2011.09.06
Д.Очирбат: ”Эхэд урамшуулал олгоход жилд 30 тэрбумыг зарцуулна”
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн гол зорилго нь юунд оршиж байна вэ?
-“Монголын үрс маш олон болтугай” гэдэгт л гол зорилго нь бий. Ер нь эхчүүдийг дэмжиж өгснөөр хүн ам зүйн бодлого дээшлэх юм. Өнөөдөр хүн амын харьцаа өөрчлөгдөж байна. Тухайлбал хүн ам хэт залуужаад ч байгаа юм шиг. Нөгөө талаас хүмүүсээ урт наслуулах талаар ажиллаж байгаа хэрнээ залуучууд, эхчүүд рүүгээ хандсан нийгмийн бодлого нь дутагддаг. Тиймээс нэг эх хамгийн багаар бодоход гурван хүүхэд төрүүлэх эх оронч сэтгэлгээг бий болгох хэрэгтэй.
Хоёр хүүхэдтэй эх урамшуулалд хамрагдахын тулд гурав дахь хүүхдээ төрүүлэх эрмэлзлэлтэй болгох нь чухал юм.
Ер нь эхэд болон хүүхдэд хүрч байгаа халамжийн бодлого дутаж буйг Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн газар анхаарах ёстой. Хүүхдийн төрөх эмнэлэг барьчихаад тэдний төлөө ажил хийчихлээ гэж ойлгож болохгүй.
-Ер нь ийм бодлого явуулснаар төрөлт ихсэх болов уу?
-Эх, хүүхдэд тэтгэмж олгох, мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг анх 2006 онд баталсан. Уг хуулийн дагуу хүүхэд бүрт сард 3000, улиралд 25 мянга, шинээр төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг олгож байсан. Энэ нь өрхийн амьжиргаанд төдийгүй эхэд ихээхэн нэмэр болсон юм. Хүний хөгжил сангийн тухай хуулиар 2009 онд дээрх тэтгэмжийг хүчингүй болгосон. Тэр үед 68 мянга гаруй эх төрсөн бол 2010 онд 62 мянга болж буурсан байгаа юм. Тиймээс л эхийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх талаар анхаарах хэрэгтэй.
-Сонгууль дөхөж байгаа болохоор эхчүүдэд таалагдах гэсэн хууль, дахиад л хавтгайрсан халамж өгөх гэж байна гэх зэргээр энэ хуулийн төслийг ярьж байна. Таны хувьд үүнд ямар тайлбар хийх вэ?
-Хуулийн төслийг хэлэлцээд нэлээд хугацаа өнгөрлөө. Хуулийн төсөлтэй холбоотой олон асуудал үүсэж байгаа. Энэ бол хавтгайруулсан халамжтай огт холбоогүй. Жендерийн асуудал яриад байгаа хэрнээ эхийн хөдөлмөрийг үнэлэх тухай ярихгүй байна. Хүүхдээ төрүүлж, өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг эхийн гавьяа. Тийм учраас яах аргагүй эх оронч хуулийн төсөл юм.
-Гадаадын улс оронд хүн ам зүйн бодлого, эхчүүдийг дэмжих талаар хэрхэн ажилладаг талаар судалж үзсэн үү?
-Эхчүүдийг хамгаалах Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенци гэж бий. Уг конвенциор жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн, эрүүл мэндийн болон тэтгэлгийн хэмжээг Үндсэн хуулиар зохицуулсан олон баримт байдаг. Австри улс гэхэд 35 наснаас доош залуучуудыг цагаачлалаар орж ирэхэд нь шууд авдаг байх жишээтэй. Тэгэхээр эхчүүдийг дэмжиж байгаа энэ хуулийн төслийг хавтгайруулсан халамж гэж ойлгох хэрэггүй.
-Хэдэн хүүхэдтэй эх ямар урамшуулал авах талаар хэрхэн зааж өгсөн байгаа вэ?
-Гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд хөдөлмөрийн хөлсний 50 хувьтай тэнцэх буюу 70.200 төгрөг, дөрөв дэх хүүхдээ төрүүлбэл 105.400, тав дахь хүүхдээ төрүүлбэл 140.400, зургаа дахь хүүхдээ төрүүлбэл 175.500, долоо дахь хүүхдээ төрүүлбэл 210.600, найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлбэл 280.800 төгрөгийн урамшуулал авах юм. Энэ тооцоог хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулж хийж байгаа. Магадгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 200 мянга боллоо гэхэд үүнийгээ дагаад урамшуулал нь өснө гэсэн үг.
-Ийм хэмжээний мөнгө гаргавал төсөвт ямар нэгэн дарамт учруулах уу?
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн газрын 2010 оны тооллогоор 0-16 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 24.146 байна. Бидний хийсэн судалгаагаар дээрх мөнгөн урамшууллыг өгье гэвэл сардаа хоёр тэрбум 842 сая төгрөг болно.
Жилд 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө тийм их тоо биш.
Уул уурхай, эдийн засгийн өсөлттэй харьцуулахад жилдээ 30 тэрбум төгрөгийг эхэд зарцуулахад төсөвт хүндрэл учруулахгүй. Монгол мал хөтөлбөрт 50, 60 тэрбум төгрөг, хөдөлмөр эрхлэлт, ноос, ноолуурын салбарыг дэмжихэд 300, 150 тэрбумыг зарцуулж байна. Тэгвэл яагаад эхийн хөдөлмөрийг үнэлэхэд 30 тэрбум төгрөг зарцуулж болохгүй гэж.
-Хүүхдийн тухайд нас заасан байгаа юу?
-Хуулийн төсөлд 16 наснаас дээш бол уг урамшуулалд хамаарахгүй. Жишээлбэл гурван хүүхэдтэй айлын том хүү нь 16 хүрсэн бол урамшуулал авахгүй гэсэн үг.
-“Хүний хөгжил сан”-ийн мөнгөө сургалтын төлбөр, орон сууцанд зарцуулахгүй иргэд бэлэн бусаар хэрхэн олгох талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ямар санал оруулж байна вэ?
-Тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалдаа хийж болно. Мөн дунджаар 65-аас дээш насны иргэд бэлнээр авах талаар хуулийн төсөл санаачилж байгаа.
-Засгийн газрыг огцруулах тухай нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж байгаа гэсэн. Сонгууль болоход жил ч хүрэхгүй хугацаа үлдсэн байхад Засгийн газрыг огцруулна гэдэг нь цаг хугацааны хувьд хэр тохиромжтой юм бол?
-УИХ-ын нэр бүхий гишүүдээс газрын хэвлий доорх баялгийг ашиглаж байгаа талаар зарим гэрээнд нэмж тусгах, үйл ажиллагааг нь эргэн харах талаар шаардлага хүргүүлж байгаа юм билээ. Монгол ажилчдын тоог 60-аас дээш хувьтай байхаар гэрээнд тусгаж өгсөн. Гэтэл чадахгүй байна. Монгол ажилчдыг ажиллуулж буй нэрээр нүглийн нүдийг гурилаар хуурч байна. Энэ тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд үүрэг өгөхөөр баталгааны хуулгыг нь гаргаж ирэхгүй байгаа. Хүлээсэн үүргийг нь биелүүлдэг болгоё гэж ярьж байгаа юм.