Хамтарч байгаа гээд хамгаалж, хаа­цай­лахгүй
З.Баянсэлэнгэ: УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2012.11.20

Хамтарч байгаа гээд хамгаалж, хаа­цай­лахгүй

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайд Засгийн газар байгуулагдаад 90 хо­нож байна гэсэн. Таны хувьд  шинэчлэлийн Зас­гийн газар хэр үр бүтээл­тэй ажил­ласан гэж бодож бай­на?

-Засгийн газар төсвөө батлах гэж будилсаар өнөөд­рийг хүрлээ. Мөн орон нутгийн сонгууль ч таарчихсан. Тиймээс Зас­гийн газар  өөрийн ажил­лах чиглэл, бололцоо нь бүрэн хангагдаж чадаа­гүй гэж бодож байна.

Ерөн­хий хандлага нь бүтээн бай­гуулалтын шинжтэй асуудлуудыг түлхүү тавь­сан. Мэдээж  ажлаа гайгүй эхэлсэн гэж бодож байна. Харин хэрэгжүүлэх явцад алдаа, оноо гарахыг үгүйс­гэхгүй.

Шууд 100 хувь биелдэг ажил гэдэг ховор. Тиймээс засч,  залруулах зүйлүүд ч бий.
МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэл анх удаа ши­нэчлэлийн Засгийн газарт хамтран оролцож байгаа учраас бодлогыг нь дэмжиж байгаа.

-Бодлогыг нь дэмжиж байна гээд бүх зүйлд нү­дээ аниад, хэлээ хазаад өнгө­рөөд байж боломгүй санагдана?

-Бид хамтарч байгаа гээд хамгаалж, хаа­цай­лахгүй. Яагаад гэвэл монгол хүний эрх ашиг зөр­чигдөж, үнэ цэнгүй болж буй тохиолдол бүрт тэдэнд зориулсан үйл ажиллагаа явуулахгүй бол хэлж, ярих л болно.

Тэр дундаа хүн рүү чиглэсэн эрүүл аюулгүй нөх­цөлд амьдрах боломжтой, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмж­сэн мөрийн хөтөлбөрөө барьж ажиллахыг зарчим болгоно. Тэгэхээр үйл ажил­лагаанаас нь хамаарч байр сууриа илэрхийлнэ.

-Хамтарсан Засгийн газ­рын үеийн үйл ажил­ла­гааны үргэлжлэлийг одоо ихэнхдээ үгүйсгэж бай­­гаа харагддаг. Энэ  нь ши­нэчилсэн  засаглалын сонгодог хэлбэр  үү?

-Төсөвтэй  холбоотой    асуу­дал хэлэлцэх үеэр Н.Алтан­­­хуяг сайд зарим үед өмнөх засгийн талаар ярьж байсан. Өмнө нь хамтарч байх үедээ тэдгээрийг яриа­гүй байж  өнөөдрийн өндөр­лөгөөс эр­гээд ярьсан нь буруу. Хамт байхдаа болох, болохгүйгээ яриагүй байж салсан хойноо ярих нь утгагүй. Угаасаа “бие холд­вол сэтгэл холдоно” гэдэг дээ.   

-“Өнчин хүн өөнтөгч” гэдэг болоод байгаа юм биш үү?

-Тэд ялагдаж сураагүй болохоор л тэгж байна. Нэг үе МАН-ынхан оодорч, бүх зүйлд “БИ” төвтэй байсан. Эрх мэдэл нь ихдэж, толгой нь дэндүү томроод ирэхээр ард түмнээсээ тасарч байгаа юм. Гэтэл “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг шиг УИХ-ын өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээчихээд түүнийгээ ойл­гохгүй явсаар өдгөө бүлгээ ч байгуулж чадаагүй явна. Уг нь бүлэг байгуулах боломж бүрэн байсан. Тэгэхэд Бага хурлаа хийгээд  л сууж байсан шүү дээ.

Хэрэв  тухайн үед оодорч яваагүй бол өнөөдөр бүлгээ байгуулчихсан жинхэнэ сөрөг хүчний байр сууриа илэр­хийлээд, завсарлагаа авч болох байсан. Тиймдээ л бус­даас өө сэв  хайж байна. Уг нь сөрөг хүчин байх сайхан.

Сөрөг хүчин гэдэг чинь бодлогоороо өрсөлдөхийг хэлдэг. Гэтэл зарим тохиол­долд аливаа асуудалд эсрэг байр суурь илэрхийлж байс­наа  яг  санал хураалгаж, кноп дарах үед л  дэмжиж байгаа нь ажиглагддаг. Тиймээс бүх зүйлийг  хавт­гайруулж, буруутган  шинэч­лэлийн Зас­гийн газар руу дайрах нь буруу гэж бодож байна.

-“Шударга ёс” эвслийн­хэн АН-ын эргэж буцдаг занг мэддэг болсноор  гиш­гэсэн мөрөө байнга хянах хэрэгтэй болж байна уу?

-Мэдээж бүлгийн ху­рал­дааны үеэр тэд ингэх байх, тэгэх вий гэх асуудлыг ярихгүй л дээ. Аливаа асууд­лыг цаг хугацаа л харуулна. Манай бүлгийнхэн хоо­рондоо эвтэй байхад Засгийн газраас гарсан ч, гараагүй ч байр сууриа илэр­хийлнэ. Хувь хүмүүст то­дорхой бодол байдаг байх.
Бид  эхнээсээ   шу­дарга   бус, хууль  бус зүйл­­­­тэй эвлэрэхгүй гэдгээ илэр­­­­хийлсэн. Тиймээс ши­нэч­лэлийн Засгийн газар, тэр дундаа “Шударга ёс” эвс­­лийг тарааж, бутраачих юмсан гэсэн бодолтой, өрсөл­дөгч олон бий.

-Шударга бус явдал гэс­нээс та нөхдийг  албан ту­шаалаа ашиглан Интер­полд захидал бичиж байна гэж иргэд ойлгож байгаа юм биш үү. Энэ тэгээд шударга явдал мөн үү ?

-Хууль  зүйн дэд сайд Э.Эрдэнэ­жамъянгийн хувьд төрийн тамга тэм­дэг ашиглаж, албан тушаа­лынхаа бланканд тэрхүү эрэн сурвалжлах ажлыг таслан зогсоохыг шаардаагүй. Ца­хим шуудангаар л харилц­сан.

Манай улсад хүний эрхийг хамгаалдаг олон бай­гууллага бий. Мөн Ин­терпол руу шууд бусаар, өөр байгууллагаар дамжиж хандаж болдог. Түүгээр дамжуулаагүй нь л  асуудал болоод байгаа.

Хууль зүйн яамны зүгээс эсвэл АТГ-аас Интерпол руу хэн нэгэн харьцаж ма­гадгүй гэж бодож, айж бай­сан бол интернэтийн ту­хайн эрхийг нь хааж, хяз­гаарлах хэрэгтэй шүү дээ. Э.Эрдэнэжамъянгийн үйлдэл хууль бус гэж үзэж байгаа юм бол Интерполын эрэн сурвалжлах үйл ажиллагаа зогсчихсон л байх байсан. Гэтэл өнөөдөр үргэлжилж л байгаа.

Тэгээд ч Интерпол улс­­төрийн асуудалд ороо­цолд­доггүй. Тиймээс би ч гэсэн иргэн хүнийхээ хувьд улс­төрийн гэмт хэрэгтэй хол­боотой шүү гэдгийг хэлэх нь зүйн хэрэг. Хүний өмнөөс бус өөрийнхөө байр суурийг  л илэрхийлсэн. Манай на­мынхан Олон улсын шүүх болон Интерполд хандаж Монгол оронд, МАХН-тай холбоотой асуудлуудыг авч үзнэ үү хэмээн захидал бич­сэн. Гишүүд нь  ч гарын үсэг зурсан.

-Гэхдээ та УИХ-ын ги­­шүүний хувьд албан ту­шаалаа ашиг­ласан бол­чихоод бай­гаа юм биш үү?

-Интерполд  хэн ч  мэдээ­лэл өгч, хандаж болно. Бид улстөрийн албан тушаалаа л бичсэн. Тэр утгаараа аливаа байгууллагад хандах эрх маань нээлттэй.

-Хууль зүйн байнгын хо­рооны  ажлын хэсгийн ху­ралдааны үеэр Ц.Нямдорж гишүүн  МАХН-ыг бүрт­гэсэн  нь хууль бус гэсэн тайл­бар хэлсэн. Ямар учиртай юм бэ?

-Ц.Нямдорж гишүүн Эрүүгийн хуульд өөрчлөлт орж буйтай холбогдуулан тайлбар хийх ёстой гэсэн. Тэгснээ Улсын Дээд шүүх ажлаа хийхгүй байна. Ялангуяа МАХН-ыг хууль бусаар бүртгэсэн гэж хэлсэн.

-Түүнээс хойш үйл ажил­лагаагаа явуулаад бүр парламентад бүлэг бол­чихсон байхад уу?

-Миний хувьд тухайн үед эсрэг байр сууриа илэр­хийлсэн. Тэр  хүн өнөөг хүртэл хувь заяатайгаа эв­лэрэхгүй байна. Нухац­тай бодвол улстөрийн хэлмэг­дүүлэлт байсныг нотлоод байгаа биз дээ. МАХН нэрээ бүртгүүлж байх үед Ц.Нямдорж Хууль зүйн сайд байсан хүн. Гэтэл аль хэдийнэ шийдэгдсэн асуудлыг өнөөдөр сөхөж байгаа нь тун хачирхалтай. Дээд шүүхийн тухай ярьж байхад МАХН-ыг хөндөж байна. Хэрвээ талх ярих гэж байгаа бол талхаа л ярих учиртай. Тэгэхгүй хаа хамаагүй зүйл яриад, хэ­рүүл хийхийн тулд элдэв өө хайгаад байж болохгүй. Харин ч “Би сайд байх үе­дээ засч, залруулах гээд бо­лоогүй шүү. Одоо ингэмээр байна” гээд саналаа хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэр утгаа­раа Ц.Нямдорж гишүүн улс­төрийн хэлмэгдүүлэлтээр на­мын даргыг баривчилсаныг нотлоод байгаа юм.

-Сайд байх үедээ МАХН-ыг хууль бус гэж үзсэн юм бол яагаад арга хэмжээ аваагүй юм бол?

-Тэр хүний хийсэн ганц том ажил нь манай на­мын даргын баривчилгаа. Түүнийг маш сайн зохион байгуулсан. Ц.Нямдорж ги­шүүн хэдэн жил салбарын сайд нь байсан хэрнээ өнөө­дөр хууль, шүүхийн бай­гууллагыг муу хэлээд сууж болохгүй. Алдаатай нь энэ, оносон нь тийм гэж ярих учиртай. Түүнээс биш дундаа данхтай цай тавьж суугаад хов ярих гэж байгаа мэт энд тэндхийн асуудал руу үсчиж байгаа нь миний хувьд харамсалтай санагдаж байна. Бас инээд хүрч байна.

-Ц.Нямдорж гишүүн ту­хайн үед Н.Энхбаяр дар­гыг баривчлахыг огт мэ­дээгүй гэдэг шүү дээ?

-УИХ-ын гишүүн бүр үнэн ярьдаг гэвэл худлаа. Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Мөн дотор нь ороод ирсэн чинь олон жил улстөрч байсан хүмүүс үнэн хэлнэ гэж байдаггүй юм шиг санагдаж байна.