О. Чулуунбат: "...Сэлэнгэ аймгийн бүх сум руу теннисний ширээ явуулсан."
2010.06.15

О. Чулуунбат: "...Сэлэнгэ аймгийн бүх сум руу теннисний ширээ явуулсан."

tennis

УИХ-ын гишүүн О.Чулуунбат-д хандан иргэдээс ирсэн асуултуудын дагуу хариулт авлаа.

-Та тойрогтоо ямар зүйл амласан билээ?

-Миний хувьд өөрийн тойргийн иргэддээ хийж өгөхийг хүссэн, хөтөлбөртөө тусгасан гол зүйл бол жижиг бизнесүүдийг дэмжиж өгөх байсан. Тэднийг аль болох мөнгөтэй залгуулъя, санхүүтэй залгуулъя, банкны зээлтэй залгуулъя гэсэн зорилготой байсан. Ингэх л юм бол тэд маань өөрөө өөрсдийгөө аваад явах чадвартай, амьжиргаагаа дээшлүүлж, орлогоо нэмэгдүүлэх бололцоотой болно. Тэдний зүгээс ч гэсэн ийм л хүсэлт тавьдаг байсан.

-Одоогоор хэр амжилттай явагдаж байна? Та 1 тэрбум төгрөгийн төсвөө юунд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Засгийн газар бол бизнесийн орчинг олигтой сайжруулахгүй л байна. Энэ хямрал ч биднийг нэрвээд авлаа, үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ ч авч чадсангүй. Би бол УИХ-ын гишүүн бүрд өгдөг 1 тэрбум төгрөгийг аймгийн данс руу хийчихдэг. Тэгээд аймгийн Иргэдийн Хурал хуралдаад, аль аль суманд ямаршуу санхүүжилт хийхээ шийддэг. Би бол тэр мөнгөөр сургууль, эмнэлэг, цэцэрлэг битгий засаарай, тийм зүйлд санхүүжилт хийх мөнгө биш шүү гэсэн ганц нөхцөл тавьсан. Иргэдийн л жижиг өрхийн аж ахуйг санхүүжүүлээрэй, бизнесийг нь санхүүжүүлээрэй, тариалангийн ажлыг нь санхүүжүүлээрэй, хүнсний ногоо тарихыг нь санхүүжүүлээрэй, малаа үржүүлэх, борлуулах, наймаалах бизнесийг нь эсвэл жимс жимсгэнээ ургуулах ажлыг нь санхүүжүүлээрэй гэж хэлдэг. Нэлээн сайн хэрэгжиж байгаа. Саяхан Сэлэнгэ аймгийн засаг даргаас энэ ажил хэрхэн хэрэгжиж байгаа талаар тайлан авсан. Би бол сэтгэл өндөртэй байгаа.
-Бизнесүүдийг дэмжихээс өөр төрлийн ажлууд хийсэн болов уу?

-Би ганц нэг төслүүд дээр аймагтаа тусалж байгаа. Засмал замаас Зүүн Хараагийн Мандал сумын төв хүрэх замыг татах ажилд, техник мэргэжлийн сургууль барихад нь тусалж байгаа гэх мэт. Сэлэнгэ аймгийн 2 техник мэргэжлийн сургуульд нь санхүүжилт авахад нь туслах ажлыг хийж байна. Сая Мянганы Сорилтын Сангаас тийшээ техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор хэдэн арван сая төгрөгийн санхүүжилт авах талаар тохиролцоонд хүрээд байж байна. Түүнчлэн өөрийн дуртай зүйлээр буюу Сэлэнгийн залуучуудаа спортоор хичээллэхэд нь тусалж дэмждэг.

-Залуучуудад спортоор хичээллэхэд нь яаж тусалсан гэж?

-Сэлэнгэ аймгийн бүх сум руу теннисний ширээ явуулсан. Сэлэнгийн хүүхдүүд чөлөөт цагаараа тоглож байг. Хөдөөний хүүхдүүдэд чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөх, спортын бололцоонууд хомс байдаг шүү дээ. Тиймээс ширээ байх юм бол хүүхдүүд теннис тоглоод, биеэ эрүүлжүүлээд, чөлөөт цагаа зөв өнгөрүүлж байх юм болов уу гэж бодож байна.

-Та санхүүгийн мэдлэг, туршлагатай хүн. Манай улсын банкууд чухам яагаад байгаа талаар саналаа товчхон хэлнэ үү? Бид зөв явж байна уу, буруу явж байна уу?

-Манай банкууд яагад байгаа нь угаасаа ойлгомжтой байгаа. Хүн болгон мэдэж байгаа. Ерөөсөө мөнгөгүй байгаа ш дээ. Хүнээс хадгаламж маш дуртай авчихдаг, өндөр хүү төлөөд. Тэгээд дараа нь зээлжүүлэлт хийж огт чадахгүй байгаа. Зээлжүүлэлт хийсэн ч асар өндөр хүүтэй. Тийм өндөр хүүтэй зээл авсан болохоор манай ямар ч хөрөнгө оруулалт, зээл, төслүүд ашигтай байж чаддаггүй. Жилдээ 20-25%-ийг хүү төлж байхад бизнесийн төсөл яаж ашигтай байх вэ дээ. Тэгэхээр би үүнийг зөв явж байна гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ өнөөгийн нөхцөлд Монголын засгийн газар, Монголын банкууд Монголын зах зээл рүү мөнгө оруулах талаар дорвитой арга хэмжээ авах  ёстой. Өнөөдөр Монголын иргэд, Монголын компаниуд дэлхийн зах зээл дээрээс мөнгө татаж оруулж ирэх чадваргүй байгаа юм.  Өөрсдийнх нь чадавхи муу, түүх муу, зэрэглэлийн ангилал муу, туршлага муу учраас. Ийм нөхцөлд бусад орны туршлагыг хараад байхад голдуу засгийн газар төв банкинд мөнгө зохион байгуулж оруулж ирээд, дотоод эдийн засгаа хөгжүүлж байсан түүхтэй л дээ. Азийн бар орнууд ихэвчлэн энэ замаар хөгжсөн байгаа. Гагцхүү энэ арга хэмжээ нь авагдахгүй болохоор бид одоо болтол мөнгөгүй, царцанги, хөлдөөстэй чигээрээ байгаад байж байна.

Ч. Сувд

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.