Нийгэмд бодит мэдээлэл өгөх хэрэгтэй
МАХН-ын дарга Н.Энхбаярын болон хамаатнуудынх нь гэрт Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж, тусгай ажиллагаа явуулсан.
Энэ үеэр Авлигатай тэмцэх газраас О.Цолмонгийн дүү О.Мичидийг 115 ширхэг музейн үзмэрийг хил давуулсан хэрэгт сэжиглэн баривчилж түр хугацаагаар саатуулсан байна.
Нэгжлэгийн үеэр Н.Энхбаярын гэрийг цагдаагийн хамгаалалтад авч, МАХН-ын гишүүд, дэмжигчид жагсаал хийн, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж эсэргүүцсэн.
Энэхүү гэнэтийн тусгай ажиллагааны талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Шийлэгдамбаас тодрууллаа.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: Бид энэ үйл ажиллагааг хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж найдаж байна. Гагцхүү хувь хүмүүсийнх нь хувьд сэтгэл зовниж байгаа. Тухайлбал Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдал маш муу байгаа талаар эрүүл мэндийн байгууллага мэдээлэл хийж, олон нийтэд мэдэгдсэн.
Энэ үйл ажиллагааг хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж найдаж байна
Нөгөөтэйгүүр 80 гаруй настай хоёр хөгшиний эрүүл мэндэд санаа зовж байна. Яагаад энэ үйл ажиллагаа явагдсан талаар хууль хяналтын байгууллага гээд албаны эх сурвалжаас тодруулж байж мэдээллийг гаргахгүй бол иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн, бодит бус мэдээлэл явах нь нийгэмд хэрэгтэй зүйл гэж үзэхгүй байна гэлээ.
Авлигатай тэмцэх газраас явуулсан энэ ажиллагааг АНУ-д эмчилгээ хийлгэж байгаад ирсэн гэх НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн өгсөн мэдүүлгээс үүдэлтэй гэж тайлбарлах хүн олон байна.