Б.Шагдар: Металлургаа хөгжүүлээгүй улс эдийн засгаараа сүүл мушгина
Төмөрлөг, Машин үйлдвэрлэлийн Үндэсний Холбооны Гүйцэтгэх захирал Б.Шагдар
2013.05.20

Б.Шагдар: Металлургаа хөгжүүлээгүй улс эдийн засгаараа сүүл мушгина

Төмөрлөг, Машин үйлдвэрлэлийн Үндэсний Холбооны Гүйцэтгэх захирал Б.Шагдартай төмөрлөгийн салбарын ирээдүйн талаар ярилцлаа.

-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулна уу?

Би 1964 онд аж үйлдвэрийн салбарын чиглэлээр Украйны Киев хотод инженер, механикийн сургуульд суралцсан. Үүнээс хойш хөдөө аж ахуйн механижилтийн чиглэлээр 48 дах жилдээ ажиллаж байна.

Харин манай төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо саяхан шинээр байгуулагдсан. Бид монгол улсынхаа газар тарилан, хөдөө аж ахуйн механикжуулалтын асуудал, техник ашиглалт, засвар үйлчилгээ, сэлбэгийн үйлдвэрлэлийг сайжруулах эрхэм зорилготой. Манай улс жилдээ нэг тэрбум доллараар гаднаас сэлбэг, засвар авч байгааг дотооддоо хийдэг болох хэрэгтэй. Ингэснээр гадагшаа мөнгө урсахгүй, дотооддоо хөгжил болж шингэнэ.

-Хөдөө аж ахуйн салбарыг механикжуулах асуудал сонирхол татлаа. Энэ чиглэлээр танайхаас чухам ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

Шинэ зуунд өндөр технологиороо Япон, Герман улс тэргүүлж байгаа учир бид 2010 оноос Япон улстай хамтарч ажиллах хүсэлт тавьж, тэд ч зөвшөөрсөн. Одоо тус улсын Нийгата хотод техник, технологийн хэд хэдэн томоохон судалгаа, туршилтуудыг хийж байна. Үүний хүрээнд манай холбоо таван тэргүүний зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт: Хөдөө аж ахуй, мал аж ахуйн механикжуулалт: Манай улс хөдөө аж ахуйн олон жилийн туршлагатай ч хүний хөдөлмөрийг хөнгөвчилж чадаагүй. Тухайлбал хот айлын дотор малын хороо цэвэрлэх асуудлыг дандаа гараар хийж байгаа. Хоёрдугаарт: Усжуулалтын асуудал. Канад улс манайх шиг хүйтэн хэрнээ 20 градус бүлээн усаар малаа услаад тэжээж, малын махны гарцыг нэмэгдүүлж чадаж байгаа юм. Бид ч үүнээс туршлага судалж, малаа бүлээн усаар услахын тулд механикжуулалтыг ашиглах хэрэгтэй.

-Монголд нэвтрүүлэхэд хэр боломжтой. Та бүхний саналыг Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн яам ямар байдлаар дэмжинэ байгаа вэ?

Яаманд танилцуулга өгсөн, дэмжих байх. Үүнээс өмнө хоёр, гурван асуудлыг шийдмээр байна. Цас зайлуулах кубото трактор үйлдвэрлэгч компани Нийгатад байдаг. Уг нь манай томоохон үйлдвэрүүд куботог оруулж ирдэг ч, засвар үйлчилгээ нь байхгүй учраас эвдрээд зогсчихдог.

Өнгөрсөн жил манай улс Хятадаас 8000 трактор авсан. Японы Кубота

Японы Кубота трактор

илүү хүчин чадалтай, намаг цас гололгүй явдаг. Мөн генератортой холбогдож цахилгаан эрчим хүч гаргадаг. Миний бодлоор эрчим хүчийг нь ашиглаж цахилгаан ус татагч хийж болно. Ийм байдлаар худаг хийх аргыг  эрдэмтдээр судлуулна. Хөдөө орон нутагт трактораар цахилгаан гаргаад малаа уславал  20-30 минутын дотор л ажил хөнгөвчлөгдөнө.

Гуравдугаарт: Цас арилгагч төхөөрөмж. Өвлийн их цасанд мал цасанд боогдоод бэлчээртээ гарч чадахгүйд хүрдэг. Бэлчээрийн замыг цас арилгагч техникээр гаргаж өгнө. Энэ төхөөрөмж цасыг сороод 20 метрийн цаана чулууддаг. Чулуудагдсан цасыг гуу жалганд хураагаад хавар ашиглах боломжтой. Төхөөрөмжийн үнэ нь Хятад, Солонгосынхоос илүү өндөр үнэтэй, сайн технолигитой, ашиглалтын хугацаа урт.

-Нэг үеэ бодвол газар тариаланд тоног төхөөрөмжийн ашиглалт сайжирч байгаа. Харин засвар үйлчилгээ, сэлбэг нь хэр байдаг юм бол. Ер нь засварын салбарын байдал хэр хөгжсөн гэж та дүгнэх вэ?

Социализмын үед зуу гаруй жижиг цех үйлдвэр байсан. Харин сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд хувьчлагдаад бүгд үгүй болсон. Байхгүй гэж хэлж болно. Засвар үйлчилгээ, сэлбэгээ сайжруулаагүй байж баахан шинэ бүтээгдэхүүн оруулаад эвдрэхээр нь дахиад шинийг авах нь эдийн засагт ашиггүй.

-Техникийг Монголчилно гэж нэг арга ухаанаар л засаад байх шиг?

Тэгдэг. Гэхдээ манайхан өндөр технологийг монголчлоход хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэй.  Цас арилгагч машиныг оруулж ирэхдээ сэлбэгийг нь хийдэг төхөөрөмжийг бас оруулж ирэх хэрэгтэй. Засварын үйлдвэр байгуулчихвал их боломжтой. ХААИС-ийг 4500 хүн инженер мэргэжлээр, МИС-ийг 400-гаад инженер төгсч байна. Баахан хүн төгсгөөд ажиллуулж, ашиглаж чадахгүй байвал ямар хэрэг байх вэ.

-Нэг ч үйлдвэр байхгүй гэж үү. Тэр инженерүүд тэгээд хаана ажиллах болж байна аа?

Металлургийн цогцолбор, түүнд шаардлагатай кокс-химийн үйлдвэрийг байгуулахын тулд 500-800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай

Манайд нийтдээ 50 гаруй үйлдвэр байдгийн 60 хувь нь Улаанбаатар хотод байна. Тэгэхээр нийслэлийн хотын захиргаа тэд нарт анхаарч, хүчин чадлыг нь ашиглаад ойр зуурын хэрэгцээтэй техникээ өөрсдөө үйлдвэрлэх ёстой.

-Тухайлбал ямар техникийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой вэ. Хадаас үйлдвэрлэдэггүй гээд гишүүд шүүмжилдэг ш дээ?

Хадаасны үйлдвэр цөөхөн байгаа. Сүүлийн хорин жилд металл боловсруулах үйлдвэрээ улс маань мартчихсан. Юу байдгийг ч мартчихсан. Тиймээс манай холбоо хэрэглэгч, барилга замын салбар, үйлдвэрүүдийг хооронд нь хамтран ажиллах боломж нөхцөлөөр хангах зорилготой. Тендерээр өрсөлдүүлэх биш монгол шиг цөөхөн үйлдвэр, хэрэглэгчтэй газар үйлдвэрээ төрөлжүүлж хөгжүүлэх ёстой гэж боддог.

-Монгол улсыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарч байгаа. Та бүгдийн зүгээс өөрсдийнхөө саналаг тусгаж чадсан уу?

Бид саналаа өгөөд, засгийн газарт танилцуулчихсан. Өнөөдөр бид металлаа гаргаж чадахгүй байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 300 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэсэн судалгаа байгаа нь бага гэсэн үг.

Тиймээс сайн бодлоготой байх ёстой. Ер нь зөвхөн монголын хэрэгцээг хангах үйлдвэр байгуулна гэвэл хэцүү. Геополитикийн асуудлыг бодолцож, Хятад, Солонгос, Япон зэрэг олон улстай харилцаж, үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгтэй.

Ер нь металлургаа хөгжүүлээгүй улс орон эдийн засгийн хүчин чадлаараа сул байдаг. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 10 орон бүгдээрээ металлургын салбараа хөгжүүлсэн байдаг.

-Хоёулаа эргээд танайхаас дэвшүүлсэн таван асуудлынхаа талаар ярилцая. Хүнсний ногооны салбарын үйл ажиллагааг нь хөнгөвчлөх тал дээр ямар байдлаар механикжуулалт хийх вэ?

Ногоо боловсруулалтын үе хоорондох хураалт, тариалалтын техникийн байдлыг л шийдье гэж бодож байна. Гараар хийдэг зүйлсийг хөнгөвчилнө. Хэрхэн хөнгөвчлөх талаар манай хөдөө аж ахуйн дээд сургуулийн эрдэмтдийн баг Канад, Японы техникийг судалж, монголд тохирохыг нь судалж, дундаас нь шинэ техник гаргах тал дээр ажиллаж байна.

-Хэдий хугацааны дараа бэлэн болох вэ?

Туршилт бол дуусаад, бэлдэцээ хийж байна.

-Хүнсний ногоо, газар тариалангийн салбарт механикжуулалт хийхэд ойлгомжтой байна. Харин олон зуун жил мал аж ахуйн уламжлалт аргаар явж ирсэн болохоор малчид хэрхэн хүлээж авах бол?

Хамгийн хэцүү нь хүнсний ногоо, мал аж ахуй хоёр байгаа. Мал аж ахуйн механикжуулалт гэж ерөөсөө ярьдаггүй нь үнэн. Гэхдээ хөгжье гэвэл өөрчилж, сайжруулах л хэрэгтэй. Залуу зохион бүтээгчдийн нэвтрүүлгээр малын зөөврийн хашаа хийсэн байсан. Энэ мэтээр механикжуулах хэрэгтэй. Мал аж ахуй дээр нэлээдгүй зүйлийг хийх шаардлагатай. Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, хөдөө аж ахуйн хэлтэс, хамтарч ажиллаж малчин хүндээ ойлгуулах хэрэгтэй байгаа.

-Малчдын хоршоог бэхжүүлж, малчдад нэмэгдэл орлого олох боломжийг дээшлүүлэх боломжтой гэсэн. Чухам яаж?

Малчид өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаандаа механикжуулалт хийгээд ирэхээр цаг зав их гарна. Энэ хугацаандаа өрхийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж юм оёх, цагаан идээ үйлдвэрлэх зэрэг ажлыг хоршоолж хийснээр орлого нэмэгдэнэ.