Эмнэлэг үү, контор уу гэсэн маргаан байнгын хороонд ч өрнөв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд эл эмнэлгийн тухай маргаан өрнөж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд завсарлага авлаа.
2013.01.24

Эмнэлэг үү, контор уу гэсэн маргаан байнгын хороонд ч өрнөв

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг тойрсон маргаан тасрах шинжгүй. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд эл эмнэлгийн тухай маргаан өрнөж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд завсарлага авлаа. Тус байнгын хороо Засгийн газарт үүрэг өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Эл тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Отгонбаяр тэргүүтэй 21 гишүүн санаачилж, боловсруулжээ. 

Байнгын хорооны хуралдаанд дээрх тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм. Танилцуулгад дурдсанаар бол УИХ-ын 21 гишүүн ТТАХНЭ-ийн шинээр барьж байгаа барилгын зориулалтыг өөрчилж ХЗЯ, УЕПГ-ын контор болгох Засгийн газрын шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзжээ. 

Ингээд УИХ-ын гишүүд тогтоол санаачлагчдын нэг О.Баасанхүүгээс асуулт асууж, зарим нь горимын санал гаргав. ТТАХНЭ-ийн асуудлаас болж УИХ-ын зарим гишүүний хороонд ширүүхэн маргаан ч өрнөлөө. 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Надад горимын санал байна. Тогтоолын төсөлд санал өгөх гэхэд мэдээлэл дутмаг байна. Хоёр талын мэдээллийг сонсъё. Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого, эмч нарын ярьж буй асуудал хоёрыг дахин сонсч, жинлэж хэмжье.

УИХ-ын гишүүн Батсуурь:

-Тогтоолын төсөлтэй холбоотой Засгийн газраас санал авсан уу. ТТАХНЭ тойрсон маргаан удаан үргэлжилж байна. Үүнээс болж төвөгтэй байдалд ч үүслээ. Энэ эмнэлгийг Цэргийн госпиталтай нэгтгэх нь зөв хэдий ч нөгөө талаар эмнэлгийн зориулалтаар барьсан барилгын зориулалтыг нь өөрчлөх нь зохимжгүй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Засгийн газар хуулийн хугацаандаа саналаа ирүүлээгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

-Энэ талаар ҮАБЗ-ийн гишүүд, Х.Тэмүүжин сайдтай удаа дараа санал солилцсон. Харамсалтай нь, эмнэлгээр нь үлдээх шийдвэр гаргахгүй байна. Улстөржилгүй асуудлаа шийдье л дээ. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Гол өдөөн хатгагч нь та шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

-Эмнэлэг хэрэгтэй юү, контор хэрэгтэй юү гэдгийг шийдэх цаг болсон. Намайг өдөөн хатгагч гэнэ үү дуртайгаараа ярь. 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: 

-Энэ асуудал Төсвийн тухай хууль зөрчсөн үү?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Яам, сайдын зүгээс шинээр объект бариулах, шилжүүлэх эрх нь нээлттэй. ТТАХНЭ-ийн хувьд өнгөрсөн дөрвөн жил төсөвт сууж, гүйцэтгэл хийгдсэн. Барилгыг нь барьж дуусаагүй байхад нь ийм асуудал ярьсан нь хууль бус.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: 

-Горимын санал байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайд өөр өөр санал хэлж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей дарга энэ асуудлыг хэлэлц гэж Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хуваарилсан байна. Хоёр байнгын хороо хамтарсан хурал хийж, нэг шийдвэр гаргавал ямар вэ.

УИХ-ын гишүүн Тлейхан:

 -Хууль зүйн салбарын шинэчлэл хийх, эмнэлэг барих хоёр хоёулаа чухал асуудал. Гэхдээ нэг ажлаа нөгөөгөөр нь нураах нь утгагүй. Ард түмнээс контор, эмнэлэг хоёрын аль нь хэрэгтэй вэ гэвэл эмнэлэг л гэнэ. Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах нь зөв.

 УИХ-ын гишүүн Д.Арвин: 

-Энэ асуудал Төсвийн тухай хууль зөрчсөн эсэх талаар О.Баасанхүү гишүүн хариулт өгч чадахгүй байна. Оюунгэрэл сайдын хэлснийг дэмжиж байна. Цэргийн госпитал, ТТАХНЭ, ХЗЯ-ныхны мэдээллийг дахин сонсч шийдвэр гаргацгаая.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 АН эмнэлэгт дургүй байгаа бол тэрийгээ хэл. Энэ эмнэлгийн зориулалтыг нь өөрчилж байхаар хүүхдийн эмнэлэг болгоё. ЭМЯ-ны харьяанд шилжүүлж өгье.    

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-АН эмнэлэг хэрэггүй гэж яриагүй. Нийгэмд тийм ойлголт төрүүлж болохгүй. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

-Өмнөх Хууль зүйн сайд, хуульч гишүүд ч хуралдаанд сууж байна.  Хууль зөрчсөн гэж юугаа яриад байгаа юм бэ. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан. Хуульчид байж хуулиа буруу тайлбарлаад байх юм. Хууль зөрчигдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-АН-ын бүлэг энэ асуудлаар байнгын хорооны хуралдаанаас завсарлага авч байна. Ингэснээр хуралдаан цаашид үргэлжлэх боломжгүй болж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хуралдаанаа өндөрлүүллээ.