Санхүүгийн эх үүсвэр дутагдсанаас Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.0 сая төгрөг олгох арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй байгаа гэв
УИХ-ын чуулганы үдээс хойшхи /2012-10-26/ хуралдаанаар “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.
УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Ардын Нам, Ардчилсан Намын 2008 оны сонгуулийн амлалт, 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх ажлын хүрээнд Хүний хөгжлийн сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Сангийн сайд асан Д.Хаянхярваад асуулга тавьж байсан билээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Уянгаас 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 12/07 тоот албан бичгээр Сангийн сайдад тавьсан “УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилт буюу Хүний хөгжил сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.0 сая төгрөг олгох арга хэмжээний хэрэгжилтийн тухай” асуулгын хариуг Сангийн сайдын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3/4106 албан бичгээр хариу хүргүүлснийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулав.
Танилцуулгад дурдагдсанаар,
Нэг.
Хүний хөгжил сангаас олгох нэг сая төгрөгийн олголтын байдал ямар түвшинд байгаа талаар:
“УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын 1.2, 1.3-т заасны дагуу 1.0 сая хүртэлх төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334.2 мянган иргэнд олгоход зориулж Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт 334.2 тэрбум төгрөгийн зардал гаргахаар батлагдсан.
Энэ арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан Засгийн газраас 2012 оны 96 дугаар тогтоолоор “Монгол Улсын Иргэн хишиг, хувь хүртэх” журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг журамд заасны дагуу бичгээр хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.0 сая төгрөгийг 4, 5, 6 дугаар саруудад гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн байна.
2012 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 1.0 сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 306.9 мянган иргэдийн 4, 5 дугаар сарын 330.0 мянган төгрөгийн санхүүжилтэд 202.6 тэрбум төгрөг, Архангай, Дундговь, Дархан-Уул аймгуудын 27.5 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 6 дугаар сард олгох 340 мянган төгрөгийн санхүүжилтэд 9.3 тэрбум төгрөг буюу нийт 211.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамнаас зохих журмын дагуу олгосон байна.
Хүний хөгжил санд батлагдсан урьдчилгаа төлбөрийн орлого тасарсан, ногдол ашгийн орлого төвлөрөөгүй зэрэг шалтагааны улмаас санхүүжүүлэх эх үүсвэр их хэмжээгээр дутагдсан тул ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 3 дахь ээлжийн 340 мянган төгрөгийг бүрэн олгож чадаагүй байна.
Хоёр.
Нэг сая төгрөгийн олголт газар бүрт тэгш биш, зарим аймаг, дүүргүүдэд зөрүүтэй байгаа талаар;
Засгийн газрын 2010 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын дагуу иргэдэд хишиг, хувь олгох ажлыг /хуучин нэрээр/ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар/одоогийн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар/ зохион байгуулан, хэрэгжүүлж байна.
Улсын хэмжээнд 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бичгээр хүсэлт гаргасан нийт 279.4 мянган иргэнд 660 мянган төгрөг, 27.5 мянган иргэнд 1.0 сая төгрөгийг 5, 6 дугаар саруудад олгосон байна.
Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сангийн яаманд ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд нийт 18,959 иргэн 1.0 сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгөөр авах хүсэлтээ нэмж гаргасан байна. Эдгээр иргэдийн хувьд хүсэлт гаргасан хугацаа харьцангуй оройтсон тул 5, 6 дугаар саруудад олгосон 1, 2 дугаар ээлжийн 330 мянган төгрөгийн хишиг, хувийн санхүүжилтэд хамрагдаж чадаагүй байна.
Гурав.
Үлдэгдэл мөнгийг хэдийд олгох, энэ ажил яагаад хугацаа сунжирч саатаж байгаа шалтгаан, Сангийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай:
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.0 сая төгрөг олгох арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй байгаа нь санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсанаас шалтгаалсан байна.
Улсын Их Хурлаас 2011 онд баталсан Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар тус сангаас нийт 787.1 тэрбум төгрөгийн зарлага гаргах, нийт зарлагыг 474.7 тэрбум төгрөгийн орлого, 312.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
2012 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр тус санд урьдчилгаа төлбөр 312.5 тэрбум төгрөг төвлөрөхөөс 80.0 тэрбум төгрөг төвлөрсөн нь санхүүжүүлэх эх үүсвэр их хэмжээгээр дутагдахад хүргэжээ. Энэ нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт, хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээ амжилтгүй болсны улмаас Хүний хөгжил санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн урьдчилгаа төлбөр тасарсанаас шалтгаалжээ.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газраас дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Уг төсвийн тодотголоор Хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэхэд дутагдаж буй эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар шийдвэрлэх саналыг тусгаж, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.
Гэвч УИХ-ын 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус баталсан боловч Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлээгүй байна.
Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тодотголоор орлого, эх үүсвэрийг 257.6 тэрбум төгрөгөөр бууруулж, зарлага, санхүүжилтийг 78.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Төсвийн тодотголтой хамт өргөн баригдсан хуулийн болон УИХ-ын тогтоолын төсөл батлагдаагүй тул Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт 313.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрхэн төвлөрүүлэх асуудал хууль, тогтоомжоор шийдвэрлэгдээгүй үлдээд байна.
Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль болон УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолд заасны дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1.0 сая төгрөгийн үлдэгдэлийг олгох асуудал УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдах эсэхээс шууд хамаарч байна.
Иймд Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахад Засгийн газраас Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тодотголын хамт өргөн барьсан хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аас дэмжиж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд Сангийн сайд болон холбогдох албаны хүмүүст асуулт тавьж хариулт авав . Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүн, “Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хямралд хамгийн түрүүн өртөж болзошгүй иргэдэд дэмжлэг үзүүлж чадахгүй. Харин хүүхдүүдэд бол дэмжлэг үзүүлье гэсэн хариултыг Засгийн газар өгсөн. Яагаад ингэж үзэв ээ. Хүүхдүүдээ бид дэмжинэ. Харин ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хямралд өртөж болзошгүй иргэдийг дэмжье гэсэн саналыг маань яагаад дэмжсэнгүй вэ гэдэгт тайлбар өгөөч ээ. Мөн сая төгрөгийн хувьцаагаа бэлэн мөнгөөр авах 1 сая 570 мянган иргэн байгаа. Энэ мөнгийг хэзээ өгөх юм бэ .Энэ амлалтыг МАН, АН хамтарсан засгийн газар барьж байхдаа мөрийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлж байгаад хийж дуусгалгүй дутуу үлдчихээд байгаа. Энэ амлалтаа хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд Сангийн яам юу хийж байгаа вэ. Амлалт нэхэх ард түмний холбооноос УИХ-д хоёр гишүүн орж ирсэн. Иймд Уянга , Батцогт гишүүд амлалтаа нэхэж шахаж өгөөчээ. Амлалтаа биелүүлмээр байна. Иймд бүгдээрээ хамтарья” гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “гишүүдийн тавьж байгаа асуулт, сайдын хариулт Уянга гишүүний асуулгын хүрээнд байх ёстой. Гэтэл асуулгаас хальсан асуулт тавьж байгаа тул хариулахгүй байх нь Дэгийн тухай хуулиар зохицуулагдахаар байгаа. Дархан уул, Дорнод аймаг, Сүхбаатар дүүрэг зэрэг гурван газарт 670.000 төгрөг бус 1 сая төгрөг тараасан нь ямар учиртай юм бэ гэсэн асуултад Хаянхярваа сайд хариулах ёстой байсан. Гэвч Хаянхярваа сайд огцорсон тул энэ асуултад Улаан сайд хариулж байгаа. Иймд энэ хүрээнд асуултаа тавьж хариултаа өгье” гэдгийг гишүүдэд анхаарууллаа.
Ч. Улаан сайд хариултдаа, “ Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдох ёстой нэг сая төгрөгөөс үлдчихээд байгаа хүмүүсийн мөнгийг өгөхийг Засгийн газар хичээж байна. Төслийн тодотголоор ч ийм зорилт оруулж ирсэн. Гэтэл Ардын намынхан хууль санаачилж, түүнтэйгээ барьцалдуулж байгаад энэ мөнгийг өгөх эх үүсвэрийн тогтоолыг баталж өгөөгүй. Тэгсэн хэрнээ Засгийн газарт буцаагаагүй. Иймд бид Хүний хөгжил сангийн орлогыг бүрдүүлэхэд чиглэгдсэн тогтоолын төслийг хэлэлцэж баталж өгөөчээ гэж хүсч байгаа юм. Тэгвэл энэ оны үлдэж байгаа хугацаанд урьд нь өгөх байсан хүмүүсийн үлдэгдэл мөнгийг өгөхийн төлөө ажиллая. Тэгэхгүй бол нэг болохоор өг гэж шаардчихаад яг өгөх болохоор эх үүсвэрийг нь баталж өгөхгүй байгаагаас энэ ажил хойшлогдох гээд байна. Эхний ээлжинд ядаж энэ онд төлөвлөсөн мөнгөнөөс Дархан, Архангай, Дундговь 3 аймаг, Сүхбаатар дүүргээс бусад газарт амьдарч байгаа ахмадуудад өгөх ёстой мөнгийг нь өгчихмөөр байна ш дээ. Гэтэл дээрээс нь дахин барьцалдуулаад хүн бүхэнд 21 мянган төгрөг өгнө гээд тэртэй тэргүй даахгүй байгаа Хүний хөгжил санг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгочихоод байгаа нь бэрхшээлтэй байна “гэлээ.
Г.Уянга гишүүн хэлэхдээ, “өнөөдөр болтол Хүний хөгжил сангаас хамгийн сүүлд олгосон 23 мянган төгрөгөө аваагүй байгаа хүмүүс байна. Надад Дорнод аймгийн Халх гол, Цагаан-овоо сумын иргэд болон Чингэлтэй дүүргийн иргэдээс ирүүлсэн захидал дүүрэн байна. Энэ мөнгийг хэзээ олгож дуусах вэ. Хувьцаагаа бэлэн мөнгөөр арилжаалахаар шийдсэн иргэдийн тоо эцэслэж гарсан уу. Тэдний хувьцаа бүрэн мөнгөжсөн үү. Иргэд хувьцаагаа нэг сая төгрөгөөр сольж байгаа. Энэ хувьцааны үнэ ямар үндэслэлээр тогтоогдсон бэ. Зөвхөн сонгуулийн өмнө яаран сандран тогтоосон үнэ үү, эсвэл зах зээлийн үндэслэлтэй үнэ үү. Түүнчлэн өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эхэлж олгохоор Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл Дорнод аймагт тухайлбал, хөдөлмөрийн чадвартай залуучууд болох 335 иргэнд 335 сая төгрөгийг олгосон байгаа. Мөн сонгуулийн өмнө Дорнод , Дархан уул аймагт энэ мөнгийг сонгуулийн сурталчилгаа дуусахаас ганцхан хоногийн өмнө олгосон. Мөнгө олгогдох тушаал гарсан даруйд Сангийн сайд байсан Хаянхярваа, НХХ-н дэд сайд байсан Номтайбаяр нарын нэрээр тэр мөнгө дээрх аймгуудад олгогдсон байгаа. Төсвийн энэ 1 тэрбум 213 сая төгрөгийг сонгуулийн сурталчилгааны зорилгоор ашиглагдсан байна гэсэн үндэслэл гарч ирж байгаа. Энэ хууль зөрчсөн үйлдэл биш үү. Үүнд хяналт тавьдаг байгууллага байна уу. “ гэдгийг тодруулсан юм.
Сангийн сайд Ч. Улаан хариултдаа, 23 мянга биш энэ нь сар бүр олгож байсан 21 мянган төгийн асуудал байгаа. Бичиг баримтын зөрчилтэй, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй зэрэг хүмүүс энэ мөнгийг авч чадаагүй байгаа. Тийм учраас ирэх оны төсөвт иргэдийн дутуу авсан мөнгийг зөрчил арилсан нөхцөлд нөхөж олгохоор байгаа. Хувьцааны хувьд шинээр судалгаа хийгээгүй. Нэг сая төгрөгийн хувьцааг мөнгө болгож бэлэн мөнгөөр авья гэж хүсэлт гаргасан хүмүүсийн өмнө нь хийгдсэн судалгаа байдаг. Тэр судалгаан дээр үндэслээд үзэхээр 1,5 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардагдаж байгаа юм байна лээ. Гэтэл манай үндэсний аж ахуйн нэгжүүд энэ хувьцааг мөнгөөр худалдаж авья гээд сан байгуулж тэнд хөрөнгө мөнгөө төвлөрүүлж байгаа. Тийм учраас энэ хувьцааг бэлэн мөнгө болгох асуудал хөрөнгийн эх үүсвэр талаасаа одоогоор тодорхой шийдлийг олоогүй байна. “ гэв.
Асуулт хариултын явцад сонгуулийн өмнө нэр дурдагдсан 3 аймаг, нэг дүүрэгт нэг сая төгрөг олгох шийдвэрийг яг хэн гаргасан талаарх гишүүдийн асуултад холбогдох яамдын албан тушаалтнууд тодорхой хариулт өгч чадсангүй. Харин Сангийн сайд Ч.Улаан “энэ 3 аймагт сая төгрөг хуваарилах бичиг цаас байхгүй байх. Олдох ч үгүй бизээ. Иймд чуулганы хуралдаанд ирсэн албан тушаалтнууд энэ асуултад хариулж чадахгүй байхаа “гэдгийг хэлсэн юм. Эцэст нь Сангийн сайдад тавьсан асуулгын хариулт хангалттай бус гэсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянга өглөө.
Гишүүдийн асуулт хариулт дууссаны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж дуусаагүй байсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.