2012.08.08

Э.Бат-Үүл: Би засаг даргаар томилогдоод бүх гэр хорооллоор явна

-Хотын удирдлага томилогдохгүй байгаа нь хотын ажил зогсоход хүрлээ гэсэн яриа байна?

-Энэ бол буруу юм. Одоо үүргээ гүйцэтгэж байгаа хотын даргад хэн ч саад болохгүй байгаа, үүргээ биелүүлээд л явах ёстой байхгүй юу. Би аль болох хурдан ажлаа аваад ажлаа эхлүүлмээр байна. Дулааны улирал дуусахаас өмнө олон ажил хийхээр төлөвлөж байна.

-Нийслэлийн засаг дарга болоод хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Хамгийн түрүүнд авлигын эсрэг ажил хийнэ дээ. Авлигалгүй Улаанбаатар болохын төлөө ажиллана. Өнгөрсөн хугацаанд байгууллагуудын үйл ажиллагаа доголдоҗ байгаагийн шалтгаан нь авлига, хүнд суртал юм. Тиймээс хамгийн түрүүнд иргэдэд нээлттэй, хүнд сурталгүй, шударга чиглэлийг барьж ажиллана. Мөн зам засварын ажил, замын түгжрэл, гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбогдох эхний айлуудын ажлыг хийж эхэлмээр байна.

-Жил бүр замаа засдаг. Энэ нь манай компаниуд зам засварын ажлыг чанаргүй хийж байгаатай холбоотой юу?

-Зам тавьж байгаа компаниудыг өнөө маргаашгүй шалгалтаар оруулна. Стандартын шаардлага хангахгүй зам тавиад түүнийгээ борооноос болсон гэж шалтаглаад байгаа. Хэрвээ манай компаниуд замаа тавьж чадахгүй, хоноцын сэтгэлээр хандаад байвал гадаадын компанид хандахаас өөр аргагүй. Гэхдээ үндэсний компаниуд тийм зүйлд битгий хүргээсэй гэж хүсмээр байна.

-Хууль бус газар олгох асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Хурлын даргатай яриад бүтээн байгуулалт хийж байгаа барилгын компаниуд болон, тендерт ялсан зам засварын ажлын компаниудын бүх үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгоно. Нийслэлийн газрын албатай хамтраад хууль бус газрыг бүгдийг хураана. Нэн ялангуяа орон сууцны зориулалтаар олгосон газрууд хууль бус байгаа юм. Уг нь оршин суугчдаас зөвшөөрөл авч барилга барих ёстой. Гэтэл оршин суугчдаас зөвшөөрөл авалгүйгээр дарга нар шийдээд барилга барьчихдаг. Энэ бол хууль бус.

-Гэр хороололд ямар ажил хийх вэ?

-Хурлын даргатай яриад бүтээн байгуулалт хийж байгаа барилгын компаниуд болон, тендерт ялсан зам засварын ажлын компаниудын бүх үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгоно. Нийслэлийн газрын албатай хамтраад хууль бус газрыг бүгдийг хураана. Нэн ялангуяа орон сууцны зориулалтаар олгосон газрууд хууль бус байгаа юм. Уг нь оршин суугчдаас зөвшөөрөл авч барилга барих ёстой.

-Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлын хөрөнгийн эх үүсвэр хаанаас гардаг вэ?

-УИХ-ын бүлгийн хэсэг гишүүд уул уурхайн баялагт зорилтот татвар ногдуулж байгаа. Өөрөөр хэлбэл уул уурхайн баялагийг хил дамнуулан экспортлоход тодорхой хэмжээний татвар авдаг. Энэ татварын орлого гэр хорооллыг тохилог орон сууцны хороолол болгоход хангалттай хэмжээний хөрөнгийн үүсвэр байгаа юм.

-Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбохын давуу тал?

-Инженерийн шугам сүлжээг хэвтээ чиглэлд тавих юм бол газар нь үнэтэй болдог. Тэр хөрөнгө оруулалт газарруугаа шингэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн үл хөдлөх хөрөнгө үнэтэй болно.

-Үнэ өртгийн хувьд ямар байх вэ?

-60 айл инженерийн шугам сүлжээнд холбогдчихвол өндөр өртөгтэй байна. Хэрвээ 200 айл холбогдвол өртөг нь гурав дахин буурна. Өөрөөр хэлбэл хичнээн айл холбогдож байна гэдгээрээ өртөг нь гарна.

-100 мянган айлын орон сууцны талаар?

-Энэ хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ. Авто замын дагуу, нийгмийн болон хотын бүх үйлчилгээндээ ойр байршилтай төлөвлөгөөг дахин зохион байгуулалт хийнэ. Одоо хийж байгаа 100 мянган айлын орон сууц тодорхой нутаг дэвсгэр дээр бүх айлын газрыг хурааж аваад барилга барьж байна. Өөрөөр хэлбэл гэр хороололд барих амины орон сууц, нийтийн орон  сууцын талбайг хослуулна.

-Жил бүр л утааг багасгана гээд яриад байдаг. Утааг багасгахын тулд ямар арга хэмжээг авах вэ?

-Нийт утааны 90 орчим хувь нь гэр хорооллолоос гардаг. Тиймээс гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох хэрэгтэй. Гэр хороолол гал түлхээ больчихвол утаа багасна. Өөр ямар ч арга байхгүй. Утааны голомттой газрууддаа энэ ажлаа эрчимжүүлмээр байна.

-Барилгын захуудыг хотоос гаргах асуудлын талаар ярьсан. Энэ талаар?

-Захыг хотоос гаргах асуудал иргэдийн амьжиргаанд нөлөөлөхгүй, хүндрэл учруулахгүй байх ёстой. Алсдаа хотоос гаргана. Зарчмын хувьд зах гэдэг чинь хотын захад байдаг ёстой. Дэлхийн олон орон зах нь хотын захдаа байдаг. Хэдэн жилийн өмнө дэнжийн мянгын зах хотын захад байсан. Одоо бол хотын төв болчихоод байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.