Гишүүд хоёр дах өдрөө маргалаа
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 11.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.
Хорооны санал дүгнэлтийг гишүүд сонсоод нэр томьёоны асуудлаар нэлээдгүй маргалаа. Тухайлбал Я.Содбаатар гишүүн хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор хяналт тавих хэсэгт гинжин хэлхээ, сүлжээ гэсэн хоёр нэр томьёог хэрхэн оруулахыг асуусан юм.
Ажлын хэсгийн гишүүн Ц.Оюунгэрэл энэ талаар ярихдаа гинжин хэлхээ, сүлжээ хоёр нь тус тусдаа өөр утгатай гэдгийг хэлэв. Гинжин хэлхээ нь аливаа хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд түүхий эд байхаас нь эхлэн, эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гарт очих хүртэлх шат дамжлагыг хэлж байгаа ажээ.
Харин сүлжээ гэдэг нь монголчуудын хэвшсэн ойлголтоор сүлжээ дэлгүүр, сүлжээ салбар гэсэн утгыг илтгэдэг учир хоёр нэр томьёог хамт байлгах шаардлагатай гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Энэхүү нэршлийн асуудлаар гишүүд хоёр дох өдрөө маргаж байгаа бөгөөд Төрийн хэлний зөвлөлөөс тодруулж асуухаар болсон юм.
Чуулган үргэлжилж байна.