2012.12.11

Татварын мэргэшсэн зөвлөхтэй болсноор далд эдийн засаг ил болно

Татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж гишүүдийн дэмжлэгийг авч хэлэлцэхээр болсон билээ.  ТИНЗ нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Алтанзаяатай ярилцлаа.

-Татварын мэргэшсэн, итгэмжлэгдсэн зөвлөх гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Татвар төлөгч иргэнд туслалцаа үзүүлэх, өөрөө татвараа тодорхойлон тө­лөхөд мэргэжлийн зөвлө­гөө өгдөг үйлчилгээ. Ма­най улсад татварын мэр­гэш­сэн зөвлөхийн үйл ажиллагаа нь Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нэрээр явагдаад эхэлчихсэн нэлээн удаж байгаа

-Дэлхийн улс орнуудад ийм ажлыг хэрхэн үнэлж, хүлээж авдаг юм бол?

-Манайхаас бусад улсад ийм тогтолцоо,  үйлчилгээ хөгжөөд олон жил болсон.  Жишээлбэл, 1919 онд анх удаа Герман улсад татварын зөвлөх үйлчилгээ үүссэн түүх бий. 1951 онд Япон, 1961 оноос Солонгос улс татварын энэ тогтолцоог хууль батлан хэрэгжүүлж ирсэн юм байна.

Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, татварын та­лаар хууль, эрхзүйн зөвлө­гөө өгнө. Татварын мэр­гэш­сэн зөвлөхийн үйл ажиллагааг зохицуулахад энэ хууль чиглэх учиртай.
-Манай улсын бусад хуультай та бүхний санаа­чилсан төсөл хэрхэн  холбогдох юм бол?

-Үндсэн хуулийн 17.3-т зааснаар татвар төлөгч иргэн татвараа өөрөө тодорхойлон төлөх ёстой. Эндээс манай нийгэм ир­гэ­ний баримжаатай эдийн засагтай болж буй нь харагддаг.  Иргэний гол үүрэг, харилцааг энэ тог­тол­цоогоор л хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Тиймээс Монгол Улсад энэ хуулийг батлуулж мөрдүүлэхийн төлөө мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ хуулийн төслийг санаач­лагчдын нэг. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ж.Батзандан, А.Бакей, Б.Гарамгайбаатар  нар энэ хуулийн төслийг сайн ойл­гож, дэмжсэнд баяртай байна.

-Хөгжилтэй орнуудад 100 гаруй жилийн тэртээ үүссэн татварын зөвлөх ажиллуулах хуулийг хэн санаачлав?

-ТИНЗ нийгэмлэ­гийн­хэн энэ хуулийн төс­лийг 2006 оноос санаачлан боловсруулж өнөөдрийг хүрсэн. Татвар гэхээр манайхан төрийн ажил юм шиг ойлгож, хандаж ирсэн. Татвар хураах эрх нь төрд байгаа. Харин татварыг ногдуулах, төлөх үүрэг нь иргэнд оногдсон. Хуулийн зохицуулалтгүй байгаа нь төрийн үүрэг юм шиг ойлгогдож ирсэн. Олон улсын тогтолцоо ч ийм зарчмаар явж иржээ.

-Энэ хуулийг баталс­наар нийгэмд ямар ач холбогдолтой, ямар давуу талтай вэ?

-Татварын мэргэшсэн  зөвлөхийн тухай хууль батлагдсанаар татвар тө­лөгчийн эрх ашиг зөвшөө­рөгдсөн эрх бүхий мэргэш­сэн зөвлөхийн туслал­цаатайгаар хамгаалагдах орчин бүрдэнэ. Байгуул­ла­гууд мэргэшсэн хүний үйлчилгээг авч татварын тайлан, мэдээгээ гаргах давуу тал бий болно. Татварын байцаагчийн өмнө мэргэшсэн зөвлөх таныг төлөөлнө  гэж ойлгоорой. Тухайн иргэн, бизнесмэний эрх ашгийг мэргэшсэн хүнээр хамгаалуулаад ирэхээр нийгэмд олон зүйл дагаад өөрчлөгдөнө.

Татварын алба хуулиа мэддэг хүмүүстэй харил­цана. Бизнес эрхлэгч нь өөрийгөө төлөөлөх эрх бүхий хүнээс үйлчилгээ авна. Ингэснээр тэдний харилцаанд эерэг үр дүн гарна. 

-Хууль батлагдвал тат­варын албаны ажил хөн­гөрнө гэсэн үг үү?

-Тайлан гаргаж мэдэх­гүй хүмүүс байцаагч нарын ажлыг уядаг, цагийг авдаг сул тал бий. Тэр бүхэнд туслаад байх хэцүү. Ингээд л ёс зүйн зарчмаа зөрчинө дөө. Энэ хууль хэрэгжвэл байцаагч нар мэргэшсэн хүний гараас тайлан авч ажлын ачаалал нь буурна. Хяналт, шалгалтаар алдаа нь илэрлээ гэхэд хариуцах эзэнтэй юм. Татварын байгууллагын ажил зохих хэмжээгээр хөнгөрнө. Байцаагч нар хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, татвар хураах чиг үүргээ шударгаар хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.  Төсвийн орлогын гүйцэтгэлд эерэ­гээр нөлөөлнө. Далд эдийн засгийн хүрээ буурна.

-Байгууллагын нягтлан бодогч үнэн зөв тайлан гаргах үүрэгтэй. Тийм байж бас татвараас элдэв аргаар бултаж худал тайлан гаргадаг хэрэг үү?

-Манайд  үнэн, зөв  тайлан гаргах хуулийн заалт байдаг ч өнөөдөр хэн гаргасан нь мэдэгдэхгүй тайланг татварын албад бишгүй л ирүүлдэг. Бид­ний санаачилсан хууль хэрэгжсэнээр тухайн тайланг хариуцах эзэнтэй болно. Зах зээлийн эдийн засгийн гол механизм нь чаддаг, мэргэшсэн хүнд тухайн ажлыг хариуцуу­лах явдал юм. Энэ системийг удахгүй бид бий болгоно.

-Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг авснаар ямар ялгаа гарах вэ?

-Хуулиар бол татварын зөвлөхийн эрх авсан хүн эргээд хариуцлага хүлээх зарчим бий. Татварын зөвлөхийн үйл ажиллагааг зөвшөөрөлтэй, зөвшөө­рөл­гүй хүмүүс одоо ч хийж байна. Эргэж хариуцлага тооцох гэхээр боломжгүй. Энэ нь хууль байхгүйтэй холбоотой. Бидний санаа­чилсан хууль батлагдвал хариуцлагын тогтолцоо чангарна гэсэн үг.  

-Хууль санаачилсан ТИНЗ нийгэмлэг татварын чиглэлээр түлхүү ажил­ладаг уу?

-Манай нийгэмлэг  татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, зөвлө­хүүдийг бэлтгэх, мэргэ­шүүлж, давтан сургадаг. Шаардлага, шалгуур хан­га­сан хүн бүхэнд нээлттэй.

-Бусад улсын туршла­гаас судалж үзсэн үү?

-Манай нийгэмлэг Ази, номхон далайн орны гишүүн байгууллагуудтай хамтран ажилладаг. Жил бүр нэг улсад хурал зохион байгуулж тулгарч буй асууд­лаа шийдэж, тат­ва­рын зөвлөхийн хөгжлийн туршлагаа хуваалцдаг юм. Энэ жил Сөүлд болсон хурлын үеэр татварын зөв­лөхийн асуудлыг хэлэлц­сэн. Австрали, АНУ, Канад, Хятад, Европын туршлагыг  хэлэлцлээ. Европынхон татварын зөвлөхийн ажлыг хууль талаас илүү ойлгож, тайлбарлаж хардаг юм байна. Харин азийнхан нягтлан бодогч талаас илүүтэй хардаг хандлага бий. Үүнээс дэлхийн бусад улс татварын зөвлөх ямар хэрэгтэйг харж байгаа байх. Шинэ Зеландад тат­варын маргаан таслах зөв­лөлийн чиглэлээр  саяхан хуралд яваад ирлээ. Тат­варын маргаан таслах үйл ажиллагаанд татварын мэр­гэшсэн зөвлөхийн үүрэг чухал болохыг ярьж байна лээ.