Төсвийн гүйцэтгэлийн тухай санал, дүгнэлтийг хэлэлцлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 10 дугаар сарын 09-ний Мягмар гарагийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний эхнийх нь Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэг байв.
Улс орны санхүү, эдийн засгийн өмнөх оны үзүүлэлтүүдийг тусгасан энэ хоёр баримт бичгийн хэлэлцүүлгийн үеэр нэлээд шүүмжлэл өрнөсний дотор УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрүүгийн хуульд төсвийн зарлагатай холбоотой гэмт хэргүүдийг төрөл зүйлээр нь тусгайлан заасан байдаг”-ийг онцлоод 2011 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой ямар төрлийн хэдэн зөрчил гарч, хэн хэнд ямар хариуцлага тооцсоныг лавлаж асуулаа.
Улсын аудитын ерөнхий газрын дэд дарга Б.Батбаяр тодорхой тоо баримт дурдалгүй ерөнхийлсөн хариулт өгсөн нь гишүүдэд таалагдсангүй. Тиймээс Ж.Батзандан гишүүн “2011 оны төсөв бол улс төрийн зорилготой төсөв байсан учир тодорхой баримт л хэрэгтэй. Төр өөрсдөөсөө эхлэн цэвэрших ёстой. Түүнийг хянах манаач нь та нар байгаа” хэмээн зэмлэв.
Мөн байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нар жил бүр ийм хэлбэрдсэн ажил болж, төсвийн зарцуулалт сайн, муу байсан талаар сонсоод л өнгөрдөг, аудитын байгууллагынхан арван хэдэн жилийн өмнөх арга барилаараа л ажиллаж, үйл ажиллагаа нь шинэчлэгдэхгүй байгааг шүүмжилсэн бол УИХ-ын дэд дарга Л.Цог “Өөрсдөө шалгаж, зөрчил дутагдал илрүүлчихээд арга хэмжээ авах тодорхой санал алга уу? Урьдын цагт хяналт шалгалт сайн байсан, одоо харин идсэн нь хожоод явдаг болжээ” гэсэн юм.
Гишүүдийн асуулт дууссаны дараа Н.Батцэрэг гишүүн “төсвийн гүйцэтгэлийг түүний өмнөх жилийнхтэй харьцуулж, ямар шалтгаанаар ямар ямар зөрчил илэрч байгаа, зөрчил ихсэж, багассан талаар дүн шинжилгээ хийж байх нь зүйтэй” гэсэн санал нэмэрлэлээ.
Ингээд “Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэг хийхийг дэмжье” гэсэн томьёоллоор гишүүдийн саналыг хурааж, хэлэлцүүлгийг дэмжсэн санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.