Дэлхийд өрсөлдөх “Монгол брэнд” гараанаас гарлаа
Хүсэл мөрөөдөл байна гэдгээ нотлох нь хийх ажлын 50 хувь гэж ярьдаг. Төрийн ордонд эхэлсэн Монголын эдийн засгийн чуулганы сэдэв “Монгол брэнд”. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид хамтраад Монгол брэндийг хэрхэн бүтээх талаар санал солилцох юм. Манай улсын нийт экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 хувьд боловсруулалт хийдэг бөгөөд үлдсэн нь түүхийгээрээ экспортлогддог. Тиймээс эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын зорилт гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээхдээ хэлээд ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах, сүү болон аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломж бий гэлээ.
Социализмийн үед манай улс 1,2 сая метр даавуу үйлдвэрлэж байсан. Гэтэл өнөөдөр нэг см-ийг ч үйлдвэрлэхгүй байна.
Монгол улс 17 мянган тн ноосныхоо 7000 орчмыг нь сайн боловсруулаад чанартай бүтээгдэхүүн хийж чадвал жилд 2,5 сая метр даавуу үйлдвэрлэх боломж байгаа юм. Энэ боломжийг бодит ажил болгохын төлөө энэ өдрүүдэд ярилцана гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо. Брэнд гэдэг нь хамгийн сайн чаддаг, хийдэг бүтээгдэхүүнээрээ улс орондоо, бүс нутагтаа, улмаар дэлхийд танигдах, дэлхийг байлдан дагуулахын төлөөх тэмцэл юм. Үүний төлөө монголчууд бид нэгдэн тэмцэх цаг болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Хоёр дахь өдөр нь дэлхий нийтийн асуудал болсон “Усны санаачилга”, “Төр хувийн хэвшлийн хоорондын хөгжил”, “Ногоон эдийн засаг ба ногоон хөгжил” гэсэн уламжлалт сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.
Манай улстай адил уул уурхайн бүтээгдэхүүнээрээ голлож байсан Чили улс эдийн засагтаа том өөрчлөлт хийж, дэлхийд дарсаараа алдаршсан. 1996 онд тус улсад дарс үйлдвэрлэгчдийн тоо 12 байсан бол 10 жилийн дараа 70 болж, 30 сая доллар олдог байсан нь 600 сая доллар болж өссөн. Өнөөдөр дарсныхаа экспортоор дэлхийд 5, үйлдвэрлэлээрээ 9 дүгээрт жагсаж байна. Үүнээс харахад бидэнд эдийн засгаа 5 жилд 20 дахин өсгөх боломж харагдаж байгаа юм гэж Ерөнхий сайд жишээ татаад хамтарч, нэгдэж чадсан нь Чили улсыг ийм амжилтад хүргэсэн. Манай аж ахуйн нэгжүүд ингэж ажиллаж чадвал богино хугацаанд сор бүтээгдэхүүнээ дэлхийд тамгалж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монголын эдийн засгийн чуулган Монгол брэнд сэдвээр дагнан “Эдийн засгийн төрөлжилт ба Монгол брэнд” нэгдсэн хуралдаан болж хүнс, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хэрхэн брэнд үйлдвэрлэх, дотоод болоод гадаадын хэрэглэгчдэд хүргэх, эдгээр үйлдвэрлэл хөгжихэд эдийн засгийн ямар хөшүүрэг хэрэгтэй болон хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн асуудал гэхчлэн үйлдвэрлэл тойрсон асуудлаар оролцогчид санал солилцсон. Хоёр дахь өдөр нь дэлхий нийтийн асуудал болсон “Усны санаачилга”, “Төр хувийн хэвшлийн хоорондын хөгжил”, “Ногоон эдийн засаг ба ногоон хөгжил” гэсэн уламжлалт сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.