Я.Санжмятав: 100 хятад ажилчны арав нь багшлах хэмжээний мэргэжилтэн байх ёстой
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2012.10.01

Я.Санжмятав: 100 хятад ажилчны арав нь багшлах хэмжээний мэргэжилтэн байх ёстой

-Шинэчлэлийн Засгийн газар 11 яамыг үүрэг, чиглэлээр нь хувааж 17 болгосон. Шинээр байгуулагдсан яам бол Хөдөлмөрийн яам. Та ажилдаа ороод багагүй хугацааг үдлээ. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Ардчилсан нам УИХ-ын 2012 оны сонгуульд ард иргэдээ ажилтай, орлоготой болгоно гэсэн зорилт тавьж орсон. Тэр ч үүднээсээ хөдөлмөрийн чиглэлийн, мэргэжлийн боловсролын чиглэлийн үйл ажиллагаануудыг нэгтгээд Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулсан.

Хуучин НХХЯ байхад хөдөлмөрийн чиглэлийн арга хэмжээ 5-10 хувийг нь эзэлж байсан. Үлдсэн хувь нь хавтгайрсан халамжийн чиглэлийн ажиллагаа явуулдаг учраас орон тоо бүтцийн хувьд нүсэр том байсан. Хавтгайрсан халамжаас болж хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон. Хөдөлмөрлөе, ажил хийе, амьдрая гэдэг зүйл их бага болсон юм шиг.

Энэ нөхцөлд Хөдөлмөрийн яамыг шинээр зохион байгуулж ажиллаж байгаа юм. Тиймээс Хөдөлмөрийн яам бодлогоо боловсруулна. Тэр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой зохицуулалт хийсэн. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийн газрыг яамныхаа дэргэд авчирсан. Ямар нэгэн шат дамжлага байхгүйгээр үйл ажиллагаа явуулах учиртай юм. Мөн Жижиг дунд үйлдвэрийн сан байсныг Хөдөлмөрийн яам руу татсан.

Жижиг дунд үйлдвэрийн хөрөнгөөс 400 орчим тэрбум төгрөг хүмүүсийн гар дээр зээл хэлбэрээр очсон.

Жилдээ 40 гаруй тэрбум төгрөг эргэж орж ирэх л юм байна. Ингэснээр ямар ч байсан ажлын байр бий болгосон байна. Гэхдээ анх тавьсан шаардлагаасаа 50-60 хувь доогуур биелсэн нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс байгаа эдийн засгийн нөхцөлдөө тулгуурлаад ажлыг байрыг олноор нь бий болгох, тэр дундаа хувь хүн, төрийн оролцоог хангах хэрэгтэй байна.

-Яамныхаа дотоод бүтцийг өөрчилсөн үү?   

-Мэргэжилтэй боловсон хүчин их хэмжээгээр хэрэгтэй байна. Одоо толгойтой болгон нь чанартай, чанаргүй их дээд сургуульд сурч, сургалтандаа их мөнгө зарцуулдаг. Ингээд мэргэжлийн ромботой хуульч, эдийн засаг, аялал жуулчлалын менежерүүд сургуулиа төгсдөг ч зарим нь зах дээр наймаа хийдэг.

Хөдөө орон нутгийнхан нутагтаа очлоо гэхэд таарсан ажлын байр байдаггүй. Энэ тогтолцоог өөрчлөхөөр ажиллана даа. Дөрвөн жилийн хугацаанд сургалтандаа их зардал төлдөг биш 2-3 жилийн богино хугацаанд мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд нь сургая. Ингэж сургахдаа төгсөхөд нь ажлын байраар хангах юм.

Сурах явцдаа ажлын байран дээр дадлагаждаг  тогтолцоог бий болгохын тулд мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг Хөдөлмөрийн яам руу авчирсан. Монгол хүн бүр хөдөлмөрлөдөг. Хэзээ ч ямар нэгэн зүйлээс хамааралтай биш өндөр цалинтай ажиллах хүчин бэлтгэвэл мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд сураагүй хүмүүсийг давтан сургалтанд хамруулж ажлын байртай болгоно гэсэн үг. Тиймээс Мэргэжлийн боловсролын газрыг татан буулгаад энэ төвүүд нь манайд харьяалагдаж ирж байгаа. Түүнчлэн  Хөдөлмөрийн инстуци байгууллаа. Энэ инстуцийг байгуулснаар хөдөлмөрийн талаар тодорхой судалгаатай болох юм.

-УИХ-аас Зээлийн баталгааны сангийн тухай хуулийн батлан гаргасан. Энэхүү хууль одоо хэр хэрэгжиж байна вэ. Хүмүүст зээл олгож эхэлсэн үү?  

-Энэ хуулийг энгийн үгээр тайлбарлавал бизнэс эрхлэх гэж байгаа хүнд 10 сая төгрөг хэрэг боллоо гэхэд  гурван саяыг нь өөрөөсөө гаргаж, долоон саяыг нь төр гаргах ёстой юм. Тиймээс Зээлийн баталгааны сангийн тухай хууль гарсан.

Сая төсвийн тодотголоор тав орчим тэрбум төгрөг зээлийн баталгаанд зориулж гарлаа. Энэ бол бага мөнгө. Цаашдаа хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлээд тодорхой хэмжээгээр төр зээл авах гэж байгаа хүний өмнөөс 60 хувийн баталгааг нь гаргаж өгдөг байх тал дээр анхаарна.

-Зээлийн баталгааны сангийн тухай хууль хэрэгжээд эхэлчихсэн гэж ойлгож болох уу?

-Одоо дүрэм, журам дээрээ ажиллана. Сая тодотголоо баталчихлаа. Одоо Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гурвалсан байдлаар үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бэлтгэж байна.

-Засгийн газар 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн амлалтыг өгч байгаа. Энэ амлалтандаа хүрнэ гэдэгт  та итгэлтэй байна уу?

-Ер нь бол том амлалт шүү. Үүнийг зарим хүмүүс бас голонгуу байна билээ. Зах зээлийн эрэлт, хэрэгцээг аваад үзвэл манайд ажилгүйдлийн коэффициент долоон хувьтай байгаа юм. Олон улсын төвшнөөс гурван хувиар дээгүүр. 150 мянган ажлын байр гэдэг бол тийм ч амар бий болчхоор зүйл биш. Ямар ч байсан ажилгүйдлийн коэффициентийг хоёроор бууруулвал 150 мянган хүнийг ажлын байртай болгоно гэсэн үг. Ингэхдээ байнгын ажлын байр болгоно. Бид ерөнхий суурь хундаамаа босгочихвол ажил маань зөв голдрилдоо орно гэсэн байдлаар ажилдаа орчихоод байна даа.

-Иргэд нь  ажилгүй, ажил олдохгүй байна гэдэг. Гэтэл Хятадаас жилд өч төчнөөн ажилчид орж ирсээр байна шүү дээ. Энэ тогтолцоог яаж өөрчлөх гэж байна вэ?

-Оюутан, сурагчид цагаар ажиллах бололцоог олгох тал дээр ажиллана. Цэргийн албан хаагчид албаа хаана гээд суугаад байх биш тодорхой хүнд хүчир ажлуудад оролцдог.

Халагдаад явахдаа цалингаа авдаг, гэмт хэргийн зөрчилд ороод ял эдэлсэн хүмүүсийг тэнд нь хориод байх биш тэднээр ажил хийлгээд гарахад нь амьдрах бололцоог нь бүрдүүлэх ажлын байрыг нь бий болгох шаардлага байгаа юм. Ингэхийн тулд бид гаднаас оруулж авчирч ажлуулдаг хүнээ цөөлөх шаардлага байгаа юм.

Одоо бид монголдоо ажиллаж амьдрах хэрэгтэй байна. Монголд байгаа ажлын байр амьжиргаажих төвшинтэй тэнцээнд ажилтай орлоготой, тэгээд амьдрал нь тэгш дүүрэн байх энэ нөхцлийг бүрдүүлэхийн тулд Хөдөлмөрийн яам бодлогоо боловсруулж байна.

Гаднаас 24 мянган ажилчид авдаг. Тэдний ихэнх нь Хятадууд. Тэгээд барилга дээр зунжин, өвөлжин ажиллаад буцаад гараад явчихдаг. Тиймээс үүнийг бид багасгах бодлого явуулах ёстой. 100 хятад ажилчин байлаа гэж бодоход арав нь багшлах хэмжээний мэргэжилтнийг оруулж ир гэдэг шаардлага тавина.

Энэ арван хүнээ жилийн хугацаандаа ажилуулахдаа нэг мэргэжилтний дор 10 хүнийг сургасан байх ёстой. Ингээд сургасан нөхцөлд тэр компанидаа ч хэрэгтэй мэргэжлийн боловсон хүчингээ ч сургаад авна. Нөгөө мэргэжилтэн багшийн цалин өндөр байх ёстой.

Бид хүнээс сааж үлдэх ёстой байхгүй юу. Хүн зарчихаад явуулаад л байдаг асуудлыг болих хэрэгтэй. Тиймээс ирэх жилийн шаардлагыг одооноос зарлах гэж байна. Энэ мэтчилэн үндэснийхээ ажилчдыг бий болгож авахгүй бол алийн болгон гадны хүмүүсийг зараад явуулаад байх вэ. Хаа хаанаа хариуцлагатай болох хэрэгтэй шүү дээ. Ингэснээр хоёр жилийн дараа монголд тодорхой хэмжээний ажилчид, барилгачдын тоо нэмэгдэнэ.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг зүйл манай улсад уландаа орчихсон гэдэг нь сүүлийн үеийн харамсалтай үйл явдлуудаас харагдаж байна. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал болон цалин хөлстэй холбоотой асуудал руу монголын төрийн гүнзгий ороогүй юм шиг надад санагдаж байгаа юм. Үүн дээр мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа анхаарал татаж байна. Нэлээд нуугдмал хаагдмал, тохиролцооны аргаар осол гэмтлийг авч үлдээд байгаа нь маш буруу. Энэ асуудлаа шийдээгүй атлаа хүнээр ажил хийлгэнэ гэж байхгүй. Аюулгүй байдлынхаа төлөө иргэн өөрөө анхаарах ёстой. Тиймээс бид иргэдэд мэдлэг мэдээллийг нь өгөх үүднээс анхаарч ажиллана. Тиймээс бид хөдөлмөрийн чиглэлийн утас ажлуулахаар бэлдэж байна. Энэ утас түргэн шуурхай, хүндрэл бэрхшээлгүй мэдээллийг нь өгөх ёстой юм.