Д.Ганхуяг: Сайншандын цогцолборын ТЭЗҮ хийх зардал ч төсөвт суугаагүй байна
2012.03.26

Д.Ганхуяг: Сайншандын цогцолборын ТЭЗҮ хийх зардал ч төсөвт суугаагүй байна

-Ирэх оны төсвийг Их хурлаар хэлэлцэж байна. Ирэх оны төсвийг үрэлгэн төсөв гэсэн шүүмжлэл их гарч байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Ажлын хэсэг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2012 оны төсвийн төслийг сонгуульд зориулагдсан, үр ашиг муутай, үрэлгэн төсөв гэж дүгнэсэн. Ажлын хэсгээс оруулсан саналыг манай бүлэг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Төсвийн нийт зарлага дотор урсгал зардал нь 68 хувь буюу таван их наяд төгрөг болж байна. Урсгал зардал энэ онтой харьцуулахад 62 хувиар нэмэгдсэн байгаа юм. Энд бас нэг ойлгомжгүй тоо байгаа нь ДНБ энэ онд 10 их наяд байснаа ирэх онд 18 их наяд болно гэсэн нь ДНБ ирэх оронд 80 хувиар өсөж нэг хүнд ногдох ДНБ таван мянган ам.долларт хүргэх зорилт хэрэгжих болж байна. Гэвч Засгийн газар энэ өсөлтийг 25.6 хувь гэж тооцсон байгаа. ДНБ-тэй харьцуулсан төсвийн үзүүлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог илэрхийлнэ. Тиймээс ДНБ ихээр өсөх нь тэр оролцоо багасна гэсэн үг л дээ. Өнөөгийн байдлаар инфляци 10 орчим хувьтай байгаа. Монголбанк төсвийн урсгал зардлыг багадаа нэг их наяд төгрөгөөр танахгүй бол инфляци ирэх оны эхний хагас жилд хорин хувь руу ойртоно гэсэн үг. Энэ талаар ОУВСангийнхан ч бидэнд сануулсан.

Төсвийн хөрөнгө оруулалт хэдийгээр гурав дахин нэмэгдэж байгаа ч засаг захиргааны нэгжээр хуваарилагддаг нөгөө л боловсрол, эрүүл мэндийн салбар, орон нутгийн чанартай болон улсын чанартай зам, гэрэлтүүлэг, төсвийн байгууллагын конторыг шинээр барихад чиглэгдсэн байна. Шинээр барих төрийн байгууллагын конторын барилгын төсөвт өртөг 160 орчим тэрбум төгрөг, үүнээс ирэх онд санхүүжих нь 100 ор-чим тэрбум төгрөг байна. Төрийн байгууллагын контор нэмэгдсээр ашиглалтын зардал, орон тоо нэмэгдэнэ.

-Зарим хүн сонгуулийн жилд зориулсан, сонгууль үнэртсэн төсөв гэж дүгнэж байгаатай та санал нийлэх үү?

-2008 оны сонгуулийн жилд төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилт 60-70 хувьтай байсан. Иймд 2012 он ч сонгуулийн жил тул ингэж хөрөнгө оруулалтыг асар ихээр нэмэгдүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байна. Ер нь Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар манай улс төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнгээр ихээхэн тааруу үзүүлэлттэй явдаг. Мөн 2012 онд ганцхан жилийн дотор Монголын төр, засгийн өрийн хэмжээ дахин нэмэгдэхээр төлөвлөсөн байна.

-Манай Засгийн газарулсаас зээл авахаараа түүнийгээ баяр мэт бахархалтай мэдээлдэг болсоор удаж байна. Гэтэл дэлхий дахинд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал өр, зээлээс үүдсэн гэж дүгнээд байгаа?

-Тэгэхээр төсвийн энэ үрэлгэн бодлогыг хөгжлийн бодлого болгож өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Дэлхийн улс орнууд Европ, АНУ-аас үүдэлтэй хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хямралд бага өргөхийн тулд төсвийн урсгал зардлаа танаж, хуримтлалаа нэмэгдүүлэх, үр ашигтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар болон хувийн хэвшлээ дэмжих бодлогыг гаргасаар байна. Гэтэл Монгол Улсын тухайд эсрэгээр төсвийн урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалт, өрийнхөө хэмжээг ихээр нэмэгдүүлэх нь.

-Танай намын ажлын хэсгээс ирэх оны төсвийг хэрхэн өөрчлөх санал оруулж байгаа юм бэ?

-Ажлын хэсэг урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төсвөөс төрийн байгууллагуудын шинээр барих конторын зардлыг танах, төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллагуудад тавилга болон машин худалдаж авах зардлыг танах зэргээс 400 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэж үзсэн. Хэрэв ингэж чадахгүй тэр чигээр нь баталбал ирэх онд инфляци өсөж орлого багатай нийгмийн давхарга, дээр нь дундаж орлоготой давхаргын амьжиргаанд хүнд цохилт авчирч болзошгүй.

-Төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг яаж нэмэгдүүлнэ гэж. Цалин тэтгэврийг нэмнэ гэсэнЗасгийн газрын саналыг юу гаж үзэж байна вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах олон арга бий. Нөгөө талаас энэ төсвийн бодлогоор эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг зайлшгүй гаргаж ирэх шаардлагатай. Энэ нь ашигт малтмалын салбараас орж ирж буй орлогыг урсгал зардлыг тэлэх байдлаар үрээд дуусах биш, ажлын байр ихээр нэмэгдүүлэх өрсөлдөх чадвартай ашигт малтмалаа боловсруулах, бусад салбарын хөгжлийг дэмжих гэсэн үг. Хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулахад тухайлбал шинээр барих шаардлагатай 6000 км замыг эдийн засаг нийгмийн ач холбогдлоор нь гурав ангилж зөвхөн эхний ангилалд орсон замыг ирэх онуудад тавих. Тухайлбал Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөл гарцаагүй нэгдүгээр ангилалд гарч ирнэ. Мөн түгжрэлийн асуудал, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудал ч энэ ангилалд орох байх.

УИХ-аас 2007 онд газар тариалангийн салбар тодруулбал үр. тариа гурилын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг санаачилж "Атрын аян" хэрэгжүүлсэн. Яг үүнтэй төстэй загвараар барилгын гол нэрийн материалын үйлдвэрийг дэмжих хэрэгтэй байна. Мөн зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр гээд олон чухал салбар бий. Төмөр зам барих түүнд шаардагдах санхүүжилтийг шийдсэн боловч Сайншандын аж үйлдвэрийн  цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зардал ирэх оны төсөвт суугаагүй байна. Энэ зардлыг суулгах шаардлагатай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.