УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.05.23

Д.Оюунхорол: Боловсрол, соёлын салбарын төсөв дутагдалтай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 2013 оны төсвийн төлөвлөлтийг хуулийн хугацаандаа хэрэгжүүлэх, холбогдох газруудад хүргэх ёстой төсвүүд очиж чадахгүй, хүндрэл үүсч байгаа талаар аймаг орон нутгуудаас саналууд ирж байгаа. Боловсролын болоод соёлын салбарын төсөв маш их дутагдалтай, хүрэлцэхгүй байна.

Дутуу санхүүжилтийг хэзээ олгох вэ? Цалингийн сан дутуу байгаагаас цалин хоцрогдолтой явж байгаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай байгаа бодит урсгал зардлууд олгогдохгүй байгаа талаар гомдол ирж байна.

Тиймд энэ зардлууд, төсвийн төлөвлөлтийг хуулийн дагуу санхүүжилтийг нь олгох боломж байна уу. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн асуултад

Сангийн сайд Ч.Улаан: 2013 оны төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах явцад орон нутагт улсын төсвөөс өгөх ёстой бүх төрлийн шилжүүлгүүдийг бүрэн өгч байгаа. Эхний ээлжинд нийгмийн халамжийн санхүүжилтийг бүрэн олгож байна.

Улсын төсвөөс олгох санхүүжилтийг саадгүй, хугацаанд нь олгоно.

Орон нутгийн өөрийн орлогын биелэлтээс хамааран үйл ажиллагааны зарим санхүүжилт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа. Зарим аймгуудад тодорхой асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хувьд төлөвлөсөн хэмжээнээс доогуур явж байгаа. Улсын төсвөөс олгох санхүүжилтийг саадгүй, хугацаанд нь олгоно гэсэн хариултыг өглөө.