АНУ-ын нислэг нь Монгол Улс дэлхийтэй харилцах шинэ гарц төдийгүй салбар бүрт шинэ боломжийг нээх болно
2025.05.05

АНУ-ын нислэг нь Монгол Улс дэлхийтэй харилцах шинэ гарц төдийгүй салбар бүрт шинэ боломжийг нээх болно

Монгол Улсын Засгийн газраас агаарын харилцааг либералчлах бодлого баримтлаж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар бид сүүлийн хоёр жилд 11 улстай шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан.

2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу өнөөдөр Монгол Улсын гуравдагч хөрш Америкийн Нэгдсэн Улсын “Юнайтэд Эйрлайнс” агаарын тээвэрлэгч Улаанбатар чиглэлд анхны нислэгээ эхлүүлж байгаад баяртай байна. Америкийн Нэгдсэн Улсын иргэд, жуулчид төдийгүй Монгол Улсаас АНУ-д сурч, амьдарч байгаа манай иргэдийг хоёр орны хооронд дэлхийн топ агаарын тээвэрлэгчийн нислэгээр түргэн шуурхай, тав тухтай зорчих боломж нээгдэж, холын Америк бидэнд ойртлоо.

Энэхүү нислэг нь Монгол Улс дэлхийтэй харилцах шинэ гарц төдийгүй агаарын харилцааг өргөжүүлэх, олон улсын тээвэр логистикийн сүлжээнд идэвхтэй, нөлөө бүхий оролцогч болохоор хийж буй ахиц дэвшлийн илэрхийлэл юм. Шинэ чиглэл нээгдсэнээр худалдаа, аялал жуулчлал, боловсрол, хөрөнгө оруулалт зэрэг манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд онцгой чухал салбаруудад шинэ боломж, шинэ гарц нээнэ гэдэгт итгэж байна.