Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүдэд хуурай боомтыг байгуулах хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2012.10.24/ хуралдаанаар Азийн авто зам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх байлаа.
Манай улс Азийн автозамын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээний Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орсон бөгөөд хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын чанартай Хуурай боомтуудыг байгуулж ажиллуулах замаар эдгээр бүс нутаг, улс орнуудтай транзит тээврийг хөгжүүлж, олон улсын нэгдмэл холимог тээвэр, ложистикийн системийг бий болгох хэрэгтэй байгаа ажээ.
НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн хорооноос гишүүн орнуудын хүрээнд Олон улсын чанартай Хуурай боомтын хэлэлцээр байгуулах ажлыг санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулан гишүүн улс орнуудад хүргүүлээд байгаа юм байна.
Хэлэлцээрийн төсөлд далай тэнгисээс алслагдсан орны нийслэл/мужийн төв, эсвэл Азийн авто замын болон Транс-Азийн төмөр замын аль нэг сүлжээнд хүрэх бололцоог харгалзан, олон улсын нэгдмэл холимог тээвэр, ложистикийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох олон улсын чанартай Хуурай боомтын жагсаалтыг баталж, хөгжүүлэх асуудлуудыг тусгасан өндөр ач холбогдолтой юм байна.
Зам, тээврийн яамны зүгээс ул хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулахаас эхлэн батлах хүртэлх бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн гэж тус салбарын сайд А.Гансүх танилцуулгадаа дурдаад хэлэлцээрийг байгуулах нь далайд гарцгүй Монгол орны хувьд ихээхэн ач холбогдолтой гэж тайлбарлалаа.
Манай улсаас олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, цаашид байгуулах боломжтой Чойбалсан зэрэг байршлуудад хуурай боомтыг байгуулах боломжтой гэж хэлэлцээрийн төсөлд санал оруулсан юм байна.
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Ч.Улаан нар Цагаан нуур, Ярант, Нөмрөг, Гашуунсухайт, Бичигтийн боомтыг яагаад оруулсангүй вэ. Одоо жагсаалтад оруулах боломж бий юу гэж лавлаж байв.
Зам, тээврийн яамны ажлын хэсгээс тайлбарласнаар одоогоор жагсаалтад оруулсан байгаа байршлууд нь Азийн авто замын сүлжээ буюу Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдож байгаа бөгөөд цаашид манай орны хувьд гадаад худалдааны гол зангилаа болох замаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээх хүчин чадлыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэлээ Гишүүдийн дурдсан боомтуудыг оруулах нэмэлт хэлэлцээрийг хийх боломжтой гэж тэд хариулсан юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дээрх хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.