Хөдөлмөрийн яам зээлийн батлан даалтын санг байгуулна
Олон улсын ядуурлыг бууруулах өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдрийн хүрээнд Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөрийн биржтэй хамтран “Ажилтай монгол хүн” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилж тэднийг дэмжихэд чиглэжээ. Тус өдөрлөгийн талаар Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан
“Ажилтай монгол хүн” өдөрлөгт хэчнээн аж ахуй нэгж оролцож байгаа вэ?
-Энэ өдөрлөгт 20 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Тухайлбал, Увс, Ховд, Сэлэнгэ аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж байна. Өнөөдрийн өдөрлөгөөр жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бичил бизнес эхлүүлэхэд зээлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл зөвлөгөө авахын зэрэгцээ өөрсдийн ажлаа тайлагнасны үндсэн дээр зээлийн батлан даалтад хамрагдах боломж нөхцөл байгаа эсэхээ тогтоох боломжтой юм. Мөн ажилгүй иргэд сонирхож байгаа ажлын байраа эндээс олж авах боломжтой юм. Энэ өдөрлөгийг цаашид уламжлал болгон явуулахаар шийдвэрлэсэн.
-Хөдөлмөрийн яам жижиг үйлдвэрлэгчдийг дэмжихэд чиглэсэн ямар ажлыг хийж байгаа вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд чиглэсэн ажлыг төрөөс санхүүгийн олон талт бодлогоор дэмжиж байгаа. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрүүдэд олгож буй зээл тусламж нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр болж байгаа эсэхэд яамны зүгээс сайтар хяналт тавьж чадвал ажлын байрыг нийслэл төдийгүй хөдөө орон нутагт нэмэгдүүлэх бололцоо байна.
Хөдөлмөрийн яам ирэх дөрвөн жилийн хугацаанд зээлийн бодлогыг дэмжсэнээр 150 мянган хүнийг ажилтай болгох зорилт тавиад байна.
-“Ажилтай монгол хүн”-ийг бий болгохын тулд Хөдөлмөрийн яам цаашид юу хийх вэ?
-Манай улсад тогтвортой байгаа 60-аад мянган аж ахуй нэгжийн 80 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрлэгчид хамрагддаг. Гэхдээ идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж байгаа 36 мянган аж ахуй нэгжээс 12500 гаруй нь татвар төлж байгаа аж ахуй нэгж байна. Үүнийг тоогоор авч үзвэл нэлээн жин дарж байгаа мэт боловч яг идэвхитэй үйл ажиллагаа явуулаад татвар төлдөг аж ахуй нэгжийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүндрэл маш их байдаг. Иймд Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, нөөцийн татвараас чөлөөлөх хуулийг гаргасан. Энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газраас энэ оны хоёрдугаар сард батлан гаргасан Зээлийн батлан даалтын хуулийн дагуу Хөдөлмөрийн яам болоод Эдийн засгийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, нийгэм олон нийтийн байгуулагуудыг хамарсан Зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулах олон талт ажлыг хийж байна. Одоогоор үүнд чиглэсэн дүрэм боловсруулж байгаа.