Шадар сайд хүүхдүүдийг баярлуулав
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Гандантэгчинлэн хийдийн гүн ухааны Лидга Чойнзилин дацанд ша вилан суудаг 30 орчим хүүхэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос бэлгээ гардлаа.
Үүний дараа Шадар сайд Монголын хүүхдийн ордонд зочлон хараагүй эцэг, эхийнхээ нүд, чих нь болж тэднийгээ хөтлөн, насандаа баймгүй их ачаа үүрч байгаа бяцхан хүүхдүүдэд бэлэг гардуулжээ. Мөн өдөр тэрбээр Төв аймгийн Зуунмод хотод ажиллахдаа тус сумын зургаан багийн эмзэг бүлгийн 200 орчим хүүхдэд бэлэг өгсөн байна. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүссэний 85 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо манай улсын төр, засаг, төрийн бус байгууллагын сүүлийн гурван жилийн ажлыг үнэлж, цаашид анхаарах зүйлийн талаар зөвлөмж ирүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ирэх жилүүдэд олон далайцтай ажил хийхээр төлөвлөж байна.