, ГХЯ-ны ТЗУГ-ийн захирал Б.Баярсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов. Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан билээ.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар үүрэг болгосны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын хамтарсан шийдвэрээр “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам” –ыг батлан хэрэгжүүлж байна.
Гадаадад байгаа иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 07-20 цагт авахаар тов гарлаа. Үүний дагуу холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Комиссыг ГХЯ-ны дэргэд, Салбар комиссуудыг нийт 40 Дипломат төлөөлөгчийн газарт тус тус байгуулсан.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт ДТГ-уудад 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 09-18 цагийн хооронд сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагааг эхлүүлээд байна. Иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт хандан өөрийн иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортаа түүний хуулбарын хамт авчран УИХ-ын сонгуульд оролцож, саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлнэ. Ингэснээр тухайн бүртгэлд хамрагдсан иргэний хувьд сонгуульд саналаа өгөх эрх нь нээгдэх юм. Энэ бол иргэдийн санал давхцах, гээгдэх болон бусад будлиан үүсэхээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ юм.
Гадаад харилцааны яам болон хилийн чанадад суугаа ДТГ-ууд нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдлэхэд нь иргэдэд таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гадаадад байгаа иргэдийн хувьд СЕХ-оос баталсан саналын хуудсаар зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгнө.
Гадаадад байгаа иргэдийн саналын нууцлал, битүүмжлэлд тусгайлан анхаарсан бөгөөд иргэн саналын хуудсанд саналаа тэмдэглэсний дараа тусгай дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Гадаадад байгаа иргэдийн өгсөн саналыг Монгол Улсад санал авах өдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл битүүмжлэн хадгалах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ, ГХЯ болон Монгол Улсын ДТГ-уудын цахим хуудаснаас болон 261790, 261453 дугаар утсаар холбогдон авч болно. ГХЯ-ны ОНХГ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.