Ц.Баярсайхан:Цөөнх болж шүүмжлэхийн оронд хамтраад засагт ажиллах нь амласнаа биелүүлэхэд дөхөмтэй
2011.11.03

Ц.Баярсайхан:Цөөнх болж шүүмжлэхийн оронд хамтраад засагт ажиллах нь амласнаа биелүүлэхэд дөхөмтэй

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа.
-Сонгуулийн хууль мөд батлагдахгүй шинжтэй харагдаад байх юм. Та юу гэж бодож байна?
-Монголын ард түмэн өөрийн төлөөллөөр дамжуулж төрийн эрх барьдаг. Сонгох, сонгогдох эрхээ яаж эдлэхийг зохицуулдаг эрх зүйн бичиг баримт нь Сонгуулийн тухай хууль. Тэгэхээр энэ хуулийг давчуу хугацаанд биш сонгуулийн дараа хэлэлцэж баталбал зүгээр гэсэн бодолтой байгаа. Одоогийн байдлаар Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгаар нэлээд олон зүйлийг шийдэж байна. Сонгуулийг шударга явуулах нь чухал юм. Шинэчилсэн бүртгэлээр бүртгүүлсэн иргэд саналаа цахим хэлбэрээр тоолуулна гэх зэрэг ахиц гарч байна.
Гэвч сонгуулийн тогтолцоон дээрээ ойлголцохгүй байна л даа.
Сүүлийн сонгуулиудаа мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн. Үүнд давуу, сул талын аль аль нь бий. Тиймээс пропорциональ тогтолцоогоор явуулбал яасан юм гэдэг асуудал ;яригдсан. Германаас судалгааны олон хүн ирж манайд судалгаа хийж пропорциональ, мажоритар тогтолцооны холимог 38:38 гэсэн хувилбар тохиромжтой гэсэн. Сонгогчид өөрсдийгөө төлөөлөх хүнээ шууд сонгохын зэрэгцээ улс орны хөгжлийн бодлогыг зөв авч явах улс төрийн намыг сонгоно гэсэн үг. Энэ саналыг дэмжиж байгаа. Мажоритар тогтолцоогоор явуулсан сонгуульд олон нам өрсөлддөг учраас сонгогчдын бараг 40 гаруй нь парламентад төлөөлөлгүй болж үлддэг. Тиймээс энэ хэсгийн саналыг парламентад оруулах ёстой учраас пропорциональ тогтолцооны хэлбэрийг тусгах нь зөв. Нөгөө талаар улс төрийн намуудад бас боломж өгөх ёстой.
-Тооны хувьд маргаан байна л даа?
-Зохистой хэлбэрийг сонгох нь зөв л дөө. Одоо яригдаж байгаа 48:28 гэсэн хувилбараа сонгоод хуулиа хурдлуулчихад болохгүй зүйлгүй. Амьдрал нэг парламентаар хязгаарлагдахгүй учраас тооны хувилбарыг цаашдаа өөрчилж болно. Парламент харин 26 тойргоо хэтэрхий жижиглэвэл хүндрэлтэй. Үүнийгээ харгалзаад асуудлаа шийдэх хэрэгтэй. МАН, АН ямар ч байсан тохиролцоонд хүрээд Сонгуулийн хуулиа батлах байх. Нийгэмд шийдэх ёстой олон асуудал байна. Улс төрийн аль ч хүчин энэ чиглэл рүү бодлого хандуулж, хоосон амлах биш бодитоор ажиллах зорилттой ирэх оны сонгуульд орох хэрэгтэй.
-Засгийн газрын үйл ажиллагаанд та ер нь ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Эдийн засгийн өсөлт байна. ДНБ-ий үйлдвэрлэл, импорт нэмэгдэж, экспортод гаргаж байгаа зэс, нүүрсний ханш өслөө. Уул уурхай, газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдлээ. Ажлын байр ч тодорхой хувиар.өсөж байна. Гэвч Монголын олон өрхийн амьдрал Засгийн газраас олгодог хэдэн төгрөг дээр тогтож.байгаа нь үнэн. Төв суурин газрыг бараадаж нүүж бай-гаа хүний тоо олширч байна. Тиймээс уул уурхайгаас орж ирэх орлогыг зүгээр тараах биш бодитой эдийн засгийн өсөлтөд зориулсан хөрөнгө оруулалтад зарцуулах ёстой. Уул уурхайгаас олох орлогоор бусад салбараа дэмжих шаардлагатай байна. Тухайлбал. мал аж ахуйгаа эрчимжүүлэх чиглэл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Аялал жуулчлал, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах шаардлага ч бий. Ингэж ажлын байр бий болгох хэрэгтэй байна. Энэ мэтчилэн улс оронд хийх ажлууд тодорхой байна. Гагцхүү үүнийг яаж шийдэх вэ гэдэг дээр Засгийн газар дутагдалтай ажиллаж байна уу даа гэж боддог.
-Тэгэхээр энэ Засгийн газрыг огцрох хэмжээнд очтолоо муу ажиллаагүй гэж үзэж байна уу?
-Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хамтарсан Засгийн газар байгууллаа. Үр дүн нь гараагүй байна. Ер нь Засгийн газар тогтворгүй байх нь жирийн иргэд, бизнесийн орчны хувьд тийм ч таатай зүйл биш. Тиймээс Засгийн газар тогтвортой сайн ажиллаж байгаасай гэж боддог. Тэглээ гээд юу ч хийхгүй зүгээр суу гэсэн үг биш л дээ. Үнэндээ Засгийн газар жинхэнэ хийх ёстой ажил руугаа орохгүй байна. Зайлшгүй хийх ёстой ажилдаа хойрго хандаж байна гэж би шүүмжилдэг.
-Тухайлбал?
-Оюу толгой, Таван толгойн том бүтээн байгуулалтын ажил хийгдэх нь тодорхой. Оюу толгой бол эрчим хүчний маш том хэрэглэгч. 2005 онд Мандалговиос Таван толгой, Оюу толгой гэсэн шугам.татаж, төвийн эрчим хүчээр хангая. Таван толгойн нүүрсний нөөцөө ашиглан томоохон дулааны цахилгаан станц барья. Цахилгаанаа Оюу толгойд өгч мөнгө олох ёстой. Гэтэл энэ ажлаа хийж чаддаггүй. "Шивээ-Овоо"-гийн нүүрсний уурхайд дулааны станц бариад эрчим хүчийг нь урд хөрш рүү экспортолно гэж олон жил ярьсан.
Гэтэл өнөөдөр станцаа барих нь битгий хэл зураг төслөө ч гаргаагүй сууж байна.
Өмнөговь аймагт усны асуудал чухлаар тавигдаж, янз бүрээр судалж шинжилж байна. Гэтэл Монголын төр өөрөө тэнд усны хайгуул хийгээгүй байна шүү дээ. Бид ямар устай юм, хэдий хэрийг нь ашиглуулах юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Замын асуудал байна. 2008 онд Улаанбаатар-Мандалговь-Далан-задгад-Таван толгой-Оюу толгойн замыг эргэн төлөх нөхцөлтэйгээр барья гэсэн. Тэгсэн өнөө-дөр дөнгөж гар хүрэх төдийгөөр энэ ажлыг эхлүүлж явна. Үүнийг хийчихсэн бол нүүрсний борлуулалтад тавих хяналттай, авдаг татвар нь тодорхой, төрийн ажил ахицтай байх байлаа.
-Оюу толгой өөрөө цахилгааныхаа эх үүсвэрийг яагаад хангаж болохгүй гэж. Үүнийг эсэргүүцээд байгаагийн учир юу юм бэ?
-Засгийн газар Оюу толгойн гэрээг анх байгуулахдаа цахилгааны асуудлыг дотоод эх үүсвэрээс шийднэ гэсэн. Тэгэхгүй бол эрчим хүчний борлуулалтаас Монгол Улс ямар ч орлого олох-гүй. Оюу толгой өөрөө цахилгаан станцтай болох юм бол үгүйдээ Таван толгойн нүүрсийг авах гэрээтэй байх тусдаа хөрөнгө оруулалтыг нь шийдэх ёстой шүү дээ. Гэтэл одоо БНХАУ-аас цахилгааны шугам татаж байх юм.
-Эрдэс баялгийн салбарын ажил муу байгааг энэ жишээнүүдээр хэллээ. Тэгвэл сайдыг нь огцруулахаар хоёр ч удаа асуудал тавьж байхад яагаад дэмжээгүй юм...
-Сайдыг солиод ажил нь өргөс авсан юм шиг сайхан болчихдоггүй юм билээ. Бүх ажил сайн байх нь нэг сайдаас хамаарахгүй л дээ. Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Нөгөө талаас яам, агентлагт ажиллаж байгаа хүмүүс ажилдаа хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ.
-Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын есөн гишүүн өргөн барьсан. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хууль номынх нь дагуу асуудлыг тавьж болно шүү дээ. Ер нь УИХ, Засгийн газартаа хариуцлага тооцдог, ажлыг нь ч хийлгэдэг байх ёстой.
-Оюу толгойн гэрээг сайжруулахыг гишүүд шаардсан. Та тэдэнтэй санал нийлж байгаа юу. Эсвэл тэднийг улс тор хийгээд байна гэж үзэж байна уу?
-Оюу толгойн гэрээг хоёр ч парламентаар дамжиж хэлэлцүүлсэн. Гэрээг баталж тогтоол гаргах үед би Эдийн засгийн байнгын хорооны дарга байлаа. Ажлын хэсэг байгуулаад нэлээд ажилласны хувьд нэлээд саналыг Засгийн газарт хүргүүлж байсан юм. Тухайн үед гэрээг хуулийн дагуу байгуулах ёстой. Тодорхой хувийг Монголын тал үнэ төлбөргүй эзэмших саналыг ч тавьж байлаа. Ингээд Засгийн газраас санал орж ирсэн. УИХ тал талаас нь ярьж байгаад гэрээг батлах эрхийг Засгийн газарт өгөхөөр болсон. Гэхдээ Ашигт малтмалын хуульд хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн тохиолдолд 34 хувийг эзэмшиж болно гэж заасан байгаа. Үүний дагуу бид энэ хувиа эзэмшье. Татварын ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар 50-иас доошгүй хувийг Монголын төр эзэмших ийм тогтоол баталсан. Энэ бол Оюу толгойгоос шууд 50 хувь авчих гэсэн үг биш.
Оюу толгой бол хөрөнгө оруулалтын ажил явцын шатанд байна
Үйлдвэр ажиллаад анхны хөрөнгө оруулалтаа нөхнө. Зэсийн ханш өндөр байгаа нөхцөлд хөрөнгө оруулалтаа хялбар нөхчихнө. Энэ үед монголчууд түүний ашгийн нэлээд хувийг авдаг тэр жишиг рүү ойртоно гэж ойлгож байгаа. Тэртэй тэргүй гэрээ хийсэн нөгөө талдаа "Бид 50 хувийг авна шүү" гэдэг мессежийг УИХ аль хэдийнэ тогтоолоор гаргаад өгчихсөн. Тиймээс гишүүдийн шаардлага бол үүнийг л баталж байгаа хэрэг шүү дээ. Би зөв л гэж байгаа. Магадгүй энэ удаагийн ч юм уу, дараагийн парламент Оюу толгойн 50 хувийг Засгийн газраас шаардах эрхтэй. Гэрээнд ямар нэг маргаантай зүйл гарвал Лондонгийн арбитрийн шүүх дээр очих ёстой. Оюу толгойн үйл ажиллагаа, санхүүд аудит хийдэг, олон улсын хэмжээнд ажиллах чадвартай өөрийн гэсэн компанитай болох хэрэгтэй, манайх. Ингэвэл Оюу толгойн хэдэн хувийг орлого нь хаашаа орж байна, ямар ашиг олж байна гэдгийг тогтоож байхгүй бол орлогоо хаанаа нууж байгааг мэдэх аргагүй болно шүү дээ. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийг хүчингүй болгож, оронд нь Өсөн нэмэгдэх роялтын хуулийг гаргасан. Энэ бол борлуулалтын эцсийн орлогоос авдаг учраас нэлээд өндөр татвар. 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд зааснаар роялтын хэмжээ 2.5 байсан. Харин 2006 онд миний санаачилснаар таван хувь болж нэмэгд-сэн. Энэ бол өндөрт тооцогдох татвар шүү дээ. Тэгэхээр Оюу толгойн роялтыг нэмэгдүүлэх үү, эсвэл эзэмших хувиа 50-иас дээшгүй хувь болгох уу гэдгээ дотооддоо ярих л ёстой. Монголчууд нэг л үгээр ярьдаг болох ёстой.
-АН МАН-тай хамтарснаараа бишгүй шүүмжлүүлж байгаа...
-МАН-тай хамтрах шийдвэрийг манай намын ҮЗХ-оор шийдсэн. Тухайн үед гишүүд бүгд дэмжсэн. Учир нь хоёр нам хамтраад их зүйл бүтээнэ гэдэг үүднээс шүү дээ. Шүүмжилснийх нь төлөө АН хам-тарсан Засгийн газраас "гарлаа" гээд гарчихдаг юм биш. Намаараа ярьж хэлэлцэж байж шийднэ. АН-аас таван хүн Засгийн газарт ажиллаж байгаа. Тэднийг сандал суудал тэвэрчихээд тавихгүй байна гэж ойлгохгүй байгаа. Улс орны төлөө тодорхой ажил хийх гээд зүтгэж байгаа хүмүүс.
Улс төрийн аливаа хүчин Засгийн эрхийн төлөө сонгуульд ордог.
Цөөнх болж шүүмжлэхийн оронд хамтраад засагт ажиллах нь амласнаа биелүүлэхэд дөхөм. Парламентад цөөнх болсон намыг ард түмэн "Дөрвөн жил эднээс юу ч хүлээсний хэрэггүй юм байна. Амласан нь худлаа боллоо" гэж бодно шүү дээ. Монголчууд эвсэж хамтарч байх юм бол хүчтэй. Хагарч бутарч байвал бусдын идэш болохдоо амархан гэдгийг түүх гэрчилнэ.
-Тэгэхээр цаашдаа ч хамтрах нь ашигтай гэж үү?
-Ирэх сонгуулийн дүнг урьдчилж хэлэхэд төвөгтэй. Улс төрийн тодорхой намууд парламентад орж ирэх болов уу гэж харж байна. Мэдээж АН, МАН гэлтгүй аль нэгтэй нь өөр улс төрийн хүчин хамтрахыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Та хэвлэлүүдэд тэр болгон ярилцлага өгөөд байдаггүй. Гэхдээ хууль санаачлах,
боловсруулах ажилд хамгийн идэвхтэй оролцдог гишүүдийн нэг гэдэг...
-Миний хувьд 20 гаруй хуулийн төсөл санаачилсан. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөх тухай хуулийг батлууллаа. Сая Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хадгаламж зээлийн хоршооны хууль, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Харин одоо Зээлийн батлан даалтын тухай хуулийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулах гэж байна,.
-Энэ ямар учиртай хууль юм бэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 60 гаруй тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийн зээлд зарцуулсан байгаа. Энэ нь банкаар дамжуулсан учраас голдуу барьцаа хөрөнгөтэй иргэдэд хүрдэг. Гэтэл цаана нь барьцаа хөрөнгөгүй хэрнээ боломжийн төсөл бичсэн хүмүүст зээл олдохгүй байгаа учраас төрөөс барьцааны 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргадаг төсөл боловсруулсан. Нэгдсэн төсвийн хуульд өөрчлөлт оруулах замаар эрх зүйн үндсийг бүрдүүлэх гэж байна. Хуулийг хэлэлцээд шийдвэрлэчих юм бол барьцаа хөрөнгө нь зээл авахад хүрэхгүй байгаа иргэд жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаар дамжуулаад төрөөс батлан даалт гаргуулж зээл авах боломжтой болно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.