Т.Эрдэнэ: 130 стандартын 90 орчим хувийг нь шинэчлэх шаардлагатай
Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэтэй хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын талаар ярилцлаа.
-Та хөдөлмөрийн яаманд хичнээн жил хөдөлмөр хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа вэ?
Зургаа дах жилдээ ажиллаж байна.
-Таван жилийн өмнөх хөдөлмөр хамгаалах тогтолцоо өнөөдөр яаж өөрчлөгдсөн бэ?
Таван жилийн өмнөхтэй харьцуулбал нэлээдгүй өөрчлөлт гарсан. 2008 оны 5 сарын 22-нд хөдөлмөр аюулгүй байдлын хууль дөнгөж бие даасан хууль байдлаар батлагдаж байлаа.
Өмнө нь 1999 онд энэ асуудлыг хөдөлмөрийн хуулийн ганцхан зүйл заалтаар зохицуулдаг байлаа. Бие даасан хуультай болсноор хамгааллын бүтэн тогтолцоо бий болсон.
-Сайн хууль байсан ч ухсан нүхийг тагладаггүй гэсэн үг бий. Хэрэгжилт нь сайн байсан гэдэгт та хэр итгэлтэй байна?
Хууль амьдралд хэрэгжээд үр дүнгээ өгсөн. Тухайлбал хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт сурталчилгаа, мэдээлэл өгөх тал дээр олон эерэг өөрчлөлт гарсан. Гэхдээ найман жилийн өмнө баталсан хуулиа эргээд харахад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага их байгаа юм.
Тухайлбал 2013 оны 2 сарын 7-ны УИХ-ын 20 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яам, бусад холбогдох яаманд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шийдвэрлэх, үүрэг ногдсон. Нийт 13 чиглэл өгсний найм нь хөдөлмөрийн яамтай шууд холбоотой заалтууд байсан.
Үүнд нэгдүгээрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, хамгааллын орчныг сайжруулах, хоёрдугаарт үйлдвэрлэлийн осол, түүнийг судлан бүртгэх дүрмийг шинэчлэн найруулах зэрэг шаардлагууд тавигдсан. Хуулийн өөрчлөлт нь хариуцлагын тогтолцоо руу илүүтэй чиглэсэн. Одоо хариуцлагыг мөнгөн дүнгээр тавьсан. Найман жилийн өмнөх мөнгөн дүн өнөөдөр хэтэрхий бага хэмжээтэй болсон. Тиймээс хэмжээг нэмэхээр хуулинд өөрчлөлт хийж байна. Мөн зөрчил дутагдал гарахад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерт бүх хариуцлага оногдож байгааг өөрчилж, тухайн аж ахуй нэгж, ажил олгогч, ямар хариуцлага хүлээж, юуг хариуцах вэ гэдгийг субьектуудын хувьд анхаарч үзэхээр болсон.
-Ажил мэргэжлийн байдал, салбарын үүднээс хөдөлмөр хамгаалал дээр хамгийн их асуудалтай ямар ажлын байр байгаа вэ?
Ажил мэргэжлийн төрөл гэхээс илүү, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр очиж очиж аж ахуйн нэгж байгууллага дээр л хууль хэрэгжих ёстой. Энэ асуудлыг хариуцсан ажилтан байна уу, хэлтэс байна уу, хуулинд заасан хөдөлмөрийн зөвлөл ажиллаж байна уу, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус зөвлөл байна уу гэдгээс шалтгаалж хөдөлмөр аюулгүй байдал хангагдаж, осол гарахгүй байх боломжтой.
Үйлдвэрлэлийн ослыг салбараар нь авч үзэхээр 2012 онд 400 осол бүртгэгдсэний 18 хувь нь уул уурхай, 17,4 хувь нь барилгын салбарт, үлдсэн хувь нь түлш,, эрчим хүчний салбарт гарсан ослууд эзэлж байна. Манай улсад эрчимтэй хөгжиж буй салбаруудад үйлдвэрлэлийн осол гарах нь их. Улсын хэмжээнд нийт 6200 стандарт мөрдөж байгаагийн 130 стандарт нь хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн бүхий л харилцааг зохицуулсан стандартууд.
Эдгээр стандартад улсын үзлэг хийж стандарт бүр дээр хоёр ажлын хэсэг гаргаж, нэг бүрчлэн уншиж, судалж, дүгнэлт хийсэн. Тэгээд 130 стандартын 90 орчим хувийг нь нийтэд нь болон хэсэгчлэн сайжруулах шаардлагатай гэж үзсэн.