2008.01.01

Ерөнхий сайдын томилолтын мөрөөр хийх ажил 94 хувийн биелэлттэй байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн хугацаанд бүх аймагт ажиллан орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж төр, засгийн бодлого, шийдвэр, зорилтын талаар мэдээлэн, тэдний санал, хүсэлтийг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэж байсан билээ.

Ерөнхий сайдын томилолтын мөрөөр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Сайдын танилцуулгаас үзвэл 120 заалт бүхий төлөвлөгөөний 113 заалт нь бүрэн хэрэгжсэн байна.

Тухайлбал Баян-Өлгий аймгийн Даян, Улаан-Уулын хилийн боомтоос Цагааннуур, Улаанбайшинтын боомт хүртэл хатуу хучилттай зам тавих орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтийн дагуу 1.5 тэрбум төгрөгөөр босоо тэнхлэгийн замын ажлыг эхлүүлжээ.

Мөн Улиастай-Доной чиглэлийн 35 км, Хатгал-Мөрөн, Мөрөн-Тэрхийн цагаан нуур чиглэлийн замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах бөгөөд Арвайхээр хотын дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөхөд шаардагдах 3 тэрбум төгрөгийн ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Ховд аймгийн Булган суманд махны үйлдвэр барих хүсэлтийг салбарын яам судлан дэд бүтэц, бусад нөхцлийг тооцон Ховд аймгийн төвд байгуулах болсон, аймгийн төвийн замын шинэчлэл, засварт шаардагдах 4 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн, нэр бүхий аймгуудад Засаг даргын Тамгын газрын барилга, цэнгэлдэх хүрээлэн, сургууль, эмнэлэг, спортын цогцолбор барих болсон, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр томоохон олон ажил хийснийг дурдаж болох юм.

Төлөвлөгөөнд тусгагдсан нийт заалтаас 4 нь хэрэгжээгүй буюу судлах, 3 нь хэрэгжих шатандаа байна. Тухайлбал Дархан-Уул аймагт олон улсын санхүүжилтээр 150 ортой бүсийн хэмжээний Эх, хүүхдийн төв байгуулах ажил хэрэгжих шатандаа байна.

Танилцуулгатай холбогдуулан цаашид хэрэгжээгүй болон хэрэгжих шатандаа байгаа асуудлуудад анхаарч, шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгах, бусад эх үүсвэрт хамруулахыг Засгийн газрын гишүүдэд хуралдаанаас даалгалаа.

Эх сурвалж
ЗГХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.