УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.08.02

О.Баасанхүү: Бид хэзээ ч уучлал гуйж царай алдахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гарган хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүллээ. Ерөнхийлөгч уучлал үзүүлж, ялаас чөлөөлөх тухай зарлиг гаргасны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү Клиникийн II нэгдсэн эмнэлэгт ирж, Н.Энхбаяртай уулзсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс даргынх нь ялаас чөлөөлсөн эсэхийг асуухад “Өнөөдөр Ерөнхийлөгчийн зүгээс намын даргад уучлал үзүүллээ. Гэхдээ энэ бол баярламаар юм шиг боловч нөгөө талаасаа гунигтай гэж хэлж болно.

Ерөнхийлөгчийн зүгээс эрүүл мэндийг нь бодоод уучлал үзүүлсэн байх гэж бодож байна.

Учир нь Шүүх шинжилгээний үндэсний төвөөс 20 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй багаас гарсан дүгнэлтэд хоёрдмол утгатай хариу өгсөн.

Энэ хариунаас болж прокурорын байгууллага эмч нарын дүгнэлтийг хүлээж аваагүй. Одоогоор прокурорын байгууллагаас 12 эмчээс мэдүүлэг аваад байгаа.

Үлдсэн найман эмчээс нь ирэх долоо хоногт мэдээлэл авна. Энэ хооронд хүний амь нас эрүүл мэнд яригдаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс эрүүл мэндийг нь бодоод уучлал үзүүлсэн байх гэж бодож байна. Бид хэзээ ч уучлал гуйж царай алдахгүй гэсэн байр суурьтай байгаа» гэв.