Хүүхдийг төрсөн цагаас нь өмчийн эзэн болгоно
2012.03.13

Хүүхдийг төрсөн цагаас нь өмчийн эзэн болгоно

Энэ сарын 5-9-ний өдрүүдэд чуулсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Балдан-Очир, эрхэм гишүүн Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.УИХ-ын дэд дарга Н.Энхболдын танилцуулснаар ээлжит бус чуулганы хугацаанд 16 хууль, гурван тогтоол хэлэлцэн баталснаас гурав нь бие даасан хууль байжээ.

Төсөвт тодотгол хийж төсвийн байгууллагын ажилтны цалин, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлсний зэрэгцээ 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах, Шүүхийн тухай багц хуулийн төслөөс гурван хуулийг баталсан зэрэг нь ээлжит бус чуулганы онцлох ажил болжээ.Шүүхийн тухай, шүүгчийн болон хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталснаар шүүхийн үйл ажиллагаанд нээлттэй, ил тод байдал нэвтэрч, Шүүхийн захиргаа, шүүхийн төсвийн бие даасан байдал хангагдах аж. Шүүгчдийн ур чадвар, хариуцлагыг өндөржүүлэх, Монгол Улсын иргэдийн хэрэг маргааныг шударга шүүхээр шийдвэрлүүлэх, иргэний эрхийг хангах нөхцөл нэмэгдэнэ гэж үзжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж хуулийн хэрэгжилтийн хугацааг наашлуулах санал тавьсан юм. Ээлжит бус чуулганаар гишүүд уг хоригийг хүлээн авч сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль 2012 оны долдугаар сарын 15-наас бус тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэхээр болсон юм.Тэтгэврийн зөрүүг арилгаснаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 108 мянган төгрөг байгааг оны эцэс гэхэд 180 000-190 000 төгрөг болгох юм байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсны шалтгааныг Д.Балдан-Очир гишүүн тайлбарлахдаа УИХ, Орон нутгийн сонгуулийг зургадугаар сард хамт хийхэд хэд хэдэн бэрхшээл гарна гэж байлаа.

УИХ-ын сонгуулийн санал хураалт 22.00 цагт, орон нутгийн сонгуулийнх 20.00 цагт өндөрлөнө. УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг машинаар, орон нутгийн сонгуулийнхыг гараар тоолно. Зургадугаар сард орон нутгий ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна гэх зэрэг асуудал үүсэх аж.Мэдээллийн дараа Гэр бүлийн тухай, Халамжийн хуулийн хуулиудын талаар гишүүдээс тодруулж хариулт авлаа.

-Гэр бүлийн тухай хуульд ямар агуулгаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон бэ?

Гишүүн Д.Оюунхорол:
-Сүүлийн үед гэр бүлийн задрал ихсэж шүүхээр орж буй нийт хэргийн 30 хувийг салалт эзэлж байна. Иймд уг асуудлыг анхаарч Хүүхэд, гэр бүл, залуучуудын агентлаг бий болгох ёстой гэж үзлээ.

Гэр бүлийн хариуцлагаа ухамсарладаггүй эцэг, эхчүүд байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд 73 мянга байснаа 83 мянга болж 10 мянгаар өссөн байна. Гэр бүл салалтаас хүүхэд хамгийн ихээр хохирдог тул Гэр бүлийн хуулиар хүүхдийг төрсөн цагаас нь өмчийн эзэн болгох хэрэгтэй. Аав хөрөнгөө аваад салаад явах биш, үр хүүхдийнхээ өмчлөх эрхийг баталгаажуулж өгсний дараа салж болно. Эцэг нь эхнэр хүүхэддээ байр, гараж, хуучин машин үлдээгээд өөрөө 100 сая төгрөгийн үйлвэрээ аваад явдаг байж таарахгүй. Хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ.

-Халамжийн хууль хэзээнээс ямар хэлбэрээр үйлчлэх вэ?

Гишүүн А.Тлейхан:
-Зургадугаар сар дуусаад Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг иргэдэд олгохгүй. Тиймээс зорилтот бүлэг рүү чиглэсэн Халамжийн хуууль үйлчилж эхлэх юм. Энэ бол халамжийг хавтгайруулж байгаа хэрэг биш. Өрхийн орлого доогуур өрхийн насанд хүрсэн иргэнд сар бүр долоон мянган төгрөг, хүүхдэд 10 мянган төгрөгийн халамж үзүүлнэ. Энэ хууль долдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ гэлээ. Мөн олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгөн урамшуулал олгох тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.