Р.Бурмаа: Германд иргэн хүн өөрийн саналдаа 50,000 хүний дэмжлэгийг авбал тухайн асуудлыг парламентаар заавал хэлэлцдэг
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаатай байнгын хорооны үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Сайн явж ирэв үү. Германы парламентын байнгын хорооноос та бүхэн ямар туршлага судалсан гэдэг талаар яриагаа эхэлье?
-Сайн явж ирлээ. Германы өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаатай Аюулгүй байдал, гадаад бодлого байнгын хорооны гишүүн М.Батчимэг болон Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Сонгогчдын боловсрол төвийн захирал С.Оюунтуяа нар Германы байнгын хороодын үйл ажиллагаа, түүний дотор өргөдөл гомдлын тусгай хяналтын дэд хороо, аюулгүй байдлын хороодын үйл ажиллагаатай танилцаад ирлээ.
Мөн Герман төв азийн бүлгийн дарга гишүүдтэй нь уулзалт хийсэн. Айлчлалын хүрээнд Конрад-Аденауэрын сангийн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн газрын захирал доктор Беатрис Гораванчитай уулзсан. Цахим хэлбэрээр иргэдийн өргөдөл гомдлыг хэрхэн авч, шийдэх талаар программ хангамж, техник талаас нь ажилладаг байгууллагатай очиж уулзлаа.
-Өргөдөл гомдлын чиглэлээр яг ямар туршлага судалсан бэ. Анх удаа манай их хуралд ийм байнгын хороо байгуулагдсан шүү дээ?
2007 онд тухайн үед гишүүн байсан Б.Мөнхтуяа, Х.Тэмүүжин нар Германд айлчлах үеэрээ анх өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаатай танилцаад, ийм хороо улсын их хуралд байх нь чухал гэж үзэж байсан.
Үүний дараа Х.Тэмүүжин гишүүн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт өргөдлийн байнгын хороог байгуулна гэж оруулж өгсөн. Ингээд манай нам олонхи болсны дараа амлалтаа биелүүллээ. Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийг шийдвэрлэх, иргэдээ төлөөлж ажилладаг байгууллагын хувьд тэдний санал бодол дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулах нь их чухал ач холбогдолтой.
-Өмнө нь иргэдийн өргөдөл гомдлыг хэрхэн шийддэг байсан юм бол?
Өмнө нь сонгогчийг гомдоочихно гэдэг ч юм уу, халамжийн үүднээс тухайн тойргийнх нь гишүүн тойрогтоо зарцуулах мөнгөнөөсөө 500 гэр бэлэглээд цохоод өгчихдөг буруу жишиг тогтсон байсан.
Гишүүн тойрогтоо зарцуулах мөнгөнөөсөө 500 гэр бэлэглээд цохоод өгчихдөг буруу жишиг тогтсон байсан
Гэтэл үүний үр дүнд Улаанбаатарт нэгэнт л гэр үнэгүй өгч байгаа юм чинь хөдөө хөхөрч байхаар хотод амьдарья гэсэн иргэд ихэссэн. Гэр хороолол нэмэгдэж, тэрний хирээр агаарын бохирдол дийлдэхээ больсон. Мөн ажилгүйдэл ихэсч, гэмт хэргийн гаралт нэмэгдсэн зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд гарах болсон. Одоо бол бид нийгмийн халамж мэдээж байх ёстой, гэхдээ зорилтот бүлэгтээ л хүрдэг байх нь илүү чухал хэмээн асуудалд хандаж байгаа.
-Иргэдийн өргөдөл гомдлын дийлэнхи хэсгийг халамж хүссэн хүсэлт эзэлж байгаа хэмээн танай хорооноос мэдээлж байсан?
Өнөөдрийн байдлаар өргөдлийн 90 хувь нь хувийн хүсэлтүүд байна. Надад байр өгөөч, гэр өгөөч, тэтгэвэр өгөөч, сургалтын төлбөр өгөөч, эмчилгээний зардал өгөөч, зээл олгооч гэх мэт.
Яагаад ийм их мөнгөтэй холбоотой гуйлт, хүсэлт байна гэхээр төрийн бодлого буруу явсны л үр дүн харагдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэрийг засч залруулах нь бидний үүрэг.
Гэхдээ өргөдөл болгоны тоогоор зээл, гэр өгөх нь улсын их хурлын хийх ёстой ажил биш. Ялгаа заагийг гаргах хэрэгтэй байна. Салгаж өгөхгүй бол нэг хэсэг нь өргөдөл гомдол барьж гүйгээд халамжаар амьдраад, нөгөө хэсэг нь шударгаар ажиллаад байвал сөрөг зүйл нийгэмд бий болох аюултай.
Иймээс нийгмийн халамжийн бодлогыг зорилтот хүнд л хүргэхээс биш хавтгайруулж болохгүй.
Харин нөгөө шударгаар ажил хийж амьдралаа авч яваа хүмүүсийг дэмжих бодлогыг барих ёстой.
- Иймэрхүү хүсэлтүүд ирж байгаа нь нэг талаар иргэдийн боловсрол болоод нийгэм хичнээн сул дорой сэтгэлгээтэй нь харагдаж байх шиг?
Төрийн бодлого алдаатай байгаа нь харагдаж байна. Ард иргэдээ халамжийн, тэтгэлгийн сэтгэхүйтэй болгочихсон. Тэтгэлэг өгчихөөд түр дуугүй бай, тарааж өгсөн юманд тааруулаад амьдарч бай гэсэн бодлого барьсны нь гай. Ингэхийн оронд иргэд ийм эрхтэй, таны санал хууль ч болж болно гэдэг талаар иргэддээ мэдээлэл өгч, ойлгуулаагүй.
Ардчилсан намын засгийн газарт хийж байгаа хамгийн том өөрчлөлт бол иргэдээ сонсох явдал. Өмнөх засгийн газраас баахан өртэй, хоосон санхүүтэй улсыг хүлээж авсан.
-Өргөдөл бичих нь нэг талаар өөрийн сонгосон төлөөлөлдөө санал бодлоо хүргэж байгаа нэг хэлбэр. Гэтэл шалдар булдар зүйл гуйж байгаа нь өөрсдөө ч эрхээ мэдэхгүй байгаатай холбоотой болж таарах нь ээ?
Иргэн хүнд улс төрийн хоёр эрх байдаг. Саналаа өгөх, сонгох, сонгогдох гэж.
Манайхан сонгуульд нэг хүнийг дугуйлсныгаа саналаа өгчихлөө гэж хэлээд байдаг. Гэтэл тэр нь үнэндээ сонгох эрхээ эдэлсэн л хэлбэр шүү дээ. Харин санал өгнө гэдэг нь хуулийн төсөлд саналаа өгөх, тодорхой асуудалд саналаа өгөх, хуулийн хэрэгжилт болохгүй байна гэдэг дээр гомдол гаргаж байх ёстой юм. Бусад улс оронд сонгуультай хамт тухайн улс орны хэмжээнд чухал асуудлыг санал өгөх байдлаар хамт өгч болдог.
Жишээ нь саналын хуудас дотор нь энэ хуулинд ийм заалтыг оруулахыг дэмжиж байна, дэмжихгүй байна гэдэг дээр саналаа давхар өгөх боломжтой. Хэрвээ тэр асуудал олонхийн санал авбал хуулиндаа шууд оруулдаг. Сая болсон орон нутгийн сонгуулийн түвшинд ч иймэрхүү байдлаар санал авч болно. Тухайн аймагт байрлах уулыг төрийн тусгай хамгаалалтад авья гэх жишээгээр уул уурхайн асуудлыг шийдэж болмоор.
-Тэгвэл өргөдлийн байнгын хорооны ачаар санал өгөх эрхээ эдлэх боломжтой болжээ. Иргэд эрхээ эдлэхдээ мэдээлэл дутмагаас болоод эдэлж чадахгүй байна. Та бүгд төр ард түмний гүүр болж байгаагийн хувьд энэ тал дээр ямар ажлыг хийж байгаа вэ?
Монголд санал өгөх эрх нь хэд хэдэн янз байх боломжтой. Санал асуулгын тухай хууль, сонгуулийн үед саналын хуудсан дээрх асуулгад санал өгөх, нөгөө нэг нь өргөдлийн байнгын хороогоор дамжуулж саналаа өгөх боломжууд байна. Ингэж байж иргэдийн санал өгөх эрх баталгаажна.
Германд нэг иргэн өөрийн саналдаа 50,000 хүний дэмжлэгийг авбал тухайн асуудлыг парламентаар заавал хэлэлцдэг
-Энэхүү 100 хоногийн хугацаанд иргэдийн өргөдөл, саналыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. УИХ-аар иргэний саналыг хэлэлцсэн тохиолдол байна уу?
Шийдээд явж байгаа. Гэхдээ хуулиндаа одоохондоо өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэнэ гэхээс өөр зүйл алга.
Жирийн иргэн улсын их хуралд аливаа асуудал тавиад хэлэлцээд оруулах боломж хязгаарлагдмал байна. Иргэдийн өргөдлийг манай байнгын хороо хуралдаад тухайн холбогдох албан тушаалтныг нь дуудаад асуудлыг ярих гэхээр хэд хэдэн асуудал үүсдэг. Албан тушаалтан ирэхгүй юм уу, ирсэн ч худлаа мэдээлэл өгвөл яах вэ гэсэн асуудал үүсч байна.
Үүнд хариуцлагын механизм алга. Албан тушаалтанг дуудаад хуралдах гэтэл асуудлаас зугтдаг. Тэдэнд хариуцлага хүлээлгэх юм байдаггүй. Иймэрхүү явдлыг бусад улс оронд парламентийг үл хүндэтгэсэн гэж үзээд эрүүгийн хуулиар шийддэг. Энэ нь цаанаа иргэнийг үл хүндэтгэсэн хэрэг болж байгаа учраас аргагүй. Ийм нарийн заалтыг оруулж байж хяналт тавих чиг үргээ биелүүлнэ.
Үнэндээ өнөөг хүртэл хууль тогтоох үйл ажиллагаандаа л илүү анхаарснаас биш хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих асуудлаа орхигдуулсан.
-Энэ орон зайн дээр танай хороо байгуулагдсан нь маш зүйтэй алхам болсон байх. Гэхдээ хариуцлагын зүйлээ хуулинд сайн тусгахгүй бол ажил талаар болох магадлалтай юм?
Тийм ээ. Цаашид өргөдөл гомдолтой холбоотой хууль, дагалдах УИХ-ын дэгийн тухай хууль, Улсын их хурлын тухай хуулиуд дээр хуулийн өөрчлөлтүүд орохоор байгаа. Бид энэ чиглэл дээр ажиллаж байгаа. Түүнээс гадна УИХ болон нийслэл, хороодын түвшинд иргэд өргөдөл гомдлоо хэрхэн гаргах вэ гэдэг загвар өргөдлийг гаргаж байна. Иргэдэд мэдээлэл болох үүднээс загвар, гарын авлагуудыг хийгээд байгаа.
Манайд маш зузаан өргөдөл орж ирдэг. Гэтэл хорооны хоёрхон ажилтан бүгдийг нь унших хэрэгтэй болдог. Иргэд өөрийнхөө гол санааг гаргаж чадалгүй бүтэн арван хуудас өргөдөл бичдэг. Австралид жишээ нь өргөдлөө 250 үгэнд л багтааж бичих ёстой гэсэн стандарттай. Тэрийг нь маш хурдан уншаад асуудлыг нь шийдвэрлэхэд хялбар байдаг.
Ярилцсанд баярлалаа.