О.Амартүвшин:

Асуудлаа зөв ойлгуулаад харилцаад, хамтраад шийдээд байвал урагшилдаг бол зөв систем


20 минут уншина
О.Амартүвшин: Асуудлаа зөв ойлгуулаад харилцаад, хамтраад шийдээд байвал урагшилдаг бол зөв систем

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй Төр-хувийн хэвшлийн түншлэл болон цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар санал, зорилго зорилтынх нь талаар ярилцлаа. 


Төр-Хувийн хэвшлийн түншлэл гэж чухам хамтран ажиллах уу эсвэл харилцан бие биенээ дэмжих үү?

-Улс орны хөгжлийн маш олон асуудал, нийгмийн нөхцөл байдал, амьдралын чанараас эхлээд цаашдын хөгжил дэвшил, гадаад харилцаа энэ бүхэн нь өөр хоорондоо зөв уялдаа холбоотой байх ёстой. Төр нь хувийн хэвшлийг дэмжиж, хувийн хэвшил нь үйл ажиллагаагаа тэлдэг. Үүнийгээ дагаад ажлын байр болон цалин хөлс нэмэгдэнэ. Энэ нь эргээд амьдралын чанарт нөлөөлнө. Хэн өөрийнхөө төлөө илүү хөдөлмөрлөх хүсэлтэй байна, тэдэнд боломж олгох нь төрийн үндсэн үүрэг шүү дээ. Төр бүгдийг удирддаг, зохион байгуулдаг, зохицуулдаг тогтолцооноос бид татгалзаад хувь хүний итгэл үнэмшил, манлайлал чухал юм байна гээд ардчилсан үзэл санаа буюу зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжицгээсэн.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 17 зүйлд нь амьдралын чанарыг сайжруулах, ядуурлыг бууруулахад Төр- Хувийн хэвшлийн түншлэл чухал гэдгийг хөндсөн байдаг.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаануудад Монголд Төр-Хувийн хэвшил нь зөв түншлэх ёстой юм байна гээд Концессийн тухай хуулиуд, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн нь бий. Олон улсад төр хувийн хэвшлийн түншлэлийн маш олон зарчим байдаг. Бид эндээс концесс гэдгийг нь л аваад, концесс дотроо тендерийг нь л ашиглах ёстой юм байна гээд ойлгочихсон.

Хувийн хэвшлүүд төрийн худалдан авалтад орж бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, эсвэл барилга байгууламж барихыг л түншлэл гэж боддог. Гэтэл түншлэлийн хувьд төрийн үүрэг, иргэдийн үүрэг нь юу юм бэ? Нийгмийн байгуулалтын, Иргэний нийгэм, хувийн хэвшлийн үүрэг нь юу юм бэ гэдгээ нарийн тодорхойлж чадаагүй. Төрд нийгэмд үүссэн энэ олон асуудлыг шийдэхэд маш их мөнгө хэрэгтэй ч тийм хэмжээний мөнгө нь байхгүй.

Тэгэхээр хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжих замаар, төр өөрийнхөө зарим функц, эрх үүргийг хувийн хэвшил рүү шилжүүлэх, иргэний нийгмийн байгууллагууд руу шилжүүлэх, иргэдийн оролцоог хангах замаар түншлэх нь чухал байна. Ингээд харахаар түншлэл гэдэг агуулгаараа тэс өөр ойлголт болж хувираад байгаа биз.

Synergy-г түншлэл гэж хэлээд байгаа юм. Хорших, хамтрах тухай ойлголт шүү дээ. Үүнийг бид гарцаагүй шинэ түвшинд ойлгох шаардлагатай болсон. Хувийн хэвшил хийж чадахгүй том орон зай гэж бий. Үр өгөөж нь маш удаан гардаг дэд бүтэц, автозам, төмөр замын асуудлыг төр хийдэг байхад арилжааны зориулалттай нүүрс тээврийн төмөр замыг хувийн хэвшил хийж болно.

Дунджаар 5-7 жилд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхчихнө гэдэг хувийн хэвшлийн хийж чадах зүйл. Хувийн хэвшил ашигтай ажиллах орон зай гэдгийн цаана хөрөнгө оруулалтаар төрийн олон асуудлыг шийдэх боломж нээгдэж байдаг. Эрүүл мэнд, боловсролын салбарт гэхэд л хийж чадах зүйлсийг нь хувийн хэвшилд өгөөд төр өөрөө гарцаагүй оролцох зүйлдээ оролцоод, зааг хязгаараа зөв тогтоох л бидний зорилго.

Энэ нь товчхондоо боломж бололцоо, хүчээ нэгтгэнэ, гэхдээ хийж буй ажлууд нь давхцахгүй эсвэл орхигдохгүй байх зарчмыг баримтлахад л бүтчих зүйл. Үүнийг л бүхэлд нь Төр-Хувийн хэвшлийн түншлэл гээд байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Төр-Хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болсон. Уг уулзалтаас хувийн хэвшил ямар үр дүн хүлээж байгаа вэ?

- Бидний зорилго бол иргэдийн амьдралын чанарыг л дээшлүүлэх. Иргэдийн амьдралын чанар дээшлэхээр эргээд эдийн засгаа тэлдэг. Хэн нэгний орлого нь нөгөө талдаа зарлага, тэр зарлага нь өөр нэгний орлого болж хоорондоо шүтэлцэж амьдрах ёстой гэдгийг тал талаасаа ярилаа.

Өнөөдөр Монгол Улсын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 4000 ам.доллар тэнцэж байгаа үед утаа, ядуурал, эрүүл мэнд, нийгмийн тогтолцооны доголдлууд хэзээ ч шийдэгдэхгүй. Үндсэндээ ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ дэлхийн дундаж болох 8000 орчим ам.доллараас давж байж бидний амьдралын чанар сайжирна.

Дундаж наслалт нэмэгдэж, хавдар, зүрх судасны өвчлөл буурч, эрүүл амьдралын хэв маяг бий болж, ая тухтай амьдрах орчинтой болно гэхчилэн олон асуудал шийдэгдэнэ. Үүнд хэрхэн хүрэх вэ гэдгийг сая болсон зөвлөлдөх уулзалтаар тал талаас нь ярилцаж, санал солилцсон гэж болно. Зөвлөлдөх уулзалтын үеэр төр нь хувийн хэвшлийн орон зайг чөлөөтэй орхиё. Ямар нэгэн байдлаар олон төрлийн зөвшөөрөл, элдэв янзын тушаал шийдвэр зэргээр оролцож хязгаарлахаа болъё, хувийн хэвшил нь ч ялгаагүй эвлэлдэн нэгдэж, зохион байгуулалтанд орж, хийх ажил их байна үүнийг яаралтай хийцгээе гэсэн.

Улс орны эдийн засгийг хоёр дахин тэлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, гаднын хөрөнгө оруулалтыг татах, дотооддоо боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, уул уурхай болоод хөдөө аж ахуйтай холбоотой ажлуудаа нэг ойлголцлоор хэрхэн хийх вэ гэдгээ л сайн ярилаа даа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин 

Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн талаар олон уулзалтууд болдог. Гэвч тодорхой үр дүн гардаггүй байсны нэг шалтгаан нь бизнесийн салбарынхны хоорондын нэгдмэл биш байдалтай холбоотой юм уу гэж харагдах болсон. Учир нь төрд олон янзын санал хүргүүлдгээс шалтгаалж төр дундыг баримтласан шийдвэр гаргаснаар бизнесийн орчноо зохицуулж чаддаггүй гэсэн шүүмжлэл, дүгнэлт их байдаг. Үүнтэй та санал нийлэх үү?

- МҮХАҮТ төр хувийн хэвшлийнхээ дуу хоолойг сонсох ёстой гэсэн байр суурь баримтладаг. Төр, хувийн хэвшил гэдэг бол зоосны тоо, сүлд гэсэн хоёр тал шүү дээ. Салгах боломжгүй, урагшилсан ч хамт, ухарсан ч хамт өнхөрч байдаг. Төр нэгэнт хуулиараа, тогтолцоогоороо тодорхой хэмжээнд шийдвэр гарган ажиллаж байна. Тэгвэл хувийн хэвшил юуг шийдүүлэх хүсэлтэй байна вэ? Аль нь үнэхээр чухал, аль нь дараа нь юм бэ гэсэн асуудлыг багцалж, эрэмбэлдэг, сайн менежменттэй байх ёстой хувийн хэвшлүүд нь асуудлаа нийлж ярьж чаддаггүйд сул тал нь оршоод байгааг бид удаа дараа ярьж байсан.

Дэлхий даяараа Худалдаа аж үйлдвэрийн танхим нь бизнес эрхлэгчдээ нэгтгээд асуудлаа базаад явдаг. Манайд бол 1995 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль батлагдсан ч сайн дурын үндсэн дээр суурилсан учир бүгдийг нь нэгтгэж чаддаггүй. Монголд өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчидтэй холбоотой 5000- 6000 Төрийн бус байгууллага бий.

Гэхдээ энэ ТББ-уудын дийлэнх нь цаасан дээр байдаг, бодитой боловсон хүчин, судалгаа гэх зүйлгүй, шулуухан хэлэхэд ярьсан бүхэн нь зөрчилтэй, амьдрах арга хэрэгсэл нь болчихсон газрууд. Зарим газрыг шантаажилж, заримыг нь хий магтаж хөөргөснийхөө үрээр амьдардаг. Маш том, гоё нэрнүүдтэй ч цаасан дээр амьдардаг ийм ТББ-ууд нэг хүнд 20, 30-аараа байдаг. Аль нэгийг нь гаргаж ирээд бид л чухал гэж гүйдэг нь бидний системгүй байгааг л харуулж байгаа юм.

Тэгтэл бодитоор үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй 160 гаруй ТББ байна. Эднийг тайлангаа өгдөг, татвар төлдгөөр шүүвэл ашигтай ажилладаг 10-20 байж ч магадгүй. Энэ аж ахуйн нэгжүүд зөв эвлэлдэн нэгдэх шаардлагатай байгаа учраас бид Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Энэ хууль батлагдчихвал бидний яриад байгаа хувийн хэвшлүүд зохион байгуулалтанд орох, асуудлаа багцалж, эрэмбэлж, нийт хувийн хэвшилд тулгараад байгаа гол асуудлуудаа шийддэг тэр механизм нь бий болно. Хэн нэгэн хүн ганцаараа тоглолт хийдэг орон зай үгүй болж, хамтын болон нийтийн шийдвэрээр явах ёстой.

Ингэх юм бол төрд ч шийдвэр гаргахад дөхөмтэй. Харин нөгөө талдаа Монголын төр ч гэсэн тогтворгүй. Ер нь гадны гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдад ч улс төрийн тогтворгүй байдал нь макро эдийн засгийн хувьд хамгийн сул хүчин зүйл болоод хувирчихсан. Өнгөрсөн 30-аад жилд 18 засаг солигдлоо.

Дунджаар 1.6-1.7 жилийн настай Засгийн газартай, солигдох болгонд Ерөнхий сайд, салбарын сайд нар, дарга нь өөрчлөгддөг. Ой санамж байдаггүй учир бүхнийг шинээр эхлүүлдэг. Шинээр эхлүүлэхдээ эхний нэг жил судалгаа хийж, өнөөх л танилцах яриа хэлэлцлүүд болдог. Дөнгөж салбарынхаа асуудлыг таньж мэдээд байтал ахиад солигддог. Тэгэхээр муу ч сайн ч төр нь ч гэсэн тогтвортой л байж, бодлого шийдвэр нь залгамж чанартай байх ёстой.

Тэгэж байж бид асуудлаа дэс дараатайгаар шийдэх, шийдүүлэх боломж бололцоо нь бүрдэнэ шүү дээ. Хүмүүс шүүмжилдэг, хэлэлцэж ойлголцдог орон зай бүр илүү хэрэгтэй. Асуудлыг ярилцаж байж л ойлголцолд хүрэхээс биш гаднын сайн жишээг хуулаад тавьчихаж бас болохгүй. Бүх алдаа оноогоо яриад дундын хувилбараа олж байж урагшилна. Төр нь тогтвортой хувийн хэвшил нь зөв, эвлэлдэн нэгддэг байх гэсэн том зураг руугаа бүгд анхаарах юм бол бусад жижиг асуудлууд аяндаа шийдэгдэнэ.

Цар тахлын үед төрөөс авч хэрэгжүүлж буй хөл хорио, зарим хязгаарлалт бизнест төр хэтэрхий оролцож хязгаарлавал юунд хүргэдэг вэ гэдгийг ойлгууллаа. Цаашид хэрхэх ёстой вэ?

- Өнөөдөр би нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Яг албан ёсоор цалин авч тогтвортой ажиллаж байгаа 3 хүний нэг нь төрд ажиллаж байна. Малчдыг хасвал түүнээс ч том тоо гарах байх. Эндээс бид ямар нийгмийг байгуулах гээд байна вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Төр их данхайж, шаардлагагүй маш олон агентлаг, асуудлыг шийдэх гэж олон хууль тогтоомж гаргадаг. Түүний дагуу ямар нэгэн бүтэц бий болгож байна.

Менежментийн онолоор оролцогчид нэмэгдээд байх тусам хоорондын холболтууд асар ихэсдэг. Тэгэхээр л дагаад хүнд суртал, цаг алдах, шийдвэр гардаггүй байдал бий болдог гэхчилэн сөрөг дагавар үүсдэг.

Өнөөдрийн бидний сонгосон ардчилсан, чөлөөт зах зээлийн тогтолцоогоор бол төр цомхон чадварлаг байх ёстой. Төр нийгмийн амьдралын чанарыг сайжруулах асуудлыг аль болох иргэдээр өөрсдөөр нь, хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдүүлэх ёстой гэдэг зарчим үйлчилдэг. Төр байшин барих тусам төрийн зардал тэлээд л байна. Түүн дотор хүн ажиллах болно, ахиад орон тоо тэлдэг. Тэгтэл үр ашгийн асуудлыг хөндөхөд эсрэгээрээ буюу маш хүнд, муу.

Хувийн хэвшлийн 15 орчим сая ам.доллараар ашиглалтад оруулчих эмнэлгийн бүтээн байгуулалт дээр төр 30-40 сая ам.доллар зарцуулж байна. Улсын эмнэлэгт мөнгө гардаггүй гэж бодож болохгүй. Бидний төлж буй ЭМД тэнд зардал болж гарч байгаа. Маш олон хүн ажиллаж байгаа ч нөгөө л хүнд суртал хэвээрээ. Тоног төхөөрөмж сайтай, орчин нь шинэчлэгдсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, хээл хахууль ихтэй гэсэн санал гомдол тасардаггүй.

Ийм хандлага төрөөс, төрийн албанаас арилахгүй байна. Хувийн хэвшлийг дэмжих замаар, санхүүжилтийг нь хөнгөлчих юм бол төрөөс ямар ч зардал гарахгүйгээр төр өөрөө эмнэлгийнхээ асуудлыг шийдчих байсан. Энэ 3 сая иргэн өөрийнхөө төлөө хичээснээр улс орныг хөгжүүлнэ. Түүнээс биш 3 сая иргэн тус бүрт нь яах ийхийг нь нэг бүрчлэн заавал буруу болчихно.

Яагаад социалист, коммунист тогтолцоо нураад ардчилсан үзэл, хувийн эрх чөлөө, хувийн өмчийг дээдлээд байгаа үзэл амжилттай байж, дэмжигддэг вэ гэдэг нь ойлгомжтой. Зөвлөлдөх уулзалтаар ч үүнийгээ бүрэн дүүрэн ойлголцож, Ерөнхий сайд төр хийх шаардлагагүй зүйлсийг хувийн хэвшилдээ өгье гэж ярьсан. Тэр тусмаа хяналт шалгалтыг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх цаг нь болсон.

Би дахиад нэг жишээ хэлье. Аялал жуулчлалын салбарт 20-30 жил ажилласан хүмүүс нь бие биенийгээ бүгд таньдаг. Хэн нь ямар хэм хэмжээтэйгээ мэддэг. Тэд нар дундаасаа аялал жуулчлалын танхим байгуулаад, зэрэглэл тогтоогоод, өөрсдөө хяналт шалгалт хийж, зөвлөгөө өгдөг, боловсон хүчнээ сургадаг болчихвол төр энэ дунд ерөөсөө оролцох шаардлагагүй. Хувийн хэвшил өөрөө л хүсвэл сайжирна. Өөрөө өөрийгөө хянаж шалгадаг орон зай нь мэргэжлийн танхим нь байх ёстой гэсэн санаа тэнд байгаа юм.

Та бид хоёр Хөвсгөл нуурын эрэгт аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бол бие биенээ судлах тухай асуудал юм. Тэгээд би сайн л бол үйлчлүүлэгч очно гэдгийг бүгд ойлгоод эхэлчихлээ. Түүнээс биш Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч, эсвэл Аялал жуулчлалын газрын нөхөр очсоноор, дөрвөн од өгснөөр үйлчлүүлэгчид тэр газрыг сайн байна гээд очдог зах зээлийн тогтолцоо гэж байхгүй.

Энэ бүхнийг цэгцлээд өгвөл төрд байгаа маш олон ачаа, хий урсгал зардлууд алга болно. Харин ч төрийн зардал боловсрол, эрүүл мэндийнхээ салбараа сайжруулахад, шийдэхэд чиглэгдэнэ.

Ковидын дараах “Эдийн засгийн их сэргэлт” гэдэг санаачилгыг МҮХАҮТ-аас дэвшүүлсэн. ААН, иргэдэд татварын өршөөл үзүүлэх замаар тохируулга хийж, ижил гараанаас гарах боломжийг бүрдүүлээч гэсэн асуудлыг хөндөж байсан. Санаачилгаас ямар үр дүн гарсан бэ?

- 2020 оны Нэгдүгээр сарын 27-нд бид анх урд хилээ хааж, Хоёрдугаар сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатар ер нь ямар нөхцөл байдал биднийг хүлээж байна вэ гэдэг талаар МҮХАҮТ дээр бидэнтэй уулзалт хийсэн. Энэ үед бид юуг ч тодорхой хэлж мэдэхгүй байсан. Хамгийн эхэнд бид хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн тухай асуудлыг хөндсөн. Хоёрдугаарт, цар тахал тэлэх юм бол эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл буюу амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл чухал юм байна. Энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц бололцоо хэр байна? Бид өөрсдөө юуг нь үйлдвэрлэж, юуг нь хаанаас авдаг юм бэ, юуг хаашаа экспортлодог юм бэ гэдгийг ярилцсан маш чухал уулзалт болсон л доо.

Эндээс маш түргэн шуурхайгаар маскны түүхий эдийг яаралтай татаж авах, нэмээд татвар гаалийн хөнгөлөлт үзүүлэх, хүнсний гол нэрийн будаа элсэн чихэр, ургамлын тос, улаан буудайн нөөц бүрдүүлэхтэй холбоотой яаралтай дэмжлэг, мөн татвар гаалийн хойшлуулалт чөлөөлөлтүүдийг богино хугацаанд шуурхай хийсэн. Удаа ч үгүй дэлхийн том институциуд цар тахал ямар хугацаанд үргэлжлэх нь вэ, өмнөх цар тахлуудтай харьцуулахад ямар байх бол гэхчилэн өөрсдийн таамаглалаа дэвшүүлж эхэлсэн шүү дээ.

Ковид-19 цар тахал дэлхий даяар тарна гэдгийг хэн ч төсөөлөөгүй. Хамгийн сайн дүгнэлтүүдийг МакКензи интситутийнхэн гаргаж цар тахал 2022 оны нэгдүгээр улирал хүрч байж хэвийн болно гэж байсан.

Тэр үед Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатарт МҮХАҮТ-ын зүгээс “Цар тахал богино хугацааны зүйл биш байна. Төсөв мөнгө гэхчилэн бүх зүйлээ эргэж хараач ээ. Хувийн хэвшлийн бүх үйл ажиллагаагаа хорих чинь буруу юм байна. Бид эрүүл мэнддээ яаж анхаарах юм, буцаад эдийн засгаа хэрхэн анхаарах вэ, энэ хоёрын зөв хослолыг хийгээч” гэсэн саналыг судалгаан дээр үндэслэн тавьж ирсэн. Нийгэм даяар ч янз бүрийн санал шүүмж өрнөсөн. Бид бол гол институциудын тайланг нэгтгээд дэлхийн улсуудын барьж байгаа бодлогыг тусгасан санал хүргүүлсэн. Цаг алдсан ч гэсэн олон асуудлыг нь шийдсэн.

Гэхдээ бид эдийн засгаа үндсэнд нь хаясан. Энэ оны тавдугаар сард Ковидын дараах “Эдийн засгийн их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж, Засгийн газарт саналаа уламжилсан. Энэ санаачилгыг анх Дэлхийн эдийн засгийн форумаас гарсан. Дэлхийн түүхийг судлаад үзэхээр аливаа дайн тулаан, нийтийг хамарсан цар тахал, санхүүгийн том хямралын ард бүх зүйлийг шинээр эхлэх шаардлага үүсдэг юм байна. Макро болон микро түвшинд, тэгээд хувь хүний түвшинд гээд гурван түвшинд great reset гэдгийг бид монголчлохдоо их сэргэлт гэж нэрлэсэн.

Дэлхий даяар хамгийн хатуу хөл хорио тавьсан нь Монгол Улс байсан. Нийт хугацаагаараа төдийгүй тавьсан орон зайгаараа ч тэр. Үүнээс болоод маш олон компани дампуурсан. 10 компанийн тав нь татварын өртэй. Татварын өртэй, нэмээд мөнгөгүй хүн үйл ажиллагаагаа яаж эхлүүлэх вэ? Банкнаас зээл авах гэхээр банк өгөхгүй. ББСБ-аас зээл авахаар эрсдэл нь илүү нэмэгдэнэ. Нэгэнт үүссэн татварын өрийг ААН-үүд төлөх ямар ч чадваргүй болсон. Магадгүй байшин сав, өнөөдрийг хүртэл бий болгосон бүхнээ хураалгана. Тэгэхээр ийм байгууллагуудад боломж олгооч ээ л гэсэн.

Магадгүй ангилаад аль салбарт хэдэн хувийг нь эзлэх вэ гээд бүгдийг нь тооцоод хөнгөлөлт, чөлөөлөлт, өршөөл үзүүлээч гэсэн санал тавьж, бизнесийн орчноо нэг засаад авья гэсэн санаачилга. Дэлхий даяараа гацаанд орсон байсан учир одоо маш том үсрэлт бий болно. Ялангуяа БНХАУ-аас гаралтай үсрэлт бий болно. Үүнийг дагаад бид өөрсдөө зарж болох бүхнээ заръя, хөрөнгө оруулалт татъя, эдийн засгийг маш богино хугацаанд хоёр дахин өсгөе гэдэг үүднээс “Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн.

Өнгөрсөн онд НӨАТ-ын тайлангаар 30-аад мянган компани шууд дампуурна гэж гарсан. Энэ 30 мянган компанийг хохь чинь та нарын асуудал гээд дампууруулах нь төрд ашиггүй. Эндээс ядаж талыг нь хэвийн үйл ажиллагаатай болгочихвол дахиад цаана нь ажлын байр, татвар гээд олон асуудлыг шийднэ шүү дээ. 10 хүнтэй байхад 300 мянга болоод явчихна. 300 мянган хүн ядуурвал төрд л дарамт болно.

“Их сэргэлт” хийх хэрэгтэй гэдэг нь дэлхий даяар явагдаж буй зөвлөмж. Засгийн газрын хурлаар “Их Сэргэлт” санаачилгыг хэлэлцэж байна. Улсын Их Хурлаар ороод дэмжигдэх юм бол бизнес, нийгмийн орчинд үүсээд буй бүх асуудлыг маш богино хугацаанд зөв түншлэлээр шийдэх бүрэн боломжтой.

Эдийн засаг худалдааны яам байгуулах хэрэгтэй гэсэн саналыг та байнга хэлдэг. Засгийн газар ч үүнийг хүлээн зөвшөөрч, тус яамыг байгуулах тухай ярилцах боллоо. Үр дүнг хэрхэн харж болох вэ? 

- Засгийн газрын, бидний нэн тэргүүний зорилго юу вэ гэдгээс Засгийн газрын бүтэц зурагдах ёстой. Манай засгийн газрын зорилго нь юу юм бэ? Үүнийг дэмжих бүтэц нь яамдууд байх ёстой. Бид асар хурднаар экпортыг дэмжих, худалдааг тэлэх, нэмээд гаднын хөрөнгө оруулалтыг татах одоо манайд байгаа уул уурхай болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай.

Нэн тэргүүний зорилгоо биелүүлэхэд нэг хүнд ноогдох ДНБ 8000- 10000 ам.доллар болно. Үүнийг шийдэхгүйгээр засагт байгаа нийгмийн асуудлыг шийдэж яагаад ч чадахгүй. Өнөөдөр өрийн тааз тулсан, дээрээс нь үйл ажиллагаа хүндэрсэн үед зорилго ерөөсөө тэр. Ингэхийн тулд манайд хамгийн эхэнд Худалдаа эдийн засаг хариуцсан яам зайлшгүй байх ёстой юм байна.

Бид гадаад улс орнуудтай худалдааны нөхцөл байдлуудаа ярилцдаг, худалдааг дэмжиж, компани, аж ахуй нэгжүүд нийлж нэгдэж ажилладаг болох ёстой. Үүний тулд худалдааны хуультай болж, Танхимын хуулийг ч шинээр батлах ёстой. Худалдааны яамыг Шадар сайдын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Нөгөө талдаа боловсрол, эрүүл мэнд хариуцсан яамд бий. Тэр орлогоор яаж илүү зөв менежмент хийхдээ анхаарахад л болно. Бүгдийг бүх яам хариуцах гээд байх, эдийн засгийг бүгд хариуцах гэх нь буруу.

Сангийн яамны үүрэг чамлалтай байна гэж үү? 

- Санхүү гэж үг бий, эдийн засаг, стратеги гэж үгнүүд бий. Яагаад энэ болгон адилхан үгээр илэрхийлэгдээгүйн учир нь утга, чиглэл нь өөр гэсэн үг. Санхүүгийн хэлтэс бол бүртгэлийн л хэлтэс. Компанийн орлого орж ирлээ, гарах ёстой төлөвлөгөөний дагуу зардлаа шивнэ, гүйлгээ хийнэ.

Эдийн засаг төлөвлөлт гэдэг яаж энэ орлогыг зөв төлөвлөх вэ, алийг нь зардал болгож хэрхэн нэмж хасахаа төлөвлөдөг. Стратеги нь яаж үүнийг олохоо, хэрхэн ажиллах тактикаа боловсруулдаг, бүгд ялгаатай. Ялгаатай учраас ялгаатай шинжлэх ухаан, ялгаж ч үздэг. Гэтэл үүнийг бүгдийг нь Сангийн яаманд базаж өгөөд төлөвлөлтөө ч хийгээд , стратегиа ч зураад байвал компани лав дампуурна. Улс бас адилхан дампуурах болов уу гэж бодож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой гэж хэлсэн. Тэгвэл бизнес эрхлэгчдийн нүдээр юуг нь олж хараасай гэж хүсч байна вэ? 

- Бидний үйл ажиллагаанд саад болохгүй л байх хэрэгтэй. Бизнес гэдэг чинь ямар нэгэн байдлаар шууд ашиг олохын тулд зохион байгуулагдсан схем шүү дээ. Тэрнийхээ төлөө нөөцүүдийг ашиглах нь байна. Нөөц ашигласныхаа төлөө ямар нэгэн байдлаар татвар төлдөг, баялаг ашигласныхаа төлөө төлсөн татвараар нь улс орон Үндсэн хуульд заасан нийгмийн аюулгүй байдал гэхчилэн олон үүргээ биелүүлдэг. Төр өөрөө ашиг олохын төлөө хийж буй үйлдэл бүрт Засгийн газар ч юмуу төр нь өөрөө саад болоод байж болохгүй л гэдэг асуудал.

Яг ингээд жагсаахаар хэрэгтэй хэрэггүй маш олон саад байна. Түүнийгээ больё гэж байна. Өөрөө өөрийнхөө төлөө ажиллах орон зайг нь үлдээх ёстой. Юуг хийж болохгүй вэ гэдгээ л урд нь заагаад өгчих хэрэгтэй. Татвараа нуун дарагдуулж болохгүй, хүний амь нас эрүүл мэндэд хортой үйл ажиллагаа явуулж болохгүй, бусдыг нь заавал хязгаарлах хэрэггүй.

Жижигхэн цайны газрын эрх өгдөг. Түүний төлөө зөвшөөрөл бичиг өгдөг, түүнийгээ 1-2 жил болоод сунгадаг. Хэзээ ч тэрийгээ зүгээр сунгадаггүй, ямар нэгэн байдлаар ашиг сонирхол ямар нэгэн юм илэрхийлж байж сунгадаг. Энэ олон аж ахуйн нэгж байгууллагууд чинь бүгд очоод хэдэн нөхдүүдийш царай алддаг.

Гаднын өндөр хөгжилтэй улс оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Монголд орж ирэхэд дээж авна гээд дайрдаг. Солонгост үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан гээд тамга дарсан бүтээгдэхүүн биднээс дор байх уу? Тэгсэн хэрнээ Нарантуул дээр аль ч дээжинд явдаггүй ,шалгагддаггүй зүйл зарагдаж л байдаг.

Утгагүй хэрнээ уялдаа холбоогүй, онцын ач холбогдолгүй газарт хэчнээн хүн ажиллаж, тэр бүртээ төрийн зардал болоод сууж байдаг. Тэднийг болиуллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин ч бизнес хийж байгаа хүнд амар. Тоглоом нь чанаргүй бол хүн эргэж авахгүй шүү дээ. Хордуулчихвал өөрөө эрүүгийн хариуцлагаа хүлээх ёстой. Нөгөөтэйгүүр хариуцлагыг хэрэглэгч ч гэсэн үүрэх хэрэгтэй. Дэлгүүрээс авч буй барааныхаа хугацааг нь харчихдаг байх хэрэгтэй.

Тэгэхээр Ерөнхий сайдын санаа, Ерөнхийлөгчийн хэлсэн зүйл нь үүнийгээ л больё, больцгооё. Бие биендээ түвэг болдог, муур хулгана болсон зөрчилтэй иргэд - төр, төр- хувийн хэвшил гэсэн тулаан болж хувираад байна. 1000 гаруй төрлийн зөвшөөрөл байдаг. Хувь хүн, аж ахуйн нэгж ажиллаж амьдрахад хэрэгтэй ийм олон зөвшөөрлийг маш олон төрийн болон ТББ-аас авдаг. Үүнийгээ эрс бууруулж 300 гаруй болгоё. Сунгадаг барьдгаа больё.

Зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руугаа өгөх, алдаа дутагдлаа засахын тулд хуулиуд гарах ёстой болчихоод байна. Бизнесийн орчин, хувийн хэвшилтэй холбоотой 15 хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Зөвлөлдөх хурлаар хувийн хэвшил ч төр засаг ч энэ бүхнийгээ ойлгож хүлээн авч байгаа нь чухал.

Зөвлөлдөж зургаан цаг бие биенээ сонсож суусан хурлыг би санахгүй байна. Одоо эндээс үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна, гарах ч ёстой.

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч - зөвлөлдөх уулзалт 2021

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зөвлөлдөх уулзалтын үеэр нийгэм, эдийн засаг, эрхзүйн шинэчлэлт хийгдэж байгаа гэдгийг онцолсон. Бизнесийн орчинд хамаарах хуулийн төсөл, хэлэлцүүлэгт хувийн хэвшлийнхэн санаагаа тусгаж чадсан уу?

- Бизнес, хувийн хэвшилд хамаарах 15 хуулийн төсөл энэ намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хувийн хэвшлийнхэн хуулийн төсөл, хэлэлцүүлэгт үзэл бодлоо хэлдэг байдал харьцангуй сайжраад л байна. Өмнө нь нэг өдөр тас гээд хууль батлагдчихдаг. Бид хэлэлцүүлэгт ч оролцож ч мэдэхгүй, үгээ хэлж ч мэдэхгүй, саналаа тусгаж чаддаггүй байсан.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэвэл намайг анх ажил авснаас хойш 14 хоногийн дараа Татварын багц хууль шинэчлэгдэж байсан. Үүнээс хойш бид байнга холбогдох салбарынх нь компаниудыг оролцуулаад , мэргэжилтнүүдийг оролцуулаад хэлэлцүүлгийг маш өргөн хүрээнд хийдэг болсон. Нэг бүрчлэн хуулийн үзэл санаан дээр, зүйл заалт дээр тусгадаг болсон.

Хууль гэдэг өөрөө нийтийн хэм хэмжээг тогтоох тухай, нийтийн зөвшилцлийг тусгаж өгч байгаа ойлголт. Тэгэхээр аль нэг талдаа 100 хувь үйлчилдэг хууль гарна гэж байхгүй. Хөдөлмөрийн тухай хууль гэхэд манайд эрлийз орж ирсэн, анхнаасаа социалист нийгмийн үед бүгд төрийн албан хаагч ажилтан байж, тэнд хувийн хэвшил гэж байгаагүй учраас үйлдвэрчин анги гэдэг төртэй тэмцдэг нэг бүтэц юм шигээр батласан хуулийг бид анх удаа өнөөгийнхөө нийгэмд тохируулан засч залрууллаа.

Зуун хувь ажил олгогчийн талд асуудал шийдэгдэнэ гэж байхгүй, хүний эрхийн асуудал хөндөгдөнө. Талуудын эрх ашгийг хангах ёстой, талууд хоорондоо нийлж ярьдаг орон зайг хангах ёстой гэсэн үзэл санаатай хууль болсон. Бид бол удаа дараагийн хэлэлцүүлэг хийсэн, салбарынхнаасаа саналыг нь авсан, тодорхой хэмжээгээр тусгуулж чадсан. Бизнес эрхлэгчид өөрсдийн саналыг шууд тусгахыг хүснэ. Ажилтнаа алдаа гаргахад шууд халдаг сольдог байх гээд үзнэ. Тэгтэл ажилтан нь цаанаа ямар нэгэн байдлаар байрны зээл, хэрэглээний лизинг гэхчилэн ажлаас нь хамааралтай асуудлууд үүссэн байдаг.

Үүнийг шууд ийм харилцаа болгохгүйгээр зөв зохицуулдаг, алдаа гаргавал хариуцлага тооцдог механизмыг нь багтаах ёстой. Хуулийг нарийн уншвал бүх заалт маш сайн туссан. Миний хувьд хуулийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүнийг сайшаамаар байна.

Талуудыг зөв ойлголцоход, маш олон улсын хөдөлмөрийн тухай хуулийг судлах, асуудлыг зөв зангидах дээр цаг зав гаргаж ажилласан. Олон талаасаа оролцож их ч хэлэлцсэн гээд төр-хувийн хэвшлийн зөвшилцлийн зөв жишиг болсон хууль гэж Хөдөлмөрийн хуулийг бид дүгнэж байгаа.

МАН төрийн эрхийг дангаар барьдаг боллоо гэхэд болно. Бүх шатандаа удирдлагыг гартаа авч, өөрсдийнх нь хүлээлт нь ч гэсэн нэг нам дангаар хариуцлагыг үүрч байгаа учраас зоригтойгоор өөрчлөлт, шинэчлэлт хийх гээд байна уу даа. Ийм байдал бизнест эерэг, сөргийн алинаар нөлөөлөх бол?

- Нэг зүйлийг хэлье. Өнөөдөр бид ардчилсан үндсэн хуультай, ардчилсан сонгуулийн тотголцоогоор улс төрийн нам төрийн эрх барьж байгаа. Бидний л сонгосон хамгийн зөв жишиг. Энэ нам үнэхээр ажиллаж чадвал дахиад сонгогдоно. Чадахгүй бол иргэд өөр сонголт хийнэ. Үүнийг хийх эн зэрэгцэхүйц хийж чадах улс төрийн хүчин бас байх ёстой.

Гадна, дотнын судалгаагаар Монголын улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн тогтворгүй байдал, улс орны хөгжлийн хамгийн том саад, тушаа байжээ гэдгийг тодорхой зарлаад байгаа. Нэг нам дотроо ч засаг нь хуваагдчихдаг.

Сая бид шинэ Үндсэн хуулиар үүнийг харьцангуй хязгаарласан. Бизнес эрхлэгчид бид өнөөдөр хуулийн тогтвортой байдлыг л хүсч байна. Өнөөдөр та бүхэн буруу шийдвэрийг иргэд нийтээрээ эсэргүүцээд болиулж чадаж буйг харж байна. Төр иргэдийнхээ үгийг сонсож байна. Харамсалтай нь сонсгодог, үгээ хүргэдэг механизмаа харин олж чадахгүй байх шиг байна.

Ялангуяа хувийн хэвшил тийм байж ирсэн. Нийлээд эвлэлдээд асуудлаа хүргэж чаддаггүй. Буруу бухимдаад байдаг. Байцаагч ирээд дарамтлахаар нь чимээгүй өөрийнхөө ажлыг амжуулах гээд мөнгийг нь өгөөд явуулчихдаг. Нийтээрээ тэмцчихвэл үүнийг алга болгож чадна. Ерөнхийлөгч хэлсэн, хэн авилга нэхээд байна нэр устай нь баримттай нь өг. Тэр хүнд чинь хариуцлага тооцоё гэхээр хэн ч баримт өгөхгүй байж нийтээрээ авилга аваад байна гээд байдаг.

Тэгэхээр хамгийн чухал нь тогтвортой байдал. Дараа нь нөгөө талдаа иргэд, аж ахуйн нэгжүүд асуудлаа тавьж чаддаг, шийдүүлж чаддаг, системээ зөв ойлгох ёстой. Танхим дээр асуудлууд харьцангуй төвлөрдөг болсон. Асуудлаа бид ярьж, эрэмбэ дарааг нь гаргаад саналаа өгч чадаж байна. Түүнийхээ 60-70 хувийг нь шийдүүлээд явж байна. Асуудлаа зөв ойлгуулаад харилцаад хамтраад шийддээд байвал урагшилдаг бол зөв систем, зөв лобби.

Компаниуд, иргэдэд хандаж хэлмээр байна. Манай танхим дээр ч санал гомдол хүлээж авдаг систем бий. Хэн нэгэн ажлыг чинь хийж өгөхгүй авилга нэхээд, ашиг сонирхол яриад байвал бидэнд мэдээлээ ирүүлчих бид түүнийг чинь шийдүүлээд өгье. Улс төрийн тогтвортой байдлыг энэ цаг үед хамгийн чухал гэж харж байна. Хямралын ард дандаа стандарт бус шийдвэрүүд гарсан байдаг.

Цаг хугацааг товчлох, эсвэл царцаах эрс шийдэмгий шийдвэр гардаг. Тэр эрс шийдэмгий шийдвэр нь ардаа маш их улс төр дагуулдаг. Яагаад гэвэл түүнийг бүгд ойлгох боломжгүй. Хүн бүр ижилгүй учраас зөв гэж тооцоолсон юм бол түүнийгээ тууштай хийх ёстой, үүний тулд улс төрийн нэгдмэл байдал гарцаагүй чухал.

2008 оны хямралын эсрэг хуулийг С.Баярын Засгийн газар 2009 онд баталсан. Дагаад Эдийн засгийн өршөөлийн хууль явсан. Үүний дараа бид үсрэнгүй хөгжилд хүрсэн боловч тэр цагаас хойш царцанги байдлаасаа гаралгүй өнөөг хүрсэн. Одоо царцанги байдлаасаа гарах цаг нь ч мөн, хөгжлийн тохироо нь ч бүрдсэн. Гадаад нөхцөл байдал ч хэлж байна, ковид дуусч байна, Дэлхийн эдийн засгийн форумаас ч “Их сэргэлт”-ийг хийцгээх ёстой гэсэн зөвлөмжийг өгч байна. Яг ийм түүхэн цаг үед төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болсон.

Тиймээс олон тохироо нь бүрдсэн энэ цаг үед бид хурдтайгаар шинэ хөгжлийн зам дээр гарах боломж бололцоо нээгдээд байна. Ийм хүнд үеийг улс төрийн нэгдмэл байдлаар давам туулна гэдгийг бүгд ойлгож, иргэд ч сонголтоо хийж МАН-д итгэл үзүүлж сонгосон. Дэлхий даяар даяаршсан үед анх удаа ийм цар тахалтай нүүр туллаа. Дэлхийн II дайны хэмжээнд хүртэл эдийн засаг нь уначихлаа.

Ийм түүхэн цаг хугацааг бид улс төрийн нэгдмэл байдлаараа, төр-хувийн хэвшлийн зөв түншлэлээрээ давж, дэлхийн эдийн засагт бий болох үсрэнгүй хөгжилд нэгдэж, ашиг орлого олж байж эдийн засгаа сэргээж авч чадна. Улмаар улс орныхоо тулгамдсан асуудлуудыг шийднэ.