Багш нар заах арга зүйгээ шинэчилж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал биеллээ олж байна
2013.01.09

Багш нар заах арга зүйгээ шинэчилж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” байгуулагдсанаасаа хойш анхны сургалтаа явуулж байна. Нэгдүгээр сарын гуравнаас эхлэн 28 хоног бага ангийн багш нарт заах арга зүйн сургалт явуулж, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг багш бүрт хүргэх, хүүхдийг хөгжүүлэх ур чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэхүү сургалтын дүнд багш нарын хүүхэдтэй харилцах хандлага өөрчлөгдөж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй сайжрах юм байна.

Эхний ээлжинд нийслэлийн есөн дүүргээс 83 багш “Багшийн хөгжлийн ордон”-д, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 44-р сургуульд тус тус өөрсдийн багш нарыг сургалтад хамруулж байна. Бага ангийн багш нар сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа төдийгүй хүүхдийн хичээл хийх сонирхол, эцэг эхчүүдийн хүүхэддээ анхаарал хандуулах нь дээшилж байгааг ч хэлж байсан юм. Цаашид аймаг, нийслэлийн 400 орчим багшийг заах арга зүйн  сургалтад хамруулах юм байна.