Л.Гантөмөр:Концессын хуулиар шийдвэл олон цэцэрлэг, сургууль зэрэг барих боломжгой
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2013.03.06

Л.Гантөмөр:Концессын хуулиар шийдвэл олон цэцэрлэг, сургууль зэрэг барих боломжгой

Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарын зөвлөлгөөн өчигдөр боллоо. Тус арга хэмжээний нээлтэд БШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож, ирэх дөрвөн жилд хийх ажлаа танилцуулсан юм. Энэ үеэр салбарын сайд Л.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Боловсрол, шинжлэх ухааны яам энэ жилээс сурах бичгүүдийг өөрсдөө боловсруулна гэж байна. Сурах бичгүүдэд ямар шинэчлэл хийх вэ?

-Сурах бичгийн агуулгын хэмжээг Боловсролын хүрээлэн тогтооно. Монголын төрд өөрөө шийдвэр гаргадаг институт байх ёстой. Хүн бүрийн хүсэлд нийцэх албагүй ч Монголын хүүхдүүд ийм агуулгаар, ийм хэлбэрээр боловсрол эзэмшинэ гэдгийг тодорхойлох чадвартай Боловсролын хүрээлэн бий болгохоор зорьж байна. Мэдээж туйлширсан түүх, худал уран зохиол гэж байдаггүй. Шинжлэх ухааныг өөрөөр тайлбарладаггүй учраас олон улсын төвшинд, дэлхийн жишигт нийцсэн мэдлэгийг монгол хүүхдүүд авч чадах тэр агуулгыг сурах бичигтээ тусгах байгууллага нь Боловсролын хүрээлэн байх юм. Энэ жилийн хувьд сурах бичгүүдийг шинэчлэхгүй, дараа жилээс шинэчлээд явна.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Кембрижийн боловсролыг Монголд нэвтрүүлэхээр багагүй цаг хугацаа, хөрөнгийг зарцуулсан. Кембрижийн боловсролыг Монголд нэвтрүүлэх энэ тогтолцоо хэр үр дүнтэй байв. Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой юу?

-Кембрижийн их сургууль гэрээний дагуу бидэнд зөвлөгөө өгч байгаа. Дэлхийн жишигт нийцсэн боловсролын системтэй болохын тулд Кембрижийн их сургуулиас зөвлөгөө авч байгаа. Кембрижийн боловсролын төвөөс монгол хүүхдүүдээс шалгалт авдаг жишиг рүү орж байгаа. Харин Кембрижийн сургалтын хөтөлбөр Монголд нийцэхгүй, бидэнд Монголын үндэсний стандарт гэж байгаа. Энэ стандартаар л боловсролын системийн ажил явагдана.

-Ачаалал ихтэй сургууль олон бий. Энэ жилийн хувьд сургууль, цэцэрлэгхэр олноор нэмэгдэх вэ?

-Яамнаас төсвийн хүртээмжийн дагуу хөрөнгө оруулалтаа хийнэ. Үүний хажуугаар концессын хуулийн дагуу хийх ажлуудыг УИХ дээр танилцуулсан. Үүнийг шийдүүлж чадвал бид богино хугацаанд маш олон цэцэрлэг, сургуультай болох боломж байгаа. Энэ жил 65 сургууль, энэ тооны цэцэрлэгийг шинээр ашиглал-тад оруулахаар төлөвлөсөн.