Д.Тэрбишдагва: Ардчилсан монголд хэлмэгдүүлэлт байж болохгүй
“Улс төрийн хэлмэгдүүлэлт-ардчилал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал.
2013.04.12

Д.Тэрбишдагва: Ардчилсан монголд хэлмэгдүүлэлт байж болохгүй

МАХН-ынхан өчигдөр эрдэмтэн судлаачид, хүний эрхийн хуульчдыг урьж “Улс төрийн хэлмэгдүүлэлт-ардчилал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Хуралд оролцогчид болон илтгэл тавьсан хүмүүсийн байр суурийг сонирхлоо.

Д.Тэрбишдагва

/МАХН-ын дэд дарга, УИХ,Засгийн газрын гишүүн/:

-“Улс төрийн хэлмэг­дүүлэлт-ардчилал” сэдэвт эрдэм шинжилгээний хур­лаар хэлмэгдүүлэлтийн тухай эрдэмтэн, судлаач­дын дүгнэлт, судалгааны үндсэнд тодорхойлж, ялан­­гуяа ардчилсан Мон­голд хэлмэгдүүлэлт байж болохгүй, хэлмэгдүүлэлт явагдвал таслан зогсоох, хэлмэгдүүлэлт хаанаас, ямар шалтгаанаар гарч байгааг тогтоох вэ зэрэг асуудлыг ярилцлаа.

Уг нь ардчилал, хэл­мэг­дүүлэлт гэдэг хоёр үг хоорондоо нийцэхгүй. Ардчиллын үед хэлмэг­дүүлэлт байж бо­лох­гүй. Гэтэл улс тө­рийн хэлмэг­дүүлэлт байна гэд­гийг Монголын хүний эр­хийн хуульчид, олон ул­сын хү­ний эрхийн хууль­чид ал­бан ёсоор зарласан шүү дээ. Ардчиллын үед хэл­мэг­дүүлэлт байна гэдэг нь дарангуйлал байна гэсэн үг. Ардчиллын үед хэлмэгдүүлэлт байвал тэр нь ардчилал биш ардчи­лан­­­гуйлал. Өнөөдрийн байдлаар МАХН-ын дар­га, Монгол Улсыг гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­баяртай холбоотой хэлмэг­дүүлэлт тодорхой байгаа. Зөвхөн Н.Энхбаяртай хол­боотой асуудал биш олон хүн хамрагдаж байна. Тий­мээс эрдэмтэн, суд­лаач­дын гаргаж буй тооцоо, судалгаа, цаашид хүний эрхийн байгуул­лага, олон улсын хуульч­дын гаргасан судалгаанд үндэслэн тодорхой тоо баримтыг гаргана.

Олон нийтийг айдас, түгшүүрт автуулсан баривчилгаа­наас хойш нэг жил өнгөр­сөн.

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 600 гаруй цагдаагаар тө­рийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг баривч­луулах үйл ажиллагаа яваг­даж, машиных нь хаал­га, цонхыг эвдэж, харилцан буу шийдэм гар­гасан, халдах гэж оролд­сон хүмүүс толгой дээгүү­рээ юм нөмөрч, зарим нь нүүрэндээ баг зүүсэн нь бид буруу ажиллагаа хий­чих­лээ, нүүрээ харуулах­гүй гэсэн үг шүү дээ. Тэ­гэ­хээр хэлмэгдүүлэлтийг эхлээд нэг хүн дээр хэрхэн хэрэгжив, цааш нь жи­рийн ард иргэд дээр өс хонзонгийн болон гадаад, дотоодын захиалгат хэл­мэг­дүүлэлт янз бүрээр явагдаж байна. Ардчилсан Монголд хэлмэгдүүлэлт байж болохгүй.

С.Нарангэрэл /гавьяат хуульч, академич/:

Баривчилгаа нийгмийн сэтгэл зүйг шүүх хуралд бэлдсэн дур мэдсэн үйл ажиллагаа

-Одоогоос жилийн өм­нөх баривчилгаа хүний эр­хийг хэрхэн зөрчсөн та­лаар баримт хэлэхгүй юу?

Н.Энхбаяр даргыг 400 гаруй цагдаа цэргийн хүчээр сүр дуулиантай баривчилсан.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилсээр шийт­гэсэн үйл явцад Мон­гол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын хэм хэмжээг ноц­той зөрчсөн болохыг олон баримтаар баталж болно. Энэ арга хэмжээг зохион байгуулсан ажилтан, ал­бан тушаалтнууд “шан харамжаа” авсан гэдэг нь өнөөдөр хэний ч нүдэнд ил байна. Ё.Сагсай нийслэлийн нэгэн дүүргийн Ерөнхий прокурор, О.Мөнх­баатар Төв айм­гийн Ерөнхий прокурорын орлогч болсон. Анхан шат­ны шүүхийн тогтоолыг тэр чигээр нь баталж “гавьяа байгуулсан” нийслэлийн давж заалдах шүүхийн шүүгчид эхнээсээ албан тушаалаа авч байна. Өнөөдөр л гэхэд Х.Эрдэнэ­сувдыг Улсын дээд шүү­хийн шүүгчээр томилсон шийдвэрийг УИХ гаргаж байгаа. Энэ жагсаалт дуу­сах болоогүй, үргэлжилнэ. Энэ бүхэн Монгол Улсад шүүхийн хараат бус байх зарчим бүрэн алдагдсаныг харуулж байна.

Н.Энхбаяр даргыг 400 гаруй цагдаа цэргийн хүчээр сүр дуулиантай баривчилсан. Энэ нь олон улсын эрх зүйн үүднээс авч үзвэл дур мэдэн баривчилах үйл ажиллагаа болсон гэж үзэж болохоор байна.

1. Хүч илэрхий хэтрүү­лэн, хагас цэрэгжсэн бүл­гээр гүйцэтгэсэн барив­чилгааг олон улсад ингэж үздэг. Нэг хүнийг ийм их хүч хэрэглэснийг ингэж үзэхээс өөр ямар ч арга байхгүй.

2. Үзэл бодлоо илэр­хийлс­ний төлөө баривчил­сан. Яагаад гэвэл тухайн баривчилгааны өмнөх өдөр тэрээр олон нийтийн эмх замбараагүй байдлын тухай тэр үеийн эрх баригчдын баримталж байсан байр суурины талаар мэдээлэл хийсэн.

3. Олон улсын турш­лагад таамаглах аргагүй нөхцлийг агуулсан өргөн хүрээтэй баривчилгааг дур мэдэн баривчилгаа гэж үздэг. Нийгмийн уур амьс­галыг шүүх хуралд бэлт­гэхээр зохион байгуулсан баривчилгаа болсон гэж үзэж байна.

4. Шүүхийн өмнөх ша­танд байгаа хүнийг заавал цагдан хорих шаардлага­гүй гэж заасан байгаа. Тэгээд ч Н.Энхбаяр нь өөрийнхөө болон гэр бү­лийнхээ эсрэг мэдүүлэг гаргах гэдгээ хууль са­хиулах байгууллагад албан ёсоор бичгээр өгсөн байдаг.

Хэрвээ Н.Энхбаяр шу­дар­га үнэн, хууль ёсны эрхийнхээ төлөө өөрийн амь насаа дэнчин тавьж өлсгөлөн зарлаагүй бол, өргөсөн тангарагтаа үнэнч эмч нар, түүнийг сайхан сэтгэлт монголчууд түү­ний төлөө тэмцээгүй бол шүүх хурлыг хаалттай явуулж, шоронд маш урт хуга­цаагаар илгээх байсан.

Д.Хоролдамба /Цагаатгалын комисс, Улс төрийн талаар хэлмэгдүүлэлтийн судалгааны төвийн захирал/:

Төрийн террорын төлөө уучлал гуйгаагүй цагт ардчилал, шинэчлэл гэж ярих утгагүй

-Монгол дахь хэлмэг­дүүлэлтийг та хэрхэн тодор­хойлж байна?

-Цөөхөн монголчууд бид Манжийн дарлалын үеэс л хэлмэгдэж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч ирсэн. Өнөөдөр ч энэ бү­хэн үргэлжилсээр байгаа нь харамсалтай. Хэлмэг­дүүлэлт дахин гаргахгүй байхын тулд бид олон түм­нийг энэ тухай мэдээлэл­тэй байлгах нь юу юунаас илүү хэрэгтэй.

Монголын түүхэнд хар мөр үлдээсэн 30-аад оны хэлмэгдүүлэлтийн үед сэжигтнийг худал үнэн ч гэсэн хавтаст хэрэг үүсгэн барьж, байцааж байсан. Гэтэл 2008 оны долдугаар сарын 01-ний хэлмэгдүү­лэл­тийн үед Монгол төр хотонд орсон чоно адил авирлаж, ард түмнээ хөөн буудсаныг түмэн үед жиг­шинэ. Энэ талаараа шинэ цагийн хэлмэгдүүлэлт 1930-аад оноос улс төрийн талаараа давсан яргалал болсон. Үүнийг би “төрийн терор” гэж нэрлэмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг цэрэг цагдаагийн хүчээр хүч түрэн барив­чилсан нь ард түмнийг айлган сүрдүүлэх, хоёр нам хуйвалдан эх орны баялагийг гадаадынханд найр тавин өгөхийн тулд хийсэн хэлмэгдүүлэлт юм. Төр ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Ингэж чадах­гүй бол ардчилсан төр, шинэчлэлийн Засгийн газар гэж ярих нь утгагүй зүйл болно.

Г.Жамьян /Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч/:

Хүний эрхийн тайлан мэдээ хуурамч байна

-Хэлмэгдүүлэлт, хүний эрхийг зөрчсөн үйл явд­луудын талаар та ямар бодолтой байна?

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний өдөр юу болов. Тэр олон залуусыг яаж хэлмэг­дүүлэв.

-Монгол Улс төрийн хэлмэгдүүлэлтэд асар их өртсөн ард түмэн. Хувьс­галын жилүүдийг ярихаа больё. Хамгийн сүүлийн жишээг л татья. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний өдөр юу болов. Тэр олон залуусыг яаж хэлмэг­дүүлэв. Тэр хэлмэгдүү­лэлтийг удирдсан хүн нь гадаад гараад оргоод явчихаж байна. Хүнийг шоронд дөрвөн мөчийг нь хүлж байгаад түлдэг, шардаг боллоо. Энэ бүхэн үнэхээр газар авлаа. Өнөөдрийн хуралд хүний эрхийг олон талаас нь хэлэлцэж байгаад баяр­лаж байна. Би Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон хүний эрхийн байгууллагын гишүүн. Өөрөө ч олон жил эрхээ хасуулж явсан хүн. Өнөө­дөр ч ялгаа алга. Ард­чилсан нэр алдрыг зүүж байгаа атлаа хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа улс орон өөр хаана ч байхгүй байна. Хүний эрхийг сайн хангаж бай­гаа тухай нэг л сайхан үр дүнтэй тайлан НҮБ мэ­тийн олон улсын байгуул­лагуудад гаргаж өгдөг. Яг амьдрал дээр байдал эс­рэгээрээ, худал хуурмаг, шударга биш байна.

Т.Баасансүрэн /Соёлын гавьяат зүтгэлтэн/:

Хэлмэгдүүлэлтэй эвлэрч болохгүй

-Хэлмэгдүүлэлттэй тэмцэх талаар та юу хэлэх вэ?

-Хэлмэгдүүлэлт өнөө­дөр ч байна гэдгийг олон зүйлээр нотолж болно. Монгол Улсын Ерөнхий­лөгч асан Н.Энхбаярыг баривчилж хорьж байгаа нь хэлмэгдүүлэлт байгааг тод харуулж байна. Хам­гийн сүүлийн жишээ л гэхэд Монгол Улсын Ерөн­­хийлөгч Ц.Элбэг­дорж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө буцаагаад татчихлаа. Энэ хуулиар мэдэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөг илүү дээд төв­шинд гаргаж ирэх байсан. Хэвлэл мэдээлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ингэж хавчиж байгаа нь хэлмэгдүүлэлт цаашид ч байсаар байхын нэг илрэл гэж хэлнэ. Бид энэ бүхэнтэй эвлэрч, зөөлөн дуугарч, хүлээзнэж болом­гүй байна.