Бүх шатны хяналтыг гаднаас биш дотор нь ажиллаж байж тогтоон, шударга бус байдлыг зогсоож чадна гэж үзсэн
Г.Шийлэгдамба: МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012.12.20

Бүх шатны хяналтыг гаднаас биш дотор нь ажиллаж байж тогтоон, шударга бус байдлыг зогсоож чадна гэж үзсэн

 МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж дууссаны дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.

Өнөөдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдлаа. Ямар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?

МАХН-ын Гүйцэтгэх товчоо дөнгөж сая хуралдаж дууслаа. Гол яригдсан асуудлууд нь  өмнөх Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцсэн МАХН Засгийн газраас гарах тухай асуудлыг  Шударга ёс эвслийн Удирдах зөвлөлд тавьж , хэлэлцүүлэх асуудлыг хөндөж тавьсан.

Уг асуудлыг хөндөж ярих болсон үндсэн шалтгаан нь  өнгөрсөн хоёр өдөр МАХН-аас  нэр дэвшиж, бүх шатны Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нийт 300 орчим төлөөлөгчидөө  хүлээн авч, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулан явуулсан байгаа. Уг сургалт семинарын үеэр явуулсан хэлэлцуүлгээр манай намаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид хэд хэдэн тодорхой асуудлаар санал дэвшүүлэн хэлэлцүүлсэн. Гол яригдсан сэдэв мэдээж МАХН Засгийн газраас гарах тухай асуудлыг хөндөж ярилаа.

Засгийн газраас гарах  эсэх тухай асуудал яригдах  болсон хэд хэдэн шалтгаан байгаа.  Нэгдүгээрт, орон нутгийн сонгуулийн үеэр МАХН-д учирсан бэрхшээл, тус намаас дэвшсэн нэр дэвшигчдийг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх,оролцсон тохиолдолд хуулинд байхгүй саад бэрхшээлийг туулсан нөхцөл байдлыг улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр гэж үзэж байсан.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой бас асуудлыг улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна гэж үзээд ёс зүйн хувьд манай нам Шинэчлэлийн гэж байгаа  Засгийн газар хууль ёсыг эрхэмлэн сахих үүргийг хангалттай биелүүлэх учиртай гэсэн үүднээс уг асуудлыг хөндөж тавьж байсан. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор  МАХН-аас төрийн бүх шатанд, орон нутгийн бүх Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дэвшүүлэн тавьж байгаагаар Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй.

Улс төрийн хэлмэгдүүлэлт, сонгуулийн булхай будилаантай явдлыг хяналт тавьж зогсоохын тулд  гадна  биш дотор  нь  ажиллаж бүх шатанд хяналтыг тавьж байж, энэ шударга бус байдлыг зогсоож чадна гэж үзсэн. Энэ асуудлыг Гүйцэтгэх товчооны хурлаар авч хэлэлцээд,  дээрх саналыг зөв  зүйтэй юмаа гэж үзсэн. 

Гүйцэтгэх товчооны хурлаар  Засгийн газраас гарах эсэх тухай асуудлыг Эвслийн удирдах зөвлөлд тавих шаардлагагүй, харин өмнө гаргасан шийдвэрээ бид дахин эргэж хараад, цаашдаа Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярт тулгаж байгаа  улс төрийн хилс хэргийг  цагаатгах шаардлагатай   төдийгүй ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх нь зүйтэй гэж төлөөлөгчид үзсэн. Энэ талаар хурлаар яригдав  уу?

Иргэдийн төлөөлөгчдийн  хэлэлцүүлгийн явцад хөндсөн нэг сэдэв бол намын даргын улс төрийн хэлмэгдүүлэлт, зохиомол хэргүүдтэй холбоотой асуудал байсан.

Энхбаяр даргатай огт холбоогүй асуудал. Энэ бол хувьчлалын цаана байгаа асуудал Энхбаяр даргатай хамаарагдахгүй,  хууль эрхзүйн хувьд ч  ямар ч боломжгүй асуудал.

Тийм учраас  энэ асуудлыг  цаашид цагаатгах нь зүйтэй гэсэн байр суурийг манай төлөөлөгчид илэрхийлж байсан.

Энэ үүднээс 2013 оны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал  яригдах үеэр Н.Энхбаяр даргыг  Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшүүлэх нь ёстой гэсэн саналыг Иргэдийн төлөөлөгчид илэрхийлж байсан. Гүйцэтгэх товчооны хурлаар иргэдийн хурлын төлөөлөгчдийн зүгээс тавьсан дээрх саналуудыг сонссон.

Албан ёсны хэлэлцүүлэх асуудал биш. Харин хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг ярилцах үед энэ асуудлыг ярилцана уу гэхээс одоогоор энэ асуудлыг  хэлэлцэхгүй,  зөвхөн Засгийн газраас МАХН  гарах эсэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан.