Төрийн нууцын жагсаалтыг шинэчилнэ гэв
УИХ дахь АН-ын бүлэг шинэ оны эхний хуралдаанаараа намрын чуулганы үлдсэн хугацаанд хэлэлцэх асуудлуудыг ярилцсан байна.
2013.01.03

Төрийн нууцын жагсаалтыг шинэчилнэ гэв

Үүнд, Ерөнхийлөгчийн өргөн бариад буй УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаж буй. Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хоёр тохиолдолд түдгэлзүүлэхээр заасны эхнийх нь УИХ-ын гишүүн гэмт үйлдэл хийж байгаад газар дээрээ баригдсан, хоёрт мөрдөн байцаалтаар ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр заасан байна. Гэвч АН-ын бүлэг эхний тохиолдлыг нь дэмжиж, удаахыг нь маргаан дагуулж мэдэх ойлгомжгүй заалт хэмээн хасахаар санал нэгдсэн байна.

Тус хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь мөн энэ чуулганы хугацаанд хэлэлцэх Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төсөл байсан байна. Уг хууль нь маш олон жилийн өмнө батлагдсан учир шинэчлэлийн Засгийн газрын иргэддээ ойр, нээлттэй байх зарчимд харшлаад байна хэмээн үзжээ. Тиймээс төрийн нууцад хамаарах зүйлсийн жагсаалтыг шинэчлэн батлах шаардлагатай байна хэмээн АН-ын бүлэг үзсэн байна. Нөгөөтэйгүүр төрийн нууцад хэтэрхий олон зүйлийг багтаасан нь эдүгээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон хэмээн тус бүлгийн гишүүн С.Одонтуяа хэлж байв.

Уг ажлын хэсэгт АН-ын бүлгийн гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ажиллах юм байна.

Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж буйгаа ч дуулгасан.

АН-ын бүлгийнхэн манай улс төрийн намууд хэтэрхий нүсэр, хүнд суртаптай, ард түмний төлөө гэхээсээ илүү намын эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага болон хувирсан гэдгийг онцолж байв. Тиймээс үүнийг өөрчлөхийн тулд юуны түрүүнд УИХ-д олонх болсон нам тусдаа байранд тухалхаасаа илүү ИТХ-аар дамжуулан төрийн ажлыг явуулдаг болох, улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах зэрэг асуудалд анхаарч, хуульд тусгах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна.