Г.Шийлэгдамба: МИАТ-тэй холбоотой хэргийг Н.Энхбаярт холбогдуулж байгаа нь гүтгэлэг
Өнөөдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэл хийлээ. Тэрбээр МИАТ-тэй холбоотой асуудлыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарлаж, түүнийг оролцоотой мэтээр мэдээлж байгаа нь гүтгэлэг хэмээн ярилаа. Ер нь Н.Энхбаярын шат шатны шүүх хурлын өмнө заавал нэг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж, олон нийт, ард түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэхийг хийчээдэг нь бичигдээгүй хууль болоод байгаа. Энэ удаад ч мөн Н.Энхбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргаад байгаа бөгөөд энэ үед МИАТ-ийн хэрэгт Н.Энхбаяр холбоотой мэтээр мэдээлж байгаа нь цаанаа зорилготой хэмээн үзлээ.
Энэ талаар Г.Шийлэгдамба “Номхон тэмээг ноолоход амар гэгчээр ямар нэгэн дуулиантай хэрэг гарахад заавал Н.Энхбаяр даргыг холбон, оролцоотой мэтээр мэдээлдэг. Шат шатны шүүхийн өмнөхөн заавал худал мэдээлэл гаргаж гүтгэдэг учир МИАТ-ийн хэргийг ч мөн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан энэ үед Н.Энхбаяртай холбож байна. Шүүх тэр хүнийг холбоотой гэж зарлаагүй байхад ийнхүү мэдээлж байгаа нь цэвэр гүтгэлэг юм” хэмээн ярьсан юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын талаар сөрөг мэдээлэл гарч, түүнийг сайдын суудлаас нь эргүүлэн татах гэж байгаа талаар ч мөн Г.Шийлэгдамба мэдээлэл өглөө. Тэрбээр “МАХН-ынхан Засгийн газарт байгаа гишүүдийнхээ үйл ажиллагаа, санал санаачилга, хийж буй ажлыг нь олон нийтэд зөвөөр ойлгуулах үүрэгтэй. Урьд нь Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах гэж байгаа гэсэн мэдээллийг тарааж байсан. Энэ цаанаа зорилготой худал мэдээлэл байсан учир тэгс гээд замхарсан. Харин одоо Н.Удвал сайдыг мөн буруу ташаагаар мэдээлж байна. Үүнд намын зүгээс анхаарал хандуулах ёстой” гэсэн юм.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын дараагийн мэдээлэл бол 2013 оныг МАХН “Намыг бэхжүүлэх жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан олон ажил зохион байгуулж байгаа талаар байлаа. МАХН энэ жил орон нутаг болон нийслэлд ард түмэндээ хандсан, мөрийн хөтөлбөртэй холбоотой олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учир үүнтэй холбоотой ажил, үйл ажиллагаанууд хийгдэнэ хэмээн ярилаа.