2013.01.24

Хоморголон халах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй

Шинэчлэлийн Засгийн газрын энэ үед ажлаас халагдсан төрийн албан хаагчдын тоо 2000-д хүрсэн байна. Энэ тоо асуулга авч эхэлснээс хойшхи 14 хоногийн дотор ирүүлсэн санал гэнэ. Төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл нь цадигаа алдсан тухай мэдээллийг өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар нар сэтгүүлчдэд өгсөн юм. С.Бямбацогтоос зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Та Ерөнхий сайд Н.Алтанхуягт төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа нь үнэн эсэхийг лавласан асуулга тавьсан гэсэн. Хариулт нь ирсэн үү?

-Төрийн албаны халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд асуулга тавьсан. Асуулгын хариуг хуулиараа сарын дотор өгөх үүрэгтэй. Гэвч хуулийн хугацаанаас 11 өдрөөр хэтэрч бүрэн бус хариултыг илгээсэн байгаа. Өөрөөр хэлбэл, албан ёсны шийдвэрийг дахин нэгтгээд илгээнэ гэсэн боловч дөрвөн сарын хугацаанд ямар хариулт ирүүлсэнгүй. Энэ үйлдлээрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг шууд зөрчиж байгаа юм. Хэдийгээр Шинэчлэлийн Засгийн газар өөрсдийгөө ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулж байгаа гэх боловч төрийн ордны музейг нээлттэй болгосноос өөр нээсэн зүйл харагдсангүй. Ялангуяа, төрийн алба хэмээх шалгуур өндөртэй, хууль дүрмээр явдаг томилгоог ямар байдлаар зөрчиж халаа сэлгээ хийснийг нь асуухад огт хариу өгөхгүй юм.  Албаны хүмүүс нь бидэнд ямар ч хариу ирүүлэхгүй байгаа ч иргэдээс ирж байгаа мэдээллийн хүрээнд төрийн алба зөрчигдөж байна гэсэн дүгнэлт хийж байна.

-Төрийн алба данхайсан гэдгийг “илчлэх” тоо баримт нь бий юу?

 -Өмнөх Засгийн газар 11 яамтай, 929 албан хаагчтай байсан. Харин Шинэчлэлийн Засгийн газар нь 16 яамтай 1625 албан хаагчийн орон тоотой ажиллаж байна. Энэ нь яамдын орон тоог 696 хүнээр нэмсэн үзүүлэлт юм. Хэдийгээр Засгийн газрын зүгээс “Агентлагуудын тоо багассан учраас орон тоо нэмэгдээгүй” гэж  байгаа боловч энэ нь үнэнд нийцэхгүй хариулт. Татан буулгасан гээд байгаа агентлагуудыг улсын үйлдвэрийн нэрээр хэвээр ажиллуулж байна гэсэн үг. Тухайлбал, Удирдлагын академи, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар гэхчилэн нэрлэж болно.

Төрийн албан хаагчдын цалин хөлсний зардлыг өнгөрсөн онд нэг их наяд 200 тэрбум төгрөгөөр тооцож байсан бол энэ онд 200 тэрбум төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байдаг.

Энэ нь төрийн албан хаагчдыг цомхотгосон биш нэмэгдүүлсэн болж таарч байна. Өөрөөр хэлбэл, 33 мянган хүнээр нэмэгдсэн гэсэн тооцоо бий. Нэмэгдүүлэхдээ ажиллаж байсан ажилчдыг нь халж өөр хүнийг ямар ч шалгуургүйгээр ажилд авсан асуудал байгаа юм. Дээрээс нь Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагуудын дарга нарыг түр орлон гүйцэтгэгч гэсэн статусаар ажиллуулж байна. Ингэхдээ Төрийн нарийн бичгийн даргад очсон хүний олонхи нь улс төрнийн нам, хувийн хэвшилд ажиллаж байсан. Ингэснээр Төрийн албаны тухай хуулийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.

-Төрийн албан хаагчдын нэгдсэн холбоонд ирж байгаа мэдээллээр халагдсан хүний тоо хэдэд хүрч байна вэ?

-Нэгэнт Засгийн газрын зүгээс хариу өгөхгүй байгаа учраас нээлттэй утас ажиллуулж халагдсан төрийн албан хаагчдын тоог авч байгаа. Зөвхөн 14 хоногийн хугацаанд 2000 гаруй албан хаагч халагдсан гэдгээ мэдэгдээд байна. МАН 2004, 2008 онд засгийн эрхийг барихдаа ингэж хоморголон халж байсан тохиолдол байхгүй. Төрийн албан хаагчдыг хоморголон халах нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.