2011.06.06

М.Энхболд: Хурдан морь унаач хүүхдийн хамгаалах хэрэгсэлд стандарт тогтооно

Шадар сайд М.Энхболдыг Төв аймагт ажиллах үеэр нь дараах тодруулгыг авлаа.

-Таны зүгээс "Хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах олон нийтийн санаачилга"-ыг гарган хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?

-Энэ оны хоёрдугаар сард Монголын хүүхдийн улсын зөвлөгөөн болсон. Уг зөвлөгөөн дээр болзошгүй эрсдэлээс хүүхдийг хамгаалах талаар тодорхой анхаарал тавьж, санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм.Тиймд би хүүхдийн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүний хувьд болзошгүй эрсдэлээс хүүхдийг хамгаалах таван багц асуудалтай санаачилгыг гаргасан.Үүнд хүүхэд гэр ахуйн аюулд өртөх, авто замын осолд орох, тэвчишгүй хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх гэх мэт асуудлууд багтсан байгаа. Эдгээр ажлыг холбогдох яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулж байна. Ер нь  өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус байгууллагууд энэ санаачилгыг дэмжиж байна. Улаанбаатар хотод байгаа бүх хэвлэл мэдээллийн удирдлагуудыг урьж уулзсан. Ямартаа ч хүүхдийн амар тайван, осол эндэгдэлгүй амьдрах орчныг бүрдүүлэх тал дээр тодорхой ажлууд хийгдэж байгаа. Цаашид эрх баригчид хүүхдийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулах зорилгоор өнөө жилийн хүүхдийн баярыг тодорхой зорилго,уриан дор зохион явуулж байгаа.

-Иргэд хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг дээрэмдэхболлоо гэж ярих болсон?

-1990-ээд оны сүүлч буюу 2000 оны эхэн үед хүүхдийн гэсэн нэртэй бүхнийг устгаж үгүй болголоо гэсэн яриа гарах болсон. Энэ асуудалд үе үеийн Засгийн газар анхаарал тавьж ажиллаж байгаа. Хүүхдийн нэртэй байгууллагууд нэлээд олон болжээ, өнөө үед. Хүүхдийн халамж, спорт гэх мэт салбар салбарын сайн дурын байгууллагууд бий болсон шүү дээ.Тухайлбал, өнөөдөр (уржигдар) Үндэсний соёл амралтын хүрээлэнг нээх ёслолын арга хэмжээ боллоо. Хүүхдийн паркийг устгачихлаа, үгүй болгочихлоо, алга болгочихлоо гээд манайхан их ярьж байна.Тэгвэл өнөөдөр бизнес эрхэлж байгаа томоохон компаниуд гадаадын байгууллагатай хамтран энэ газрыг ямар хэмжээнд аваачсан бэ гэдгийг бид бүхэн мэднэ. Энэ хийж байгаа ажлуудыг бодит байдлаар нь үнэлэх ёстой. Түүнээс биш хүүхдийн гэсэн бүхнийг устгачихлаа гэдэг яриа, дүйвээнээр үүнийг сөхөөд байж болохгүй. Тодорхой асуудлыг тодорхой эзэнтэй нь гаргаж ирэх ёстой. Хаана ямар хүүхдийн байгууллага устчихав аа. Энэ хэний мэдлийнх байв гэдгийг тодорхой ярих учиртай. Ер нь бол хүүхдийн асуудалд асар их хөрөнгө мөнгө төсөвлөж өгч том, том ажлуудыг хийж байна.

-Морь унаач хүүхдийн асуудал маш их яригдаж байгаа. Ер нь морь унаач хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулна гэвэл ямар шатдараатай аргахэмжээг авах вэ?

-Миний санаачилгын нэг хэсэг нь хүүхдийн хөдөлмөр эрхлэх асуудал байгаа. Хөдөлмөр эрхлэх асуудалд хурдан морь унаач хүүхдийн асуудлыг онцгойлон авч үзсэн. Одоогоос нэг жилийн өмнө зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн байгууллагатай Монголын морин спортын холбоотой хамтарч морь унаач хүүхдүүдийн талаар зөвлөлгөөн зохион байгуулж байсан.Тэр зөвлөлгөөнөөс гаргасан уриалгыг уяачид, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд биелүүлэхийн тулд багагүй ажлуудыг хийсэн. Хамгийн гол нь хурдан морины уралдааныг зөв зохион байгуулалттай, аймаг орон нутгийн удирдлагуудын зөвшөөрөлтэй хийх ёстой. Түүгээр ч зогсохгүй гарааны төхөөрөмж, хүүхдийн хамгаалах хэрэгсэл, даатгалтай байдлаар зохион байгуулах ёстой. Ер нь жижиг наадмууд зохион байгуулагдсанаас үүдэн унаач хүүхэд унах, бэртэх, эндэх, ийм харамсалтай явдлууд гарч байна.Тиймд хурдан морины үнэлэмжийг сайжруулж, спортын зэрэг цол олгодог болсон. Бүр спортын мастер цол олгодог болсон. Мөн морь унаач хүүхдийг хамгаалах хэрэгслийн стандартыг батлахаар болсон. Батлагдсан стандартын дагуух хувцсыг нь оруулж ирэн уяачдын худалдан авах боломж бололцоог бүрдүүлэх ажлыг хийнэ. Хамгийн гол нь энэ ажлыг цаашид орон нутагт хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Таны гаргасан санаачилгын үр дүн хэдийд гарах бол?

-Санаачилгын үр дүнг тодорхой хугацаанд тооцож явах ёстой. Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд эхний үе шатны үр дүнг тооцож ямар дүнд хүрснийг олон нийтэд тайлагнах болно.Тэгээд санаачилгын дараагийн шатыг эхлүүлнэ.

 

 
   
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.