Сангийн сайд Ч.Улаан
2012.09.18
Ч.Улаан: Харамсалтай нь МАН-ынхан Хүний хөгжил сангийн орлого бүрдүүлэх тогтоолыг баталсангүй
Сангийн сайд Ч.Улаантай төсвийн тодотгол хийгээд 340 мянган төгрөгийн олголтын талаар ярилцлаа.
-УИХ-аас төсвийн тодотголыг баталлаа. Энэ удаагийн төсвийн тодотголын онцлог юу вэ?
-Манай улсын орлого анх төлөвлөж байснаас нэг их наяд төгрөгөөр багасчихаад байгаа. Иймд тодорхой хэмжээний зарлагыг оновчтой болгох асуудал тулгарч байна. Хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байгаа учраас зарлагыг 500 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар болоод байна. Ингэхийн тулд зарим нэг хөрөнгө оруулалтыг ирэх онд шилжүүлэхээр болсон.-Хүний хөгжил сангийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?
-Ерөнхийдөө төсвийн тодотголын хэрэгжилтийг хангаж ажиллах нь Засгийн газрын үүрэг. Харин нэг асуудал нээлттэй үлдсэн байгаа. Тэр асуудлаар ойрын үед эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Энэ бол Хүний хөгжил сангийн алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуудал. Бүр нэг их наяд төгрөгийн алдагдалтай байгаа.-Тэгэхээр манай улсын төсөв хүндхэн байгаа юм байна, тийм үү?
-Үндсэндээ төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр буурчихаад байгаа. Цаана нь нэг их наяд төгрөгийн өр байж байдаг. Дээрээс нь төсвийн урсгал зардалд 750 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна. Ингээд бодохоор энэ жилийн төсөв маш ачаалалтай төсөв болж байна. Мэдээж хэрэгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчилж ажиллана. Өөр арга байхгүй.-Яамдын тоог нэмэгдүүлснээр төсөв данхайсан гэх шүүмжлэл гараад байгаа нь хэр үндэслэлтэй вэ?
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ч төрийн байгууллага данхайгаагүй. Энэ бол үндэслэлгүй яриа. Өмнө нь яамдад 1100-гаад хүн ажиллаж байсан. Агентлагийн дүнгээр 3700 хүн ажилладаг байв. Үүнд тусгай үүрэг гүйцэтгэдэг гурван том агентлагийг оруулсангүй. Ингээд яам, агентлагийн дунд чиг үүргийн өөрчлөлт хийгдлээ. Тэгэхээр яамд, агентлагийн өөрчлөлт гарсан ч ажиллаж байсан ажилтнуудын нийт дүн хэвээрээ л байгаа. Агентлагаас яамд руу болон төрийн өмчийн үйлдвэрүүдэд шилжсэн. Тиймээс яамдын тоог нэмсэн нь төсөвт ачаалал боллоо гэдэг нь үнэнд нийцэхгүй яриа.-Шинэ сайдуудын багцад мөнгө нэмэгдсэн нь тийм хардлага төрүүлж байж болох юм.
-Ер нь сайд нар өөрийнхөө хүрээний үйл ажиллагааг явуулахын тулд тодорхой хэмжээний төсвийг захиран зарцуулах эрхтэй байдаг. Сайд нарын эрхэлж байгаа ажлын цар хүрээнээс хамаараад төсөв нь адилгүй байгаа. боловсролын сайдын төсөв нь нэг их наяд төгрөг рүү дөхөж байхад Сангийн сайдын төсөв 400 гаруй тэрбум төгрөг байх жишээтэй. Ингээд хариуцаж байгаа ажил үүргийнх нь онцлогоос хамаарч төсөв нь хуваарилагддаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам байхдаа хуваарилагддаг байсан төсөв энэ удаад Боловсрол, шинжлэх ухааны болон Соёлын яаманд хуваагдаж байгаа юм.