Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдын орон байхгүй
2008.01.01

Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдын орон байхгүй

Өнгөрөгч бямба гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болж, цаг үеийн асуудлаа хэлэлцсэн билээ. Энэ хуралдаанаар шинэ Засгийн газарт ажиллах дэд сайд нарын томилгоог хийнэ хэмээн хүлээгдэж байсан ч тийм зүйл болсонгүй. 


11 яам, 14 сайдтай байсан хуучин бүтцийг 16 яам 19 сайдтай болгон тэлсэн Шинэчлэлийн Засгийн газар одоо дахиад хэдэн дэд сайд төрүүлж, бялууны булан хүртээх бол хэмээн анаж байсан олны сонжоо нэг хэсэгтээ хариултгүй үлдлээ. Тэр ч байтугай шинэ томилгоонд нэрээ бичүүлээд дугаарлаж байсан нөхдийн горь, дэд сайдын суудлыг тэд, эдээр нь хуваана хэмээн “бүлтэрч” байсан эвслийн намуудын наймаалцал л үр дүнгүй болж мэдэх нь. Сураг сонсохнээ өнгөрсөн өдрүүдэд Засгийн газрын түвшинд нэгэн асуудал нууцхан яригдсан байна. Тэр нь ирэх дөрвөн жилд Шинэчлэлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллах тухай. Ардчилсан намаас гарсан энэ санаачилга тодорхой түвшинд нэлээд нухацтай хэлэлцэгдэж, өндөр аваад байгаа тул үүнээс болж дэд сайд нарын томилгооны асуудал хойшилсон бололтой.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүтцийг батлахдаа нэлээд зарим яамдыг тодорхой чиг үүргүүдээр нь задалж, агентлагуудыг нэгтгэн яамны түвшинд аваачсан билээ. Тухайлбал, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам болгон задалж, Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Эрчим хүчний яам, Уул уурхайн яам болгон хуваасан, Эдийн засгийн хөгжийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг шинээр байгуулсан гэх мэтчилэн. Дээрх яамдууд нэгдмэл бүтэцтэй байх үед дэд сайдыг нь Зам тээврийн асуудал хариуцсан, Барилгы хот байгуулалтын асуудал хариуцсан хэмээн хоёр тусад нь томилж, өөр өөр намаас томилдог байв. Харин одоо яамдын бүтцийг задалсан учраас энэ шаардлага үгүй болсон.

Тэгээд ч өнгөрсөн дөрвөн жилд ажилласан дэд сайд нарыг хараад байхад томилогдсон сайдынхаа бодлогыг дэмжиж ажиллахаар дагаж очсон гэхээсээ илүү “бид сонгуульд намаа дэмжиж ажилласан учир бялуу хүртэх ёстой” гэсэн хувийн амбиц, “үүнд албан тушаал өгөхгүй бол болохгүй, хөөрхий” гэсэн өрөвдсөн харцан дор л орж нөхдүүд байлаа. Ялангуяа Ардчилсан нам, Ардын нам хамтарч засаг байгуулсан тул аль алинд нь сандал ширээ хомсдож, үүний уршгаар дэд сайд нар “ихэрлэхэд” хүрсэн билээ. Нэг яамны хоёр дэд сайдыг хоёр нам нэг нэгээр нь амлаж аваад сонгуульд ялагдсан, сайдын суудлаас мултарсан, агентлагийн даргад өрсөлдөөд унасан нөхдүүд дөрвөн жил сандал ширээ бөглөхөөр илгээгдэж байв.

Өөр намаас томилогдсон, ядахдаа л өөртэй нь хамт бодлого төлөвлөж баг болж очоогүй, дээр нь мэргэжлийн бус, зөвхөн улс төрийн томилгоогоор ирж байгаа дэд сайд нарт салбарын сайд нь итгэх итгэхгүй, салбараа мэдэх мэдэхгүйн зовлон их. Угаасаа эрх мэдэл ч багатайн дээр сайд нь хүртэл итгэж ажил хариуцуулахгүй болохоор дөрвөн жил төсвөөс цалинжиж, суудал бөглөхөөс өөр хийх ажилгүй. Хааяа нэгхэн сайдын эзгүйд орлох маягаар хурал цуглаан дээр үг хэлэхээс өөр ажилгүй, өрөө тасалгаа эзэлж, албаны машин хөлөглөн улс төр, хов жив хөөсөн нөхдүүд заримдаа яаман дотор хаясан “бөмбөг” аятай үзэгддэг нь ч нууц биш.

Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар энэ удаа дэд сайд нарын орон тоог халж гэмээнэ шинэчлэлийн том бодлого, нөр их ажилд нь чөдөр тушаа багатайгаас гадна олон нийтийн зүгээс ч талархал хүлээхүйц алхам болох нь тодорхой. Үүнээс гадна дэд сайд нарын орон тоог халахтай зэрэгцээд төрийн албан хаагчийн дүрээр улс төрийн санхүүжилт хийж суудаг, яамныхаа сайдаас илүү эрх мэдэлтэй, өөр хоорондоо сүлжээтэй болчихсон төрийн нарийн бичгийн дарга нарын эрх мэдлийг задлах тухай асуудал ч бас хөндөгдөх сураг байна. УИХ дээр ч орж ирээд сууж л байдаг, санхүү мөнгөн дээр ч гарын үсэг зурж л суудаг, дотоод томилгоо руу ч орж л байдаг “арван гартай” төрийн нарийнуудын эрх мэдлийг задалж, чиг үүргийг нь оновчтой, хариуцлагыг нь тодорхой болгож өгвөл аятай юу.

Хэрвээ энэ яриа хэлцэл урагштай болж, албан ёсны шийдвэрт хүрч чадвал Ардчилсан нам тэргүүтэй шинэ Засгийн газрын удаах томилгооноос болгоомжилж, “Ээлжит сонгуулийн бялуу хуваалт хэзээ дуусах юм бол доо. Дахиад л баахан улс төржүүлээд, хамаг ажил самраад хаячих вий дээ” хэмээн харж байгаа олон нийтийн хардлага арилж, Шинэчлэлийн Засгийн газар төрийн мэргэшсэн, тогтвортой албыг бий болгохын төлөө эрсдэл гаргаж, шинэтгэл хийж чадлаа гэдэг эхнийхээ “оноог” авах болно. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газраас дэд сайдын орон тоог халья.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.