Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Энхбаярыг ялаас чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж, гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлж, үлдсэн ялаас нь чөлөөлөв.
Уг зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн хоёр, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр, би хэрэг хийгээгүй учраас уучлал хүсэхгүй. Харин намайг цагаатгах ёстой гэж байсан.
Мөн эрүүл мэндийн улмаас ялаас чөлөөлүүлэх асуудлыг нь шүүхээр хэлэлцэж шийдвэрлэнэ гэж байсан ч Ерөнхийлөгч ийнхүү гэнэтийн шийдвэр гарган, түүнд уучлал үзүүлсэн байна.