2012.10.23

Төсвийн байнгын хороо ЖДҮ-ийн тоног, төхөөрөмжийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлийн хугацааг сунгах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцсэн.

Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан хийлээ. 2009 онд уг хуулийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг албан татвараас чөлөөлж, нийт 1942 иргэн, ААН-ийн 145.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд 22.6 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт үзүүлжээ.

Манай улсад 66500 ААН үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бөгөөд үүний 10-20 орчим хувь нь л дээрх хугацаанд тоног төхөөрөмжөө шинэчилсэн.

Үлдсэн 80 гаруй хувь нь шинэчлэх шаардлагатай байгаа гэсэн судалгааг төсөл санаачлагчийн зүгээс хийгээд байгаа юм байна. Иймээс  дээрх хуулийн үйлчлэх хугацааг 1 жилээр сунган 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох, хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм байна.

Гишүүд төслийг хэлэлцэх явцад төдийлөн санал хэлсэнгүй. Харин Л.Эрдэнэчимэг, Ж.Эрдэнэбат нарын гишүүдийн зүгээс 3 жилийн хугацаанд 20-иодхон хувьтай байгаа ажлыг 1 жилээр сунгаж байхаар 3-5 жилээр сунгаад явж болдоггүй юм уу гэсэн асуултад Сангийн сайд дараагийн хэлэлцүүлгийн явцад уг асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн хариулсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.