Бусад намуудтай хэлэлцээ хийж дуусаагүй байна
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.05.07

Бусад намуудтай хэлэлцээ хийж дуусаагүй байна

МАН бага хурлаа хийж айсуй сонгуульд хэнийг сойхоо хэдийнэ шийдчихсэн. Харин УИХ-д суудалтай улс төрийн бусад хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэзээ, хэрхэн тодруулах талаар сонирхлоо.

Энэ сарын 9, 10-ны аль нэгэнд нь МАХН Бага чуулганаа хийнэ. Түүнээс өмнө Гүйцэтгэх товчооны хурлаа хуралдуулж, өдрийг нь тодорхой болгоно.

Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох талаар бусад намуудтай хийж буй яриа хэлэлцээ үргэлжилж буй тул товоо яг гаргачихаагүй байна.

Бид Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, Ц.Цолмон, Н.Удвал нарыг нэр дэвшүүлэх бололцоотой гэх албан ёсны шийдвэрийг өмнөх Бага хурлаасаа гаргасан.

Эдгээр хүмүүсийнхээ талаар судалгаа явуулж, Бага чуулганы үеэр санал хураана.Гэхдээ юун түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байдлаар оролцох тухай бодлогоо гаргана. Дараа нь нэр дэвших тухай асуудлаа ярьж, дээрх хүмүүсээс л нэгийг нь сонгоно.