Ц.Даваасүрэн: 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдэд мөнгийг нь олгох ёстой
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2012.09.06

Ц.Даваасүрэн: 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдэд мөнгийг нь олгох ёстой

УИХ-ын чуулганаар 2012 оны Төсвийн тодотголын төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Төсвийн тодотгол хийх шаардлагатай хэд хэдэн нөхцөл бий болоод байна. Яамдын бүтэц, сар бүр хүүхдүүдэд олгох мөнгө гэх мэт?
-2012 оны Төсөвт тодотгол хийх хэд хэдэн нөхцөл байдал үүссэн байгаа. Тухайлбал, Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор 980 тэрбум төгрөгийн орлого дутсан. Гарын үсэг зурсан 490 тэрбум, урьдчилгаа төлбөрийн 440 тэрбум, нийтдээ нэг их наяд төгрөг энэ гэрээтэй холбоотойгоор дутаж байгаа юм. Мөн дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ унаж Хүний хөгжил санд 221 тэрбум, импортын тооцож байсан орлогын хэмжээ 1,6 их наядаар буурсан, үүнтэй уялдаатайгаар 80 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого орох ёстой байсан. Мөн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсан учир яамдын төсөв, сайдын багцын төсвийг хоёр хуваах зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Өмнөх Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл зэргээс шалтгаалан төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ долоо хоногтоо багтаж төсвийн тодотголоо батлахгүй бол төсвийн ажилчид, ялангуяа яамдын ажилчдын цалин, байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх бололцоогүй болоод байгаа. Зарим яамд нь мэргэжилтнүүдээ томилж амжаагүй байна. Тиймээс энэ долоо хоногтоо төсвийн тодотголын төслийг хэлэлцээд батлах шаардлагатай байгаа.
-УИХ-аар төсвийн тодотголыг баталлаа гэхэд  орлогыг яаж төвлөрүүлэх вэ?
-Одоогоор нэмэлт орлого олох хомс байна. Жишээлбэл, Монгол банкнаас ашгийн 20 тэрбум, хүн амын орлогын албан татварын 11 тэрбум гэх мэт л орлого төвлөрүүлэх боломжтой байна. Гэхдээ төсөл дээр эргэж харах зүйл байгаа. Өөр ямар боломж, тухайлбал, төвлөрөлтийг бүрдүүлэх ямар боломж байна гэдгийг харах хэрэгтэй байх. Тухайлбал, Зоос банкинд гаргасан 100 тэрбум, ноос ноолуурын 300 тэрбум зэргээс авах ёстой мөнгө байгаа тэр бүгдийг судалж, нэгтгээд орлогыг төвлөрүүлэх ёстой байх. Мөн архи, тамхины татварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг төсөл хэлэлцэх үеэр ярьж хэлэх ёстой байх. Гэхдээ энэ бүхэн нийлээд ч нэг их наядыг нөхөж чадахгүй. Тиймээс бид хөрөнгө оруулалтын зардлыг 312 тэрбум төгрөгөөр хасч байгаа. Энэ бол сайхан зүйл биш. Үүний цаана улс орны хөгжлийн асуудал хойш нь тавигдаж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ ирэх оны төсөвт суулгах гэх мэтээр зохицуулалтыг хийж байна. Үлдсэн алдагдлыг Засгийн газрын бонд, зээлээр санхүүжүүлнэ гэж төлөвлөсөн. 

Ирэх аравдугаар сараас эхлэн хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор болж байгаа. Үүнд зохицуулалт хийх хэрэгтэй гэж бодож байна. Хүүхэд бүрт өгөх биш, өгөх шаардлгатай хүүхдүүдэд өгөх гэдэг ч юм уу зохицуулалт хийх ёстой. Өмнө нь өгч байхад 120 тэрбум төгрөг төсөвлөсөн байхад 10 тэрбум орчим төгрөг нь хадгалагдаад банкууд эргэлт хийдэг байсан. Энэ мөнгийг орлого сайтай айлын хүүхдүүд авдаггүй байсан.
-Хүний хөгжил сангаас иргэн бүрт 21 мянган төгрөг олгож байсан. Энэ мөнгөө авч чадаагүй иргэд ч бас байгаа. Гэтэл энэ мөнгийг өгөх боломжгүй гэх юм. Тэгэхээр тэр хүмүүс яах вэ?

-Хэрэв Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө авч чадаагүй бол олгох ёстой. Өнгөрсөн оны төсөвт нэгэнт суучихсан мөнгө учраас энэ мөнгийг авч амжаагүй иргэдэд заавал олгох ёстой. Аль нэг нам нь олгох ёстой мөнгийг олгохгүй гэж хэлдэг зүйл биш. УИХ-аар буюу олонхоороо шийдвэрлэнэ. Тэгээд ч 21 мянган төгрөгөө авч чадаагүй тодорхой тооны л иргэд байгаа байх.

-Хөрөнгө оруулалтын зарлага гэхээсээ илүү урсгал, илүүдэл зардлыг танах боломж хэр байгаа вэ?
-Урсгал зардал дээр тодорхой зүйлийг шийдье гээд ажлын хэсэг гарч ажиллаж байна. хэлэлцүүгийн явцад танах зүйл байвал ажлын хэсэг дүгнэлт гаргах байх. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлгийн үеэр судлаад, танилцуулаад явна.
-Тогтворжуулалтын санд хичнээн төгрөг хуримтлагдаад байгаа вэ?
-Нийтдээ 330 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцоолж байсан. Тухайн үедээ алт, зэс, нүүрсний үнийг өндөр үнээр тооцолж байсан юм. Өнөөдөр дэлхийн зах зээл, ялангуяа Европын зах зээл санхүүгийн хямрал үүссэн. Хятадад эдийн засгийн өсөлт саарч байна. Тиймээс 221 тэрбум төгрөгөөр хасч, Тогтворжуулалтын санд 103 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцоолж байна.