2009.11.20

УИХ-ын гурав дахь бүлгийг байгуулав

УИХ-ын нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын санаачилгаар "Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих" бүлэг байгуулжээ. Энэ бүлгийг УИХ-ын 15 гишүүн бүрдүүлж байгаа юм байна. Хүүхдийн эрхийн конвенцийн 20 жилийн ойтой холбогдуулан өчигдөр бүлгийн гишүүд анхны уулзалтаа хийв.

Бүлгийнхээ уулзалтад шадар сайд М.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Х.Жекей, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Энхболд болон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, П.Алтангэрэл, Кёкүшюзан Д.Батбаяр, Р.Гончигдорж, Д.Дондог нар ирэв. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Баттулга, Ж.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүрэн нар тасаллаа. Шадар сайд М.Энхболд "УИХ-аас гарах шийдвэр бүрт хүүхдийн асуудлыг тусгахын төлөө ажиллана. Манай бүлгийн гишүүд хүүхдийн дуу хоолойг сонсож аливаа шийдвэрийг гаргана.

Бид хүүхдийн төлөө за гэж хэлнэ" хэмээн ярьсныг бусад нь толгой дохин дэмжиж суув. Төрийн түшээд хүүхдийн төлөө ингэж санаа тавь.ж байгаад баярлаж байгааг Хүүхдийн төлөө ажилладаг холбогдох газрынхан, НҮБ-ын Хүүхдийн сангийн монгол дахь төлөөлөгч илэрхийлж байна лээ. Бүр тэднийг бүлгээрээ цугларч ажлаа явуулах мэдээллийн танхимыг Хүүхдийн төлөө газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулж өгч байгаа юм байна. Ямартаа ч УИХ дахь хоёр намын бүлгээс гадна Хүүхдийн төлөөх гурав дахь бүлгийг байгуулав.
я.мөнгөнцэцэг



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.