О.Баасанхүү: БНСУ улс төрийн орогнол хүсэхийг хуулиар хориглосон байдаг
2014.10.06

О.Баасанхүү: БНСУ улс төрийн орогнол хүсэхийг хуулиар хориглосон байдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр БНСУ-ын харьяат болж буй талаар мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг татаж байна. Тэгвэл энэ талаар МАХН-аас байр сууриа илэрхийллээ.

Дөнгөж сая МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Шадар сайд Д.Тэрбишдагва хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

О.Баасанхүү гишүүн "Улс орны чухал асуудал хэлэлцэх гэж байгаа үед зориуд анхаарлыг нь сарниулах гэсэн бусармаг байдлаар МАХН-ын даргын нэр хүндрүү дайрсан мэдээлэлд няцаалт хиймээр байна.

Анх МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүнд эрүүгийн хэрэг үүсгэхдээ н.Сэргэлэн гэж хүнийг эрүүгийн гэмт хэрэгт байхад нь буюу онц хүнд гэмт хэрэгт яллагдаж байх үед нь өргөдөл бичүүлээд тэр хүнийг ялаас чөлөөлсөн.

Үүний дараагаар МАХН-ын байрны асуудал гарч ирсэн. МАХН-ын байр буюу 146 саяаар хувьчлагдсан байрыг 300 саяаар зараад, 300 сая төгрөгний байрыг 500 саяаар манай МАХН авсан. Өөрөөр хэлбэл, үүнд залилангийн ямар нэг асуудал байхгүй байгаа юм.

Дээрээс нь МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс хэзээ ч тийм зүйл хийхгүй. Хийх шалтгаан, үндэслэл аль аль нь байхгүй.

Гэтэл бидэнд зарсан гадаадын иргэдийн компани нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл бидэнд ирсэн. Хэрэв харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг бол заавал хууль хүчний байгууллагаас хууль ёсны зөвшөөрөл авах ёстой гэж би ойлгож байгаа. Бүр тодруулбал, тагнуулын байгууллагатай нэлээн ойрхон ажилладаг гэж ойлгож байна. Тэр утгаараа өнөөдөр ямар нэг барьцаанд оруулан тэднийг шахаанд оруулсан гэж үзэж байгаа.

Гэтэл БНСУ-ын өдөр тутмын сонинд гарсан мэдээг телевиз нь ишлээд гаргаж байгаад бид эгдүүцэн, гайхаж байна. Миний ойлгож байгаагаар БНСУ  гадаадын улс төрийн орогнол хүсэх асуудлыг хуулиараа хориглосон байдаг.Одоогийн гараад байгаа мэдээллийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь “бор шувуу”  нисч байсан учраас бид нар хоосон, дэмий худлаа мэдээллийн араас хөөцөлдөж хэрэггүй гэдэг утгаараа хүлээж байсан. 

 Дээрээс нь МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс хэзээ ч тийм зүйл хийхгүй. Хийх шалтгаан, үндэслэл аль аль нь байхгүй. Цаашид иймэрхүү мэдээлэл гаргахгүй байгаасай гэж хэвлэл мэдээллийнхнээс хүсч байна. Учир нь энэ бохир мөнгөөр улс төр хийх зорилгоор гадны улсын зарим иргэдийг мэдээллээр хангаж хийсэн болов уу гэж үзэж байгаа учир Элчин сайдын яамнаас энэ асуудлаар тодруулга хүсч байгаа юм. Цаашлаад хэний захиалгаар хийснийг гаргаж тавихыг шаардаж байгаа. Мэдээж энэ бол худлаа гэдэг нь тодорхой. Цаашдаа нэр төрөө сэргээлгэхээр зохих байгууллагуудад хандана" гэв.