2013.02.08

“Цагаан сараас өмнө мөнгө олгохгүй”

Одонтой эхчүүдийн мөнгийг Сар шинийн баяраас өмнө олгоно гэж байсан юм. Одонтой эхчүүдийн тоог гаргаж, материалыг нь Сангийн яаманд хүргүүлсэн, Сангийн яам мөнгийг олгоно гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдээд байсан  билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.

-Одонтой эхчүүдийн мөнгийг Сар шинийн баяраас өмнө олгоно гэж байсан. Энэ мөнгийг олгож эхэлсэн үү?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас материалаа бүрдүүлээд өгөх нэг асуудал. Хамгийн чухал нь хөрөнгө мөнгөний бүрдүүлэлтийг хийх ёстой. Шинэ оны эхэнд нэг, гуравдугаар сар төсвийн хувьд хүнд сар байдаг. Сангийн яаманд бэлэн хуримтлуулсан хөрөнгө мөнгө байхгүй. Бид хуулийн хүрээнд хөрөнгийн бүрдүүлэлтийг хийж байна. Мөнгө бүрдүүлсний дараа боломжтой үедээ өгнө.

-Хоёрдугаар сард багтааж одонтой эхчүүдийн мөнгийг өгнө гэж байсан. Сар шинийн баяр болж байгаа учраас иргэдэд мөнгөний хэрэгцээ байгаа байх. Тиймээс ч одонтой эхчүүдийн мөнгө хэзээ олгох нь иргэдэд хүлээлт үүсгээд байгаа л даа?

-Төсөв, төсвийн хуваарь гэдэг нь хоёр өөр зүйл. Одонтой эхчүүдийн мөнгийг Төсвийн хуваарьт оруулсан байсан. Дөнгөж хоёрдугаар сард гараад төсвөө бүрдүүлэхээр бэлтгэж байна. Нэгдүгээр сарын бүрдүүлэлтийг бид нэлээд хүнд даваа туулж бүрдүүлж дуусаад байна. Тиймээс дараагийн сарын бүрдүүлэлтээ эхэлж байна.