Д.Сарангэрэл гишүүн дэндүү сандарч, буруу товчлуур дарав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо. Тус хурлаар гурван гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулан тангараг өргүүлэх явдал байлаа.
Маргаантай байсан Өвөрхангай аймгийн тойргийн асуудал шийдэгдэж Г.Батхүү гишүүн тангаргаа өргөж байгаа талаарх мэдээллийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийлээ.
Мөн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан У.Хүрэлсүхийн асуудлыг УИХ-аар шийдвэрлэж тогтоол гаргасны дагуу СЕХ хуралдаанаараа хэлэлцээд жагсаалтаар нэр дэвшигчдийн дарааллын дагуу Д.Сарангэрэлийн нэрийг оруулж ирж буйг дуулгалаа.
Түүнчлэн УИХ-ын 22 дугаар тойрогт явуулсан дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Арвины асуудлыг СЕХ хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
СЕХ-ны даргын дээрх танилцуулгын дараа нэр бүхий гишүүд асуулт асуув. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, “Өвөрхангайд нэр дэвшин өрсөлдсөн Д.Зоригт хэд хоногийн өмнө тангараг өргөх гээд ирчихсэн байсан. Тэр хүний тангараг өргөх асуудал яасан юм бэ” гэж лавласан.
УИХ-ын дарга З.Энхболд “Өвөрхангайд нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзоригийн шүүхэд хандсан асуудал нэг мөр шийдэгдтэл тангараг өргөх асуудлыг түдгэлзүүлж өгөөч гэсэн өргөдлийг Д.Зоригт УИХ-ын дарга миний нэр дээр ирүүлсэн учир өнөөдөр энд алга байна” хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-аар баталсан Сонгуулийн тухай хууль амьдралд хэр нийцэж байгааг тодруулахад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Бид 2012 оны сонгуулиудыг шинэ хуулийн орчинд зохион байгууллаа. Хуульд цаашдаа эргэн харах, боловсронгуй болгох зүйл бий. СЕХ энэ талаарх саналаа бэлтгэж байгаа” гэсэн хариултыг өгсөн.
Гишүүд ийнхүү хариултаа авсны дараа шинэ гишүүд тангараг өргөн тангарагийн бичигт гарын үсгээ зурж, Төрийн дуулал эгшиглэлээ. Дараа нь шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.3 хувийн саналаар баталлаа.
Ганцхан гишүүн татгалзсан кноп дарсан нь Д.Сарангэрэл гишүүн өөрөө байсан юм. Тэрээр хэтэрхий сандарсан учраас буруу кноп дарсан хэмээн гишүүд инээлдэн ордноор нэг наргиа болсон.