Д.Ганхуяг: Японы ард түмний сайхан сэтгэл рүү ус цацаж байна
2011.05.23

Д.Ганхуяг: Японы ард түмний сайхан сэтгэл рүү ус цацаж байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед таныг Японы "Өвсний үндэс" хөтөлбөр болон бусад зээл, тусламжийг ашигладаг гэсэн яриа гарах болсон.Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-Энэ маш хортой гүтгэлэг. Япон улс хөгжлийн албан ёсны тусламжаа олон оронд хэрэгжүүлдэг.Тэд энэ ард түмнийхээ татварын мөнгөөр аль нэг улстөрч, эсвэл тэр орны хувийн компанид үйлчилнэ гэж байхгүй.Тэд авилга авдаггүй, өгдөггүй гэдгээрээ олон орны ард түмэнд хүндлэгддэг. Энэ МАН-ын улстөрчдийн гэгдэх хэвлэлд намайг гүтгээд зогсохгүй Японы ард түмний сайхан сэтгэл рүү ус цацчихлаа. Харамсалтай л байна.

-Та тэгвэл Японы өвсний үндэс хөтөлбөр болон бусад буцалтгүй тусламж манай улсад хэрэгждэг тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдлын тодруулахгүй юу. Энэ ганцхан таны асуудал биш тул олон нийтэд зөв ойлголт өгөх нь зүйтэй болов уу?

-Монгол Улсын шилжилтийн үед 2010 оныг хүртэлх хугацаанд Япон 1.08 орчим тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, 800 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үзүүлсэн байдаг. Энэ зээл тусламжийн дотор "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 280 гаруй сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг шинээр барих болон өргөтгөхөд 20 гаруй сая ам.долларыг зарцуулсан. Өвсний үндэс хөтөлбөр нь 1989 онооос эхэлж хэрэгжсэн. Нэг төслийн төсөв нь125 мянган ам.доллар. Хөтөлбөрийн хүрээнд "Бридж констракшн" ХХК эмнэлэг, цэцэрлэг,сургуулийн барилга болон өргөтгөл, засварын гэсэн дөрвөн ажлыг Хөвсгөл, Архангай, Улаанбаатарт хэрэгжүүлсэн. Манай улсад "Өвсний үндэс" хөтөлбөр хэрэгжээгүй сум, аймаг, дүүрэг ховорхон байх гэж бодож байна. "Өвсний үндэс" хөтөлбөрийг Японы Элчин сайдын яам Засаг дарга болон холбогдох төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн гүйцэтгэгч компаниудын дунд тендер зарлаж шийдвэр гаргаж гүйцэтгэлийг хянадаг гэсэн. Бодит үнэн энэ байна. Би "Бридж констракшн" компанид албан ёсоор хувь эзэмшдэг нь үнэн. Энэ компани "Өвсний үндэсний төсөл"-ийн 280 гаруй төслөөс дөрвөн төсөлд оролцсон. Яагаад оролцож болохгүй гэж. Хууль зөрчөөгүй. Би 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд энэ хөтөлбөр намайг УИХ-ын гишүүн болохоос 15 жилийн өмнө эхэлсэн, мөн энэ төслийг шийдэх, хэрэгжүүлэхэд миний зүгээс оролцох боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

-Япон улсаас ирэх буцалтгүй тусламжаар"Бриджконстракшн" 2.5 сургууль барьчих хөрөнгөөр нэг сургуулийг чадан ядан барьдаг гэх. Энэ талаар юу хэлэх вэ?

-Монгол Улсын "Ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх" Японы буцалтгүй тусламжаар хэрэгжих төсөл 2000 оноос эхэлсэн.Төслийг Монголын талаас БСШУЯ, Японы "ЖАЙКА" байгууллага хамтарч хүн ам ихээр төвлөрөх болсон нийслэл, Дархан болон Эрдэнэт хотод хэрэгжүүлдэг.Төслийн ерөнхийлөн гүйцэтгэгчийг "ЖАЙКА" байгууллага, Японы зөвлөх компани, Монголын БСШУЯ-ны оролцоотойгоор уралдаант шалгаруулалтаар шийддэг. Шалгаруулалтаар шалгарсан төслийн ерөнхийлөн гүйцэтгэгч Японы компани нь Монголын аж ахуйн нэгжүүдээс туслан гүйцэтгэгч компаниудыг шалгаруулдаг юм билээ. Энэ үйл явц нь Японы засгийн газрын нэр хүндтэй холбоотой учир тэд барилгыг чанартай барьж чадах туслан гүйцэтгэгчийг сонгох эрхтэй. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд манай барилгын компаниудаас "Дархан төмөрлөг", "Суурь", "МЕС", "ХИМОН", "Улаанбаатар" констракшн, “Бридж” констракшн зэрэг компани сонгогдон шалгарч байжээ.Төслийн ерөнхийлөн гүйцэтгэгч компаниас туслан гүйцэтгэгчид компаниар нэг сургуулийн барилгыг барилгын нийт талбайн хэмжээнээс шалтгаалж 400-800 мянган ам.долларын ажлыг гэрээний дагуу гүйцэтгүүлж ирсэн.Төслийн хүрээнд ойролцоогоор нийт 20 мянган орчим суудалтай 40 гаруй сургууль баригдсан. Энэ төслийн туслан гүйцэтгэгчээр "Бридж констракшн" компани анхнаас нь шалгарч ирсэн. Шалтгаан нь компанийн захирал нь Японд их сургууль төгссөн япон хэлтэй хүн бий. Нөгөө талаас энэ компанид япон инженер ажилладаг. Мөн энэ төсөл нь намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө эхэлсэн.

-Захиалгатай гүтгэлэг гэж та хэлж байсан. Ямар үндэслэлээр ийн хардаж байгаа юм бэ?

-МАН-ын улстөрчид ард нь байдаг гэгддэг хэвлэлээр ор үндэсгүй гүтгэлэг гаргасан. Нэг л зүйлийг олон давтаж байгаа нь санаатай гүтгэлэг гэхээс өөр юу байх вэ.Үүний шалгаан нь ойлгомжтой. Оюутолгойн гэрээнд Монголын ашгийг нэмэгдүүлэх байдлаар өөрчлөлт оруулах,Таван толгойтой холбоотой луйврыг зогсоох талаар сонгогчдоосоо авсан УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд туушдаа тэмцэж байгаа. Нөгөө талаас 2012 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа Баянзүрх, Налайх дүүрэг хүн ам ихтэй учир тойргоо сольж Баянзүрх дүүрэгт өрсөлдөх гэж байгаа улстөрчдийн явуулга байхыг үгүйсгэхгүй.

-Та Монгол-Японы парламентийн бүлгийн даргаар сүүлийн зургаан жил ажилласан. Магадгүй энэ суудал таныг ийн хардахад нөлөөлсөн байж мэдэх юм?

-Монгол Японы хамтын ажиллагааны түүхэнд анх удаа Япон дахь Монголын жил Монгол дахь Японы жилийг санаачилж байлаа. Мөн гацчихсан байсан жижиг дунд үйлдвэрт зориулсан хоёр үе шаттай зээлийг хөдөлгөөнд оруулсан. Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлэх санааг оруулж байлаа. Хоёр орны эдийн засгийн харилцааг хувийн хэвшилд суурилан явуулах хамтын ажиллагааны хөтөлбөрийг болон хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах санааг гаргасан. Ингээд яривал хийсэн зөндөө л ажлууд бий. Хаанахын ч улстөрч бай Японы улстөрчид эсвэл төрийн албан хаагчид нь хувийн болон аль нэг компанийн асуудлаар хандвал тэд дахиад бараг харьцахгүй байх.Тийм ёс зүйтэй хүмүүс.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.