УИХ-ын гишүүн О. Чулуунбат: ТӨРИЙН ӨМЧ ГЭЖ БАЙХААР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВИЙН КОМПАНИ АЖИЛЛАВАЛ ХАМААГҮЙ ДЭЭР
2010.07.05

УИХ-ын гишүүн О. Чулуунбат: ТӨРИЙН ӨМЧ ГЭЖ БАЙХААР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВИЙН КОМПАНИ АЖИЛЛАВАЛ ХАМААГҮЙ ДЭЭР

ochul_copyЦ. УРГАМАЛ

УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

а яагаад Тавантолгой дээр төрийн өмчит компани байгуулахыг эсэргүүцээд байгаа юм бэ?

-Тавантолгой дээр Монгол улсын иргэдэд хамаарсан компани байгуулах нь зөв гэж бодож байна. Ийм бодолтой гишүүн олон байгаа. Гэхдээ төрийн өмчит компани гэхээр иргэд хувь ашгаа хүртэхэд хэцүү. Өнөөдөр ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хар л даа. Бүгд алдагдалтай ажилладаг. Яагаад гэвэл төрийн өмчит компанийн удирдлагыг Засгийн газрын тэргүүн томилж тэднээр дамжуулан бизнесээ хийдэг. Төрийн өмчит компаниудад өөрсдийн найз нөхөд, ах дүү, хамаатан садан, үр хүүхдээ томилдог. Тэгэхээр дараа нь тэр төрийн өмчийн компанийн удирдлагад хариуцлага тооцох ёс суртахууны эрхгүй болдог. Эрдэнэт үйлдвэр л гэхэд өөртөө хэрэггүй баахан тоног төхөөрөмж барааг 5-10 жилээр худалдаж аваад нөөцөлсөн байна. Энэ нь дандаа дарга нарын шахааны бизнес. "МИАТ" компани нь өөрийн хүчин чадлаас 200-400 дахин илүү албан тушаалтан, албан хаагчийг ажилд авсан. Тэд нь нөгөө л дарга нарын хамаатан садан хүүхдүүд. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Япон, АНУ-д төрийн өмчит аж ахуйн нэгж гэж байхгүй. Өмнө нь эдгээр улсад төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байсан ч энэ зарчмаасаа ухарсан. Одоо үүний оронд олон нийтийн өмчит буюу удирдлагын томилгоог нь Засгийн газар хийдэггүй. Томилогдсон ерөнхий захиралтай нь Засгийн газар нь хатуу хариуцлага тооцдог байх ёстой. Гэтэл манайд төрөө томилоод түүгээрээ дамжуулан бизнес хийчихсэн болохоор хариуцлага тооцож чадахгүй байгаа жишээ өнөөдөр ч байна. Тавантолгой дээр дахиад л засгийн газар томилгоо хийвэл энэ компани дарга нарын бизнесийн уурхай болно. Сайн ажиллах тухай бодоод ч хэрэггүй.

-УИХ-ын чуулганаар зарим гишүүд бухимдсан. Учир нь "Та нар лицензийг нь хурааж авчихаад ард түмэнд бус өөрсдийн компанид өгч хувааж идэх гэж байна" гэж байсан. Тэгэхээр Засгийн газар томилгоо хийнэ гэдэг үүнийг нотлоод байна уу?

-Тийм хувилбар байж болно. Гэхдээ миний хамгийн гол хэлэх гээд байгаа санаа төрийн өмчийн компани байж болохгүй гэдэг. Үүний оронд Ерөнхий сайдын хувийн компани ажиллавал хамаагүй дээр. Тэгвэл Засгийн газар зохих ёстой татвараа тогтоогоод хариуцлага тооцоод авчихна. Хувийн компани нь эдийн засгийн өндөр үр дүнтэй ажиллана. Байгаль орчны нөхөн сэргээлт болон бусад шаардлагыг сайн мөрдөж ажиллана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд бүгд алдагдалтай ажиллаж байгаа муу жишээн дээр Ерөнхий сайд дүгнэлт хийн өөр хандлагаар ажиллах болно гэдгээ харуулах цаг. Ерөнхий сайдын хувьд "Өмнөх Ерөнхий сайд нар бүгд бизнес хийж байсныг би зогсоож байна. Би өөр менежменттэй Монгол Улсын томоохон компанийг бий болгож байна" гэдгээ үзүүлэх хэрэгтэй.

-Та энэ шүүмжлэлээ бүлгийн хурал дээрээ илэрхийлсэн үү? Санал тань дэмжлэг авсангүй юу?

-Бүлгийн хурлаар намайг энэ саналаа хэлэхэд гишүүд дэмжиж л байсан.

-Тавантолгойн 30 хувийг гадна, дотны хөрөнгийн биржээр арилжиж хөрөнгө босгоно гэж байгаа. Гэтэл энэ хувьцааг нь худалдаад авчих бэнчинтэй хүн, үндэсний аж ахуйн нэгжүүд байхгүй гэж байгаа. Тэгэхээр гадныханд өгөөш болгоод өгчих үү?

-Тавантолгой дээр хөрөнгө босгох боломж их байна. Дэлхийн том том хөрөнгө оруулалтын банкууд төслийн зээл өгчихөөр сайхан баялаг байна. Уг нь энэ тухай Засгийн газар бодоод хэрэггүй. Засгийн газраас хэд дахин сайн боддог банкирууд, санхүүч, бизнесмэнүүд байна. Тиймээс тэнд олон нийтийн менежмент очих ёстой. Олон нийтийн радио, телевизийн удирдлага өвөрмөц хэлбэрээр байгуулагдаж улс төрийн дунджийг барьж ажиллаж байна. Үүнтэй адилхан зарчмаар бизнесийн баг ажиллах ёстой юм. Засгийн газрын нөлөө байх ёсгүй. Нөлөө л орвол хэдэн дарга нар чинь бизнесээ хийх гээд эхэлнэ. Хөрөнгө босгох дээрээ тулбал Засгийн газартай, газаргүй босгох боломжтой. Монголчууд хөрөнгөжөөгүй болохоор Монголын хөрөнгийн бирж ажиллахгүй байна. Тавантолгойн хувьцааг гаргалаа гэхэд сая ам. доллар гаргаад худалдаад авчих бэнчинтэй хүн хэд билээ. Хонконг, Лондонгийн хөрөнгийн бирж дээр баячуудын хамтарсан фондууд байна. Тэнд мөнгө элбэг болохоор хөрөнгө хурдан босч байна. Жишээ нь, хатсан хуурай тал дээрээс жимс хайгаад нэмэргүй. Харин уултай, устай, жимстэй газар очвол хамаагүй их жимс түүнэ биз дээ. Тэгэхээр прагматик хандах хэрэгтэй. Заавал Монголын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалаад байх шаардлага алга. Яваандаа монголчууд мөнгөтэй, хөрөнгийн бирж нь дэлхийн стандартын хэмжээнд хүрэхээр хувьцаагаа гаргаж мөнгө босгож болно.

-Монгол Улсын гадаад өр 1,8 их наядад хүрчээ. Энэ нь ДНБ-ний 27,5 хувьтай тэнцэж байна гэсэн мэдээллийг Сангийн сайд хэлсэн. Газрын баялгаа ашиглаад энэ их өрөөс гарах боломж байна уу?

-Япон улс ДНБ-ээс 200 хувь, АНУ 100 орчим хувийн өртэй байна. Тэднийг шахвал богино хугацаанд өрөө төлөх чадвар нь эцэстээ тулсан орон. Харин манай улсын хувьд ДНБ-ий 30 орчим хувьд хүрсэн ч нэг жилийн дотор төлөх боломжтой. Энэ их баялгийг зөв менежментээр хийлгүй төрийн өмчит компаниар дамжуулбал үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй компанийг нэгээр нэмнэ.

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын хувилбарыг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үед УИХ-аас оруулах хамгийн зөв гаргалгаа нь юу вэ?

-Төрийн өмчийн компани байлаа ч удирдлагын багийг сонгон шалгаруулалтаар буюу Засгийн газраас хамааралгүй ажиллуулах хэрэгтэй. Төрийн өмчит компани байхаар дарга, сайд нар дарамталж байгаад бизнесээ хийдэг. Дараа нь хариуцлага тооцдоггүй. Өнөөдөр төрийн өмчит компани дотор ганц ч болтугай сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгж байх юм бол Тавантолгойн асуудлыг Засгийн газрын оруулж ирж байгаа хувилбараар дэмжмээр байна. Даан ч ийм боломж алга.Дэлхийн шилдэг арга нь удирдлагын багийг сонгон шалгаруулалтаар тодруулах байдаг. Засгийн газар нь томилгоонд нь оролцдоггүй, нэг ч татварын өршөөл үзүүлдэггүй.

-Тавантолгойн төсөлдөө өөрчлөлт оруулах боломж, цаг хугацаа Засгийн газарт байгаа юу?

-Нийгмийн шаардлага ийм байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хамгийн муу ажилладаг, авлигатай, хүнд сурталтай, албан тушаалтнуудын шахааны бизнес болдог гэдгийг бүгд мэддэг болсон. Энэ нь нийгэмд ил байна.

-Монголбанкны зүгээс арилжааны банкуудыг нэгтгэх томруулах бодлого явуулж байна. Энэ нь арилжааны банкуудын амбицыг дарж чадахгүй нь. Нэгдэхгүй байх далд тэмцэл ч өрнөөд эхэлсэн байна?

-Манай зах зээлд арилжааны банкууд нэгдэж ажиллах цаг нь болсон. Дэлхийн бусад орнуудын зах зээлийг ажаад байхад хямралын үеэр банк санхүүгийн байгууллага нь нэгддэг. Өрсөлдөх чадвар нь сайжирч, өөрийн өртөг нь хямдарч зардал нь багасдаг. Монгол Улсын жижигхэн зах зээлд арилжааны олон банк байх нь сайнаасаа муу нь илүү байна. Хадгаламж авахын тулд өрсөлдөж өн-дөр хүү амлаж байна. Ийм өндөр үнэтэй хадгаламжтай банкны салбар байхаар эдийн засгийн тэр хэмжээний өндөр өртөгөөр санхүүжүүлнэ. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл, бизнес хөгжих ямар ч боломж байхгүй. Гэхдээ арилжааны банкуудыг хүчээр нэгтгэх буруу. 2008 он буюу хямрал эхэлж байхад Монголбанк мөнгө оруулах саналаа хэрэгжүүлсэн бол арилжааны банкууд дуртай хүлээж авах байсан. Өнөөдөр санхүүгийн байдал нь сайжирсан, зах зээл дэх мөнгөн хөрөнгө хангалттай болсон үед оновчгүй арга. Арилжааны банкууд ч хүлээж авах дургүй байна. Дургүй юмыг хүчээр шахаад хэрэггүй. Одоо тэд санхүү, зах зээлийнхээ шалгуураар өөрс-дөө томрог л дээ. Монгол банкнаас дүрмийн сангийн хэмжээг нэмж тогтоож болно. Түүнээс тэгэхгүй бол хуурай шаардаад байж болохгүй.

-Тэгэхээр арилжааны банкуудыг хүчээр дампууруулж булааж авах гэсэн төрийн бизнес гэж хардаад байгаа нь үнэний ортой болж байна уу?

-Сайн уншвал тиймэрхүү элемент уншигдаж байна.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний явцтай танилцах гэсэн УИХ-ын гишүүд аргаа барж байна. Оюутолгой болон салбарын сайд нар мэдээллээ өгөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ. УИХ-ын гишүүд шаардаад өгөхгүй бол хариуцлага тооцож болохгүй юу?

-Оюултолгойн төсөл монголчуудад ажлын байр бий болгож орлого оруулна, үндэсний компаниудыг оролцуулна гэсэн зорилгоор УИХ-ын гишүүд шийдвэр гаргасан. Өнөөдөр ажиглаад байхад гаднаас хангалтаа хийгээд байна гэсэн мэдээлэл ирж байна. Үнэхээр ингэж байгаа бол бид янз бүрийн аргаар татвараа нэмж болно. Монголын цементийг авахгүй Хятадаас аваад байвал тухайн бүсэд нь татвараа нэмж болно. Мөн Хятадын диллерүүдээс тоног төхөөрөмжөө авч байна гэж байна. Бас л тоног төхөөрөмж оруулж ирэхэд нь өндөр татвар ногдуулж болно. УИХ-ын гишүүд энэ талаар ч ярилцаж байна.

-Оюутолгойд байгаа ТУЗ-ийн гишүүдийг шахаж болохгүй юу?

-Төлөөлөн удирдах зөвлөлд багтсан гишүүд Монгол Улсынхаа эрх ашгийг хамгаалж чадахгүй бол нийгэм дуу хоолойгоо сонсгоно. Нийгэм харин ч чангаар амархан сонгох байх.

-Чейлмерсийн хэрэг дахин сөхөгдөж үүнийг дагаад таныг шалгаж байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Энэ хэргийг сөхөх ашиг сонирхол хэсэг бүлэг хүмүүст байгаа гэдэг үнэн үү?

-Үүний үнэн учир удахгүй тодорхой болох байх. Монголбанкнаас аккертивын асуудал гараад шүүхэд очлоо гэдэг миний хувьд сонин үйл явдал болоод байна. Би 30-аад жил банкны салбарт ажиллаж байна. Банкинд орсон анхны өдрөөсөө гадаад зах зээлд ажилласан. Тэр тусмаа олон улсын санхүү, валют, худалдааны зах, санхүүгийн гээд бүхий л хэлбэрээр ажилласан. Нью-Йорк, Москвад ажиллахдаа алдаа гаргаж, хохирол учруулж үзээгүй. Намайг гарснаас долоон сарын дараа Монголбанкинд хохирол учраад эхэлсэн. Үүнийг над дээр тохож байгаад гайхаж байна. Аккертив болохгүй гэвэл олон улсын cod of contact гэж бий. Үүний дагуу дүрмээ мөрдөхгүй дураараа цуцлахаар торгууль төлнө. Үүнийг Чейлмерстэй ярих хэрэггүй. Монголбанк аккертив нээсэн банктайгаа холбоо бариад цуцлаж болох байсан. Өөрсдөө түрүүлж цуцлаад, торгууль төлчихөөд жилийн өмнө гарын үсэг зурсан намайг буруутгаж болохгүй.

-Тэгэхээр Монголбанкны өнөөгийн удирдлагын алдаа байсан уу?

-Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх үүнийг хариуцаж хийж байсан. Тэгэхээр энэ хүн яагаад ийм шийдвэр гаргасныг мэдэх байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.