Л.Гантөмөр: Багш нар эхлээд цалингаа зарла, дараа нь нэмүүлэх тухай ярь
Боловсролын сайд Л.Гантөмөр
2012.10.11

Л.Гантөмөр: Багш нар эхлээд цалингаа зарла, дараа нь нэмүүлэх тухай ярь

Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг парламентад өргөн мэдүүлж, бүтцийн байгууллагын хэлэлцүүлэгт оруулж байгаа. Парламент дахь намын бүлгүүд уг төсөлд дүн тавьж, засч залруулах ажилд орж, ажлын хэсэг ч байгуулсан. Ирэх оны төсөв хэр боловсронгуй хийгдсэн болон боловсролын салбарын асуудлаар УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Төсвийн төсөл бэлэн болчихсон хэлэлцүүлж байгаа. Ер нь, ирэх жилийн төсөв өмнөх оныхоос хэр сайн, шинэлэг талтай болсон гэж үзэж байна вэ?
-Өмнөх он болон түрүүчийн Засгийн газрын инерц бол бий. Нэг үгээр хэлбэл, зургаа, долдугаар сард төсвийн хүрээний мэдэгдэл гарснаас хойш боловсруулж ирсэн. Гэхдээ салбарын сайдууд ганц л өдөр саналаа гаргаад шууд оруулчихдаггүй. Тодорхой цаг хугацаанд боловсруулахдаа бүх төвшний буюу аймаг, сум, дүүрэг, багаас саналыг нь авдаг юм. Ер нь, айхтар шинэчлэгдсэн төсөв гэхээсээ илүү өмнөх үеийн инерцтэй төсөв гэж ойлгож болно. Тийм учраас мундаг гайхамшигтай шинэ төвшинд хүрсэн гэхээсээ илүүтэй өмнөх дүр зураг харагдсан гэж хэлэх гээд байгаа юм. Миний хувьд ийм л зүйл анзаарч харсан. Гэхдээ сайд нар өөрсдийн салбартаа хийх шинэчлэл, бодлогуудынхаа сан­хүүжилтийг гаргасан. Жишээлбэл, Сайншандын цогцолборын зураг төсөл, дэд бүтцийнх нь анхны шийдлүүд энэ төсөвт бодиттойгоор орж ирлээ.
-Танай салбарын хувьд..?
-Мэдээж, хэрэгцээт санхүүжилтээ тусгуулна гэж бодож байсан. Тодруулбал, хүүхэд бүр рүү чиглэсэн хөгжүүлэх хөтөлбөр, бодлого, ном унших хөтөлбөр, авьяас нээх, багш бэлтгэхэд зориулсан төсөв гэх мэт бий. Энэ мэтчилэн онцлогтой, хийх гэж байгаа ажилдаа зориулсан тодорхой саналуудаа оруулаад л явж байна.
-Дэлхий даяар санхүү эдийн засгийн хямрал нүүрлэх гэж байхад данхайсан бүтэцдээ зориулж зарлага нь дэндсэн төсөв оруулж ирлээ хэмээн шүүмжилж эхэллээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Өмнөх оны инерц байгаа болохоор зарцуулалтын хувьд сайн, чанартай, алдагдал багатай болсон гэж хэлэхэд хэцүү. Өнгөрсөн жилд байсан зардлуудыг хадгалах зайлшгүй шаардлага байгаа. Инфляцтайгаа уялдаад зарим нэг нь зарлага өсдөг. Тэр жишиг өнөөдөрч үйлчлээд л явж байна.
-Орлого төлөвлөлт, төсөөлөл долоон их наяд гэсэн байна. Ийм хэмжээнд хүргэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
-Уг нь, ондоо багтаагаад нэлээн мөнгө зарах ёстой юм л даа. Тэгж байж ирэх оны төсвийн зарлагаа хүссэн хэмжээндээ хүргэж явуулах боломж бүрдэнэ. Яагаад гэ­вэл, зарлага нь орлогоос хамааралтай. Бид олох орлогоо долоон их наяд гэж төсөөлөн, тооцсон. Ийм хэмжээний орлого олохын тулд 15 их наядын борлуулалт хийх ёстой. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн тэлэлт, эргэлтийг сайжруулах алхмуудыг ондоо багтаан хийгээд эхэлбэл ийм хэмжээний орлогыг олох бүрэн боломжтой. Хэрэв эргэлт нь сайжрахгүй, зах зээл маань тэлэхгүй тохиолдолд хямралтай холбоотойгоор уналтад орох л байх. Ер нь, бид хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалтад л их найдлага тавьж суугаа. Төмөр зам, Оюу толгой, Таван толгой, төрөл бүрийн барилгын материал үйлдвэрлэхэд оруулж буй хөрөнгө оруулалт гээд. Эндээс орж ирэх хөрөнгө нь маш том гэж ойлгож болно. Нөгөө талаар цэвэр нүүрсний экспорт хүндрэхээр байгаа тул үүнд Засгийн газар анхаарч шийдэл гаргах, тодорхой алхам хийх шаардлагатай байгаа. Энэ бүхнээ шийдвэл төлөвлөсөн орлогоо олж чадна.
-Инфляцыг найман хувьд барих зорилт тавьсан. Хямрал айлчлан ирнэ гээд байгаа үед чадах болов уу?
-Монголбанкны ерөнхийлөгч Золжаргал найман хувьд барина гэж итгэл төгс л хэлж байгаа. Ерөнхийдөө хэд хэдэн зүйл дээр санаачилга гаргаад ажиллая гэж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, мах, гурилын үнийг өсгөхгүй, барилгын материал дээрээ анхаарч, Замын-Үүдийн дэд бүтцээ хөгжүүлж, хүнсний ногоогоо өөрсдөө хангах асуудлыг шийдье гэсэн. Маш их хэмжээгээр хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ амархан хөдөлж, иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг. Бид өөрсдөө шийдэж болох дээрх зүйлд анхаарлаа зөв хандуулбал бусад бүтээгдэхүүний хувьд инфляцад нэг их нөлөөлөөд байхгүй гэж үзсэн юм. Энэ бүхнийг зохицуулж, ханшийг нь тогтвортой байвал төв банк инфляцыг наймаас хэтрүүлэхгүй байх. Гэхдээ энд нэг болгоомжлох зүйл бий л дээ.
-Чухам юун дээр?
-Инфляцаа найман хувь гээд хатуу тогтоож, хөдөлгөхгүйгээр барьчихвал түүн дээрээ бүх анхаарал нь төвлөрөөд бодит эдийн засаг руу мөнгө хийх буюу бодлогын хүүгээ бууруулах алхам дутагдаж, түүнээс татгалзах бий гэсэн болгоомжлол юм л даа. Хэрвээ эдийн засаг руугаа мөнгө хийж, сайжруулах чиглэл баримтлан ажиллавал үнэхээр сайн байна гэхээс өөр үг алга. Ер нь, найман хувь гэдгээ туйлын зорилго гэж харалгүй явж, мөнгөний хувьд жаахан ч гэсэн нөөц аван ажиллавал улс орон, иргэдэд илүү их ашигтай байх. Ингэж чадвал зээлийн хүү буурч, мөнгө элбэг олдох боломжтой.
-Төсөв болон мөнгөний бодлого уялдаатай явсны үр дүнд инфляц тогтвортой байж, иргэдийн амьжиргаа дээшилж, бүтээн байгуулалтын ажил өрнөж, улс орон хөгжинө гэдэг. Өнөөдөр энэ хоёр хэр уялдаж байгаа талаар?
-Сүүлийн он жилүүдэд төсөв нь мөнгөний нийлүүлэлтээ дэмжсэн хэлбэрээр явж ирсэн. Мөнгө нь чанга, нийлүүлэлт нь ховор байлаа. Эдийн засгийг дэмждэг нь төсөв л байсан. Уг нь, төсөв чанга хатуу, мөнгөний нийлүүлэлт элбэг байвал эдийн засаг эрүүл байх юм. Гэхдээ нөгөө талдаа байгаа болохоор архаг хууч өвчтэй олон жил явлаа. Өнөөдөр хуучны инерц байгаа тул 2013 онд өвчин үргэлжсээр байх болно. Бид 2014 оны төсвийн хүрээний мэдэгдлийг гаргахдаа төсөв нь хэрхэн эрүүл байх зарчмыг баримтлах ёстой. Үүнийг хэрхэн хийх ёстой вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй байх. Ер нь, эхний алхам нь ч хийгдчихлээ. Тодруулбал, Монголбанк зээлийн хүүгээ бууруулж, инфляцаа барина гэсэн нь юм. Харин хийгдэж буй алхмыг дэмжих асуудал нь 2014 онд хийгдэх ёстой.
-Бэлэн мөнгө тараах асуудлыг цэгцэлсэн нь нэлээн том алхам болох байх?
-Тийм. Халамжийг хавтгайруулан олгох асуудлыг цэгцэлж буй нь зөв тийш явж буйн шинж.
-Та бид хоёр төсөв ярьж байгаа болохоор таны хариуцсан салбарын хэмжээнд төсөв хүрэлцээтэй байгаа эсэх талаар ярих нь зөв болов уу?
-Санал нэг байна. Бидэнд байгаа тооцоогоор дөрвөн жилийн хугацаанд 1,2-1,5 их наяд төгрөг шаардлагатай. Уг мөнгө нь хүүх­дүү­дийг сургуульдаа идэвхтэй суралцаж, хангалттай хэмжээний сургууль цэцэрлэгтэй болгоход зарцуулагдах юм. Гэхдээ бүх хөрөнгийг төсвөөс гаргуулахгүй. Зөвхөн тодорхой хэсгийг нь л төсвөөс санхүүжүүлэх хэрэгтэй байгаа. Энэ жилийн хувьд 189 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон. Болж өгвөл дээрх мөнгөө жил бүр 20 хувиар нэмээд явах санал гаргасан. Ингэвэл 800 орчим тэрбумыг нь төсвөөс дайчлан, бусдыг нь хөрөнгө оруулалт, бусад хэлбэрээр шийдэж болно гэж харж байгаа.
-Бусдыг нь хэрхэн шийдвэрлэх вэ?
-Мэдээж хэрэг яах вэ гэсэн асуудал гарч ирнэ л дээ. Үлдсэн 400-700 тэрбум төгрөгийг нь концессийн гэрээ, босгож буй бондоо ашиглая гэж үзсэн. Хэрвээ энэ хоёроо ашиглаж чадвал төсвөөс 50, гадуур 50 гэсэн зарчмаар сургууль цэцэрлэгийн хомсдолыг дарах боломжтой. Ер нь, төсвийн бус эх үүсвэрийг дайчлан ажиллахыг Эдийн засгийн яам дэмжиж, маш зөв ойлголттой байгаа. Энд нэг үг хэлэхэд, боловсрол руу хийсэн мянган төгрөг болгон 15 мянга болж өснө. Дэлхий даяар л ингэж ярьдаг. Тиймээс 15 дахин үржих хэсэг рүүгээ хөрөнгө оруулалт хийх нь илүү оновчтой. Гэхдээ энэ нь зөвхөн бага дунд буюу ерөнхий боловсролын төвшин юм.
-Тэгвэл их дээд боловсролд хэрхэн анхаарах бол?
-Энэ талаар бодож төлөвлөсөн зүйл бий. Өнөөдөр оюутан залууст зориулсан гудамж талбай хомс байна шүү дээ. Тиймээс хотхон, кэмп барих, орчин үеийн лаборатор байгуулах, хүүхдүүдийг сурч боловсроход шаардлагатай маш том мөнгө хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг бид төсвөөс ангид бодож боловсруулахгүй бол улсын төсөвтэй хутгаад эхэлбэл дийлэхгүй.
-Боловсролын салбар уналтад орлоо, систем буруу явна гэсэн яриа үе үеийн Засгийн газар, УИХ-ын төвшинд ярьдаг. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна даа?
-Одоогийн байгаа нөхцөлт үнэлэлт дүгнэлт өгч сууна. Яагаад ийм байдалд хүрэв, юу нөлөөлөв, хэрхэн гарах вэ гэдэг асуудал үүсчихсэн байна. Бид өнөөдөр суурь судалгаа хийж, өмнөхийг ч харж байгаа. Дүн нь маш хэцүү харагдаж буй. Ийм хүнд байдлаас гарахын тулд гал унтраах хэлбэрээр хандаж болохгүй. Өнөө маргаашийг аргацаасан хэлбэрээр явбал хэзээ ч арилахгүй гэсэн үг. Тиймээс маш тодорхой шинэ бодлого хэрэгжүүлж эхлэх ёстой болж.
-Тодруулбал?
-Эхний ээлжинд удирдлагын системийг шинэчлэх шаардлагатай байна. Захирлыг нь томилж байгаа сургуулиуд нь сургалтын асуудлаа хариуцаж чадахгүй суугаа. Тиймээс сурагчдын эцэг эхийн оролцоотой сонгодог системийг нэвтрүүлэх нь чухал гэж үзсэн. Ингэж чадвал тухайн сургуулийн захирал  нь өөрөө сургалтаа бүрэн хариуцаж үүргээ хүлээнэ гэсэн үг. Санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцсан өөр бүтэц байх ёстой. Ер нь, бүх асуудал тусдаа байх нь зүйтэй юм. Тэгэхгүйгээр захирал нь бүх зүйлд хутгалдаад байхаар сургалтын чанар муудаж байна. Энэ бол бидний хийх хамгийн эхний шинэчлэл. Хэрвээ үүнийг хийж чадвал 760 орчим сургуулийн захирал сургалтын асуудлаа хариуцсан ажил эрхэлсэн төрийн төлөөлөгч болж чадах юм. Ер нь, хүүхэд болгонд өөрийн гэсэн сурах орчин, чадамж, авьяас, хүсэл мөрөөдөл, сонирхол бий. Үүнд нь тулгуурлаад хүүхдийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр өнөөдрийнх шиг бөөндөөд явбал хүүхдийн хүсэл эрмэлзэл хөсөр хаягдаж, эцэг эхийн эрх мэдэл давамгайлсаар байх болно. Өнөөдөр анги болгоноос ганц, хоёр хүүхэд л илүү давамгай, сайн сурлагатай явдаг. 99 хувь нь дундаж  нэг хувь нь сайн сурлагатай яваа гэсэн үг. Тэгвэл бид үүнийг халж, шинэ бодлого хэрэгжүүлж ядаж 60 сайн, 40 нь дундаж байх зорилт тавьж хэрэгжүүлнэ. Энэ програмыг боловсруулаад дуусч байгаа.
-Багш нарын сургах механизм, арга барил муу юм биш үү. Зүгээр л цалин аваад л заасан болоод л явж байгаа гэдэг?
-Мэдээж, багшийн ажлыг юугаар дүгнэх вэ гэсэн асуудал гарч байгаа юм. Гэхдээ өнөөдрийнх шиг конспект хийснээр, хичээл зааснаар биш тухайн хүүхдэд ямар мэдээлэл өгч, хичээл зааснаар нь дүгнэх ёстой. Мөн хэрхэн давуулан биелүүлж байгаад анхаарах хэрэгтэй болж. Мэдлэг боловсрол олгож, хүүхдэд өөрийгөө илэрхийлэх чадамж эзэмшүүлсэн гэх мэт олон үзүүлэлтээр дүгнэж цалин урамшуулал олгох нь илүү үр дүнтэй болов уу. Урамшуулдаг системд чиглэх нь илүү оновчтой. Хэмжүүрийн асуудлыг тодорхой болгож өгөх нь зөв. Хүүхэд болгоныг хэрхэн залж, сургаж байгааг дүгнэх зарчмыг хэрэгжүүлэх орон манайхаас байхгүй. Яагаад гэвэл цөөхөн хүн амтай, хүүхэд нь цөөн шүү дээ. Ингээд яриад байвал олон зүйл байна. Ер нь, яамнаас гаргаж буй бодлого зорилтоо илүү дэлгэрэнгүй маягаар олон нийтэд зарлаж, мэдээллэх болно.
-Оюутан, сурагчдын дүнгийн асуудал ч асуудал дагуулдаг?
-Тэр үнэн. Өнөөдөр хандивын ангиар орсон хүүхэд мөнгөөр бүхнийг шийдэхийг хүсч байгаа. Эцэг эх нь ч ялгаагүй. Ийм зарчмыг халахгүй бол сурагчдын сурлагын чанар, багш нарын заах арга барил өөрчлөгдөхгүй л болов уу. Тиймээс буруу тогтолцоогоор явахаа болъё гээд байгаа юм.
-Багш нар цалин хөлсөө голох явдал их байна. Ажлаа хаяна гэж айлгадаг болж. Сургуулийн захирлууд цалин нэмэхийн тулд сургалтын төлбөр нэмнэ гээд л…?
-Энэ жил их дээд сургуулийн төлбөрийг 20 хувь нэмэх санал гарсан л даа. Гэхдээ 10 хувиас илүү нэмэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан байгаа. Бид 10 хувь байхад багш нарынхаа цалинг нэмж чадах уу гэхэд боломжтой гэсэн. Тиймээс хүссэн хэмжээнд нь нэмэгдэж л байх учиртай. Хэрвээ цалингаа нэмүүлнэ ажлаа хаяна гэж байгаа бол эхлээд хэчнээн төгрөгийн цалин аваад тэр нь хүрэлцэхгүй байна гэдгээ зарлах л хэрэгтэй. Тэр нь, бусад төрийн албан хаагчдаас үнэхээр бага байна уу гэдгийг харъя. Яахав, төрийн албан хаагчдын сүлжээнд ороод, цалин авъя гэж байгаа бол хамаа алга шийдээд өгье л гэж байгаа. Зэрэглэлээр цалинжихыг хүсч байгаа бол хамаагүй шийдэхэд бэлэн байна. Хэдэн төгрөгийн цалинтай болоод голоод байгаагаа бидэнд хэлж, нийтэд дэлгэх хэрэгтэй. Түүнээс биш би цалингаа нэмүүлмээр байна гэх нь сайн зүйл биш.
-Төрийн алба залгамж халаатай байх ёстой гэдэг. Хандивын анги байхыг өмнөх сайд зөвшөөрсөн. Харин та өөр арга барилаар шийдэхээр зорьж байгаа. Ер нь, хандивын анги байх нь зөв үү?
-Би хувьдаа эсэргүүцдэг. Гэхдээ энэ жилийн хувьд элсэлт авсны дараа албан ту­шаалд томилогдсон хүн. Тиймээс аливаа элсэлт нь өмнөх шийдвэрээр явах ёстой. Харин ирэх жилийн элсэлтээр ямар болзол хангасныг нь элсүүлэхээ нэгдүгээр сараас эхлэн зарла. Тэгээд тухайн сургууль нь гаргасан шийдвэртэй үнэнч бай. Миний тавих шаардлага бол ерөөсөө энэ. Хандивын анги байснаар ямар сөрөг хандлага гарч байгааг хэлсэн. Нэгэнт мөнгөөр бүхнийг шийдэж байгаа хүн бүхнийг цаашид ч ийм л замаар явуулахыг хүснэ. Ажил олох, албан тушаал дэвших, цаашид төрийн толгойд суухыг ч хүснэ шүү дээ. Тиймээс ийм анги байснаар боловсролыг булшлана гэсэн үг шүү дээ. Цаашид байх шаардлагагүй гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.